Завхан нутгийн гаралтай сэтгүүлчид авто замын бүтээн байгуулалтын талаар мэдэгдэл хийлээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Увс аймгийн Улаангом чиглэлийн 167 км авто замын ажил саяхан эхлэсэн. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол ЛЗ зам гүүр” компани 660 сая юаны өртгөөр, хоёр жилийн дотор концессийн гэрээгээр барьж гүйцэтгэхээр Засгийн газартай гэрээ байгуулжээ. Энэ зам нь ашиглалтад орсноор Завхан аймгийн хойд талын сумд, Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдох юм. Замын зүүн хэсгийг барьж эхлээд байгаа аж. Харин энэ нь зураг төслөөр хоёр зэрэгцээ зам нэг чиглэл рүү явах болоод байгаа юм. Үүнийг сэтгүүлчид зураг төсөл, санхүү, инженерүүдийн тооцоотой судалж, хөрөнгө хэмнэн өөр чиглэлээр явуулж 5.7-10 тэрбум төгрөг хэмнэж болохыг судалжээ. Хэрэв концессийн гэрээг өөрчлөх боломжгүй, төсөв мөнгийг танаж болохгүй бол хэмнэсэн мөнгөөрөө Түдэвтэй сумыг дайруулан хатуу хучилттай зав тавьж болохыг судалгаагаар гаргасан байна. Тэд Түдэвтэй сумын 227 оршин суугчийн дунд судалгаа хийж сумын төвөөр төв замыг тавих санал асуулга явуулжээ. Судалгаанд оролцсон нийт хүмүүсийн ес нь зөвшөөрөхгүй гэсэн бол 218 нь зөвшөөрч энэхүү зураг төслөө гаргасан аж. Энэ тухай сэтгүүлч М.Амарбаяр ярихдаа “Дөрвөн замын уулзвараас эхлээд Улаангом орох зам нь Улиастай орох зам зэрэгцээд 20 гаруй км-ын хоёр зэрэгцээ зам нь Хүрэн тал гэдэг газрын дээгүүр тавигдсан. Ингэж зэрэгцүүлж тавихын оронд Улиастай замыг үргэлжлүүлэн тавибал 10-аад км-ийг шинээр тавина. 25 км зам тавихын оронд 10-аад км гэдэг нь доод тал нь 5.7 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо гаргасан. Гэхдээ энэ тоо нэмэгдэнэ гэсэн судалгааг замын инженерүүд хийгээд байгаа” гэв.
Тиймээс хайхрамжгүй байдлаар улсын хөрөнгийг үрэн таран хийхгүй байхыг Завханы сэтгүүлчид анхааруулж байна. Үүнээс хэмнэсэн 10 км замыг Түдэвтэй, Нөмрөг, Сонгино зэрэг сумын төвд хатуу хучилттай зам, тохижилтын ажилт хийх байдлаар үр ашигтай оновчтой зарцуулахыг хүслээ.
С.ОТГОНБАЯР