Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг балетын олон улсын анхдугаар уралдааныг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Балетын олон улсын анхдугаар наадмын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болон нэгдсэн тоглолт энэ сарын 1-ний үдэш ДБЭТ-т болсон юм. Энэхүү уралдаанд Монгол, ОХУ, БНСУ, БНХАУ, Япон, Сингапур гэсэн зургаан орноос нийт 80 балетчин ур чадвар сорьсноос 19-29 насны ангилалд УДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужин шилдгээр шалгарч гран при шагнал хүртэв.
Монголын Балетын олон улсын анхдугаар уралдааныг шүүхээр долоон орноос 11 шүүгч хүрэлцэн ирсэн.
БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн үзэгчид, уралдаанд оролцогчид, шүүгчдэд хандаж үг хэлэхдээ “Манай Алтанхуяг шүүгчдийн талаар албан ёсны болоод даруухнаар танилцуулж байна. Энд та бүхний өмнө долоон орноос хүрэлцэн ирсэн 11 шүүгч сууж байна. Энэ хүмүүс бүгд үндэстнийхээ балетын урлагийн одод, онцгой байр суурьтай хүмүүс. Тухайлбал, Казахстанаас ирсэн шүүгч Турсинбек Нуркалиев бол тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын соёлын бодлогын зөвлөх, “Астана балет”-ыг үүсгэн байгуулагч, өдгөө уран сайхны удирдагч нь юм. Япон улсад нэр хүндтэй “Токио Комаки балет”-ын үүсгэн байгуулагч Со Кикүчи, БНХАУ-ын балетын од Шин Лили, ХБНГУ-ыг төлөөлж ирсэн, Оросын балетын Пермийн дэг сургуулийн төлөөлөл Надя Саидакова нарыг дурдахад л шүүгчдийн чансаа харагдана. Манай улсад анх удаа болж буй олон улсын уралдааныг шүүхийг зөвшөөрч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Цаашид таван тивийн олон орноос Монголын балетын урлагт хүндэтгэл үзүүлж уран бүтээлчид олноор ирж оролцоосой гэсэн ерөөл тавья” хэмээсэн юм.
Шүүгчдийн төлөөлөл, БНСУ-ын Балетын сангийн тэргүүн Пак Жэ Кён “Монголын Балетын олон улсын уралдаан цаашид дэлхийн хэмжээний хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болоосой гэж ерөөе. Оролцогчдод хандаж хэлэхэд ялсан ч, ялагдсан ч энэ тэмцээн та бүхний их урлагт хөлөө зөв тавихад түлхэц болсон алхам байх болно. Мөн энэ тайзан дээрээс Монголын балетад үүрд дурсагдах хоёр хүний нэрийг хэлэхийг хүсэж байна. Тэр хүмүүс бол танай улсад балетын урлагийг үүсгэн хөгжүүлэгч Б.Жамъяндагва болон Монголыг олон улсын уралдаантай болгож буй санаачлагч, зохион байгуулагч Д.Алтанхуяг нар юм. Энэ хоёр хүнийг би Монголын балетын баатрууд гэж бодож, хүндэтгэж явах болно. Монголын Балетын олон улсын хоёрдугаар уралдааныг зохион байгуулахад бүхий л хүчин чадлаа дайчлан оролцохоо амлаж байна” гэв.