Монгол Улсын заан Ц.Магалжавтай ярилцлаа.
-Маргалдагч хоёр тал үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн сард “Эвлэрлийн комисс” байгуулж хуралдсан. Энэ хурлаар ямар асуудал хэлэлцсэн бэ. Шийдэлд хүрч чадаагүй юм уу?
-МҮБХ-д үүссэн асуудлын улмаас талууд хоорондоо удаа дараа уулзаж ярилцсан. Тэгээд дөрөвдүгээр сарын 21-нд дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, улсын начин Ц.Дуламсүрэн бид уулзаж зөвшилцөөд санал нэгдэж эвлэрлийн комисс байгуулсан юм. Энэ комиссын үүрэг нь МҮБХ-д үүссэн маргааныг цэгцэлнэ гэж үзсэн. Иймд энэ комиссын таван гишүүн бүх “аймгуудын төлөөлөлтэй дөрөвдүгээр сарын 27-нд уулзаж хэрхэх талаар шийдвэр гаргах, “Их Эе”-ээ хийх тухай шийдвэрлэсэн. 21 аймгийн төлөөлөл сонгохдоо дээрх аварга, арслан, начин ах нар мөн Л.Чинбат захирал 10 аймгаас оролцох бөхчүүдийг, Б.Сайнбаяр бид хоёр үлдсэн есөн аймгаас орох төлөөлөгчдийн нэрийг оруулсан. Дархан, Эрдэнэтийг одоогоор цолтой бөхгүй байгаа юм гээд талууд түр орхисон. Х.Баянмөнх аварга бид хоёр календарь харж байгаад амжвал сайн өдөр юм байна гээд 2018 оны тавдугаар сарын 5-ны өдөр “Их Эе”-ээ хийе гээд комиссын гишүүд гарын үсэг зураад тарцгаасан. Мөн энэ комиссын хурлыг хоёр талаасаа видео ба аудио бичлэг хийж баталгаажуулсан.
Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр нэр заагдсан 19 аймгийн төлөөллөөс Өмнөговь, Дорноговийн төлөөлөл ирээгүй. 17 аймгийн голлох том цолтой бөхчүүд, залуучууд ба эвлэрэл гэх комиссын гишүүдийн дөрөв нь болох Х.Баянмөнх аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан, Б.Сайнбаяр заан бид нар ирсэн. Ц.Дуламсүрэн начин ажилтай байгаад ирж амжаагүй, 21 хүн хуралдсан. Гол асуудал нь Их Эе хурлаа хуулийн дагуу ямар субьект нь зарлах вэ гэдэг асуудал байсан. Энэ нь өмнөх алдаануудыг харж болгоомжилсон зүйл. “Их Эе” хурлаа хийдэг, гэтэл дараа нь хэн нэг нь шүүхийн байгууллагаар асуудал үүсгэхээр их ажил болж хийсэн “Их Эе” маань шүүхээр хүчингүй болдог асуудал 2002 оноос хойш үргэлжилсэн гашуун туршлага бидний өмнө байгаа. Тэгээд энэ асуудлыг хэлэлцээд дөрөвдүгээр сарын 21-ний хурал дээр Баянаа багш 2002 оны “Их Эе” үнэн, тэндээс сонгогдсон Цэцдийн зөвлөл үнэн түүнээс хойших бүх хурлууд маргаантай байна гэдэг үндэслэлийг ярилцаж Бөхийн холбооны 16 жилийн энэ их маргааны өмнөх буюу 2002 оны Цэцдийн зөвлөлөөр одоо болох “Их Эе” хурлаа зарлуулах нь холбооны дүрмийн дагуу зүйл байна гэдэг асуудлаар санал хураалгаж шийдвэрлэсэн. Хуралд оролцогсдын 18 нь 2002 оны Цэцдийн зөвлөлийг нэн яаралтай тавдугаар сарын 3-ны өдөр хуралдуулж “Их Эе”-ийн товыг тогтоолгоё гэж шийдвэрлэсэн. Санал хураалт болоход Д.Мөнх-Эрдэнэ арслан “Машинаас юм авъя” гэж гараад эргэж орж ирээгүй. Х.Баянмөнх аварга, Б.Гантогтох гарьд нар санал хураалтаас татгалзаагүй, харин түдгэлзэж байна гэдгээ хэлсэн. Тавдугаар сарын 3-ны өдөр 2002 оны Цэцдийн зөвлөлийн гишүүдээ урьж хурал хийсэн. Энэ хурал дээр 2002 оны Цэцдийн зөвлөлийн гишүүн Ж.Ганболд заан идэвхтэй оролцож өөрөө даргалж явуулах, эвлэрлийн комиссын таван гишүүн дээр талууд тус бүр найман хүн нэмж оруулаад нийт 21 гишүүнтэй комисс байгуулъя гэсэн санал гаргахад нь бүгд дэмжсэн. Ингээд “Их Эе”-ийг тавдугаар сарын 18-нд хуралдуулахаар тохирсон
-Тавдугаар сарын 18-нд “Их Эе” хуралдаагүй шүү дээ. Шалтгаан нь юу вэ?
-Л.Чинбат тэргүүтэй хүмүүс “Улсын заан Ж.Ганболд биднийг төлөөлөхгүй тул энэ хуралд оролцох боломжгүй” гэж хэлсэн. Энэ товлогдсон “Их Эе” хуралдах боломжгүй болж байгаа талаар Ж.Ганболд заантай уулзахад “Би Р.Нямдорж гуай, Д.Данзан гуайтай үзэл бодол таардаггүй байсан. Тэд явчихсан юм чинь одоо би хэнтэй зөрчилдөх вэ дэ. Дүү нар, хүүхэд шигээ хүмүүстэй юуны талаар ч маргах билээ. Хурлаа хийгээд эв зүйтэй яваасай гэсэндээ тавдугаар сарын 03-ны Цэцдийн зөвлөлийн хуралд очиж оролцсоныг та нар харсан. Намайг Л.Чинбат нар буруутгаж байгаа, одоо би энэ асуудалд оролцохгүй байя даа” гэсэн. Ж.Ганболд ах бөх хүн учир энэ асуудал дээр их нуруутай зөв хандлаа даа гэж би бодсон шүү.
-“Бөхийн өргөө”-г битүүмжлэх болсон шалтгаан нь юу вэ?
-Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр “Гацуурт” компанийн гэрээтэй хамгаалалтын албаны залуучууд дайрч “Бөхийн өргөө”-ний хаалгыг эвдсэн л дээ. Цагдаа, прокурорын байгууллага эмх замбараагүй байдал дахин үүсгэхгүй гэж битүүмжилсэн. Бид “Бөхийн өргөө”-г нээж хэвийн үйл ажиллагааг нь явуулахаар прокурорын байгууллагад удаа дараа хүсэлт тавьсан боловч “Та нарын бөхийн барилдаан, урлагийн гэрээт тоглолтууд явуулах, олон ажилчдын ахуй амьдралыг харгалзаад нээж болно. Гэхдээ Л.Чинбат нарын хүмүүсээс “дахин үймээн самуун гаргахгүй” гэсэн бичиг эсвэл биеэр авчирч гарын үсэг зуруул гэсэн шаардлага тавьж байгаа. Өнөөдрийг хүртэл нөгөө нөхдүүд маань үймээн самуун гаргахгүй гэсэн баталгаа өгөхгүй яваад байна.
-1994 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн “Монгол Улсын аварга” цолтны хүндэтгэлийн нэрэмжит барилдаан бямба гаригт “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д явагдахаар төлөвлөгдсөн ч цуцлагдаж өчигдөр бүтэн сайн өдөр шилдэг гэх 128 бөхийн барилдаан боллоо. Энэ үйл явдлыг та хэрхэн харж байна вэ?
-Иргэний нисэхийн ерөнхий газар аваргуудын нэрэмжит барилдааныг сүүлийн жилүүдэд Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтарч зохион байгуулж байгаа. Тус байгууллага энэ жил уламжлалт барилдаанаа хамтарч зохион байгуулахаар төлөвлөсөн байтал тус байгууллага руу мөн авлигатай тэмцэх газар руу Аваргуудийн барилдааныг хийх асуудлыг зогсоож өгөөч гэсэн агуулга бүхий тавдугаар сарын 17-ны өдөр гэсэн огноотой №70 дугаартай албан бичгийг Дэд Тэргүүн Ц.Төмөрсүх, Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар гэсэн гарын үсэг зурж явуулсан байдаг. Энэ мэдээлэл тавдугаар сарын 24-ний өдрийн бүх мэдээллийн хэрэгсэл, сайтуудад тавигдсан нь одоо байж л байна. ИНЕГ дээрх хүмүүстэй маргаан үүсгэхээс түвэгшээсэн байх л даа. “Барилдааныг энэ жилдээ больё” гэсэн. Бөхийн асуудал нь ийм байхад одоо ямар ч байгууллага ийм л хариу өгөх болоод байна даа. Хамгийн хөгжилтэй нь тавдугаар сарын 26-нд нөгөө нөхөд маань хэвлэлийн хурал хийчихсэн сууж байдаг. Ярьж байгаа зүйлийг сонстол “Аваргуудын барилдааныг олон жил явуулсан МИАТ компанидаа баярлалаа энэ сайхан барилдаан цуцлагдсанд харамсаж байна. Юунаас болсныг бүү мэд. Бөхийн барилдааныг таслахгүйн тулд хувийн хэвшилтэйгээ хамтраад 128 бөхийн барилдааныг хийхээр боллоо. Өндөр байтай шүү бөхчүүд их ирээрэй. Үнэгүй үзүүлнэ шүү” гэж байна лээ. хоногийн хугацаанд ингэж эргэдэг хүмүүсийг одоогоор хараагүй л явна.
-Үүнээс үзэхэд монгол бөхийн ивээн тэтгэгч цөөхөн байгууллагуудынхаа нэгийг цааш нь түлхэж ээ. Ивээн тэтгэгч үгүй бол барилдаан зохион байгуулахад хүндрэлтэй. Барилдаан үгүй бол бөхчүүдийн бэлтгэл сургуулилтын горим алдагдана. Монгол үндэсний бөхийн хөгжил буруу тийшээ л яваад шиг?
-Ивээн тэтгэгч, бөх сонирхогчид бүгд л таагүй хандаж, итгэл буурч байгаа. Бөхийн нэр хүнд их унаж байгаад нь харамсах юм. Бөхчүүд хоорондоо талцаж муудалцсан асуудал энд байхгүй. Цөөн тооны хүмүүс л бөхийн хөгжилдөө сөрөг нөлөө үзүүлж байна. Цаашид зөв байвал ивээн тэтгэгчид маань эргэнэ ээ. Үүнд зөв менежмэнт хийж бөхөө хөгжүүлэх, сонирхолтой болгох зүйлсийг залуус бид төлөвлөж байгаа.
-Гуравдугаар сарын 24-нд Монголын Үндэсний бөхийн наймдугаар “Их Эе” хуралдаж 20 аймгийн бөхийн төлөөлөл оролцсон. Энэ “Их Эе”-ийг дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат нарын хүмүүстэй хамтарч хийгээд асуудлаа шийдэж болоогүй юм уу?
-Наймдугаар “Их Эе”-ийг Монголын Үндэсний бөхийн холбооны өмнөх удирдлагууд зохион байгуулсан. Аварга, арслан цолтой бүх бөхчүүдэд хэл хүргэсэн. Мөн мэдээллийн хэрэгслээр олон хоногийн турш зарласан. Харамсалтай ньхэсэг нөхдүүд маань ирж оролцоогүй. Одоо энэ маргааныг ингэж өндөрт гаргаад байгаа асуудал нь Монголын Үндэсний бөхийн холбооны тамга тэмдгийг Л.Чинбатад давхардуулан олгосонд оршиж байгаа. Энэ тамганы асуудал дээр одоо хэрэг үүсээд шалгагдаад явж байна.
-VIII “Их Эе”-ээс сонгогдсон Б.Бат-Эрдэнэ тэр-гүүтэй хүмүүс монгол бөхийг яаж шинэчлэхээр төлөвлөж байв?
-Гуравдугаар сарын 24-нд хуралдсан “Их Эе”-ээр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн болон дэд тэргүүнийг орон тооны бус болгож өөрчилсөн. Гүйцэтгэх захирал л орон тооны байна, 15 тэргүүлэгч гол шийдвэрийг гаргана гэж шийдвэрлэсэн. Үүнийг их зөв бүтэц гэж харж байгаа. Хурлаар сонгогдсон Цэцдийн зөвлөл дөрөвдүгээр сарын 4-нд хуралдаж, орон нутгийн бөхийн төлөөлөл, дэвжээдийн санал хүсэлтийг бичгээр авч дөрөвдүгээр сарын 30-ны дотор бөхийн барилдааны дүрмээ шинэчлэх зүйлүүдийг хэлэлцэж өөрчилье гэж төлөвлөсөн байсан. Харамсалтай нь “Бөхийн өргөө” битүүмжлэгдэж, холбооны тамгыг давхардуулснаас энэ ажил гацаанд орсон. Тэргүүлэгчид мөн Цэцдийн зөвлөл хамгийн түрүүнд бөхийн барилдааны шүүлтэд камер ашиглах, бөхийн барилдааны дүрэм, допинг зэрэг асуудлуудыг шинэчлэхээр төлөвлөсөн байсан. Барилдааны дүрмийн тухайд 21 аймгийн бөхийн төлөөллийн санал бодлыг сонсоод барьц сонгооны дүрмийг өөрчлөх талаар зөвлөлдөх байсан. Энэ бол хэдэн хүний хүрээнд шийддэг асуудал биш юм. Орчин үед цаг хугацаагүй зүйл гэж огт байх ёсгүй, хоёр бөх удаан барилдаад дуусахгүй байвал яахав. Барьц сонгооноос өөр арга байх уу, гэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Мөн камераар шүүх асуудлыг барилдааны дүрэмд оруулна. Гэхдээ үндэсний бөхийн онцлогийг харгалзаж шийдвэрлэнэ гэх ч юмуу олон зүйлүүд байгаа. Жишээ нь, өрсөлдөгч бөхөө харцагадаж тэврээд, мордож байгаа барилдаан гэж үзье, мордсон хөл нь салахгүйгээр нүдээр харахад яалт ч үгүй давж байгаа барилдаан. Үүнийг камераар шүүгээд 0,2 секундын барилдааныг олон арван дүрс болгоод харуулахаар залуучууд “Чи дээр байгаа ч ороож мордсон өвдөг чинь түрүүлж хүрсэн байнаа, харцагадаж тэврээд унахдаа тохой чинь миний толгой хүрэхээс өмнө газар хүрч байгаа нь камерт харагдаж байна” гээд маргалдаад зогсдог болбол яах вэ. Иймийн тулд камераар шүүнэ, гэхдээ барилдааны дүрэмдээ нарийн заагаад өгчихөд болох асуудал. Камерийн бас нэг онцлог нь ихэнх камерууд нь хөлтэй 1,2-1,5м өндрөөс аваад байгаа нь газартай парлель бус учир янз бүр харагдана. Үүнийг л бид мэдэх учир барилдааны дүрэмдээ зөв оруулаад өгвөл барилдаж байгаа залуус маань буруу шүүлт гэж гомдоллох нь эрс багасна.
-Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж “Допинггүй монгол бөх” төслийг эхлүүлж ид барилдаж байгаа таван ч бөхийн эрхийг хассан. Эрхээ хасуулсан зарим бөхчүүд хуулийн байгууллагад хандахаа мэдэгдэж байсан. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Дэлхий нийтээр допинг гэж зүйлийг эсэргүүцэж байгаа. Цэвэр шударга, өрсөлдөөн, бөхчүүдийн эрүүл мэндийг хамгаалж допингийн шинжилгээ авахаас өөр арга байхгүй. Залуу бөх тариа хийлгээд аваргыг давах уу гэдэг асуудал сүүлийн үед их ярьж допингийн шалгалтыг авахаа болих хэрэгтэй гэж ухуулга хийх болж. Ижил түвшний бөх нэг нь эм тариа хийлгээд нэг нь шударгаар хөлсөө урсгах уу гэдэг асуудлыг хамгийн түрүүнд бодолцох хэрэгтэй. Допингийн тухай хууль Баяр наадмын 2003 оны хуулиарзохицуулагдаж явж байгаа. Үндэсний баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхөөсдопингийн шинжилгээ авна. Илэрсэн тохиолдолд цол чимгийг хураах юмуу,барилдах эрхийг зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасах заалттай байдаг. Иймээс 2003 оноос наадамд допинг хэрэглэсэн бөхчүүдэд харицан адилгүй шийтгэл оноогоод явж ирсэн нь бас маргалдах гол сэдэв болоод байгаа. Бид үүнийг баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах замаар засч залруулах хэрэгтэй. Одоо баяр наадмын бус үе заалны барилдаанд допингийн шинжилгээ авч бөхчүүдийн барилдах эрхийг түдгэлзүүлээд эхэлсэн. Энэ ч хөгжил рүү нэг шат ахисан зөв алхам. Гэхдээ хуулиндаа зөвхөн баяр наадмын үед шинжилгээ авна гэж заасан байдаг учраас зөрчил үүсэхээр байгаа. Допингтой холбоотой хууль, дүрэм, журмыг боловсронгуй болгох нь нэн тэргүүнд хийх ёстой ажил мөн.
-Бөхчүүд допингийн талаар мэдлэг мэдээлэл хэр байдаг вэ. Хэрэглэж байгаа шалтгаан нь юу вэ?
-Би өөрөө барилдаж байсны хувьд хэлье. Бөхчүүд допинг дээр хамгийн сайн мэдлэгтэй. Ухуулга, таниулга ном товхимлыг ч гаргасан байсан. Амжилтад хэт яарах, бусдын буруу ухуулга буюу булчинг хурдан томруулна, бас чиний тийм бэртлийг хурдан эдгээхэд энэ тариа нөлөөлнө, тэдэн төгрөгөөр нийлүүлье гэдэг штангийн багш нар, сайн дурын жижиг боди мастеруудын яриа миний үед ч байсан, одоо ч байгаа байх. Одоо допингийн шалгалтанд орж байгаа залуучуудын гол хардлага Допингийн эсрэг төв, Олимпийн хороо гэдэг байгууллагууд тэдгээрт ажиллагсдыг хардаж байгаа. Хардах хүний эрх, бас ийм санал гаргаж байгаа нь ч зөв. Холбоо нь жигдрээд эхэлбэл энэ шалгалтанд өмнө нь бүдэрсэн, одоо бүдрээд байгаа, цаашид бүдрэх магадлалтай болчихоод байгаа залуусынхаа гомдлыг тайлж хуулийн хүрээнд шударга шийдвэрлэнэ.
-Холбооны энэ маргаантай асуудал хэзээ шийдэгдэх вэ. Гарц гаргалгааг нь яаж харж байна?
-Эвлэлдэж нийлээд явахгүй бол хууль шүүхийн асуудал цаашид хоёр гурван жилээр ч үргэлжлэх болов уу. Бидний зүгээс нийлээд хамтраад явъя, хурлаа хийе гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан. Сая тавдугаар сарын 18-нд хуралдахаар товлогдсон “Их Эе”-д Л.Чинбат тэргүүтэй нөхдүүд оролцохгүй гэсэн шаардлага тавьсан. Тавдугаар сарын 24-нд эдгээрхүмүүстэй уулзах хүсэлтээ бичгээр явуулсан, ямар ч хариу ирүүлээгүй. МҮБХ-ны ажлыг цааш хэвийн үргэлжлүүлэхийн тулд олон талын буулт хийж байгаа. Одоогоор шийдэгдсэн юм алга. Монгол Улсын Ерөнхийлөгч хурлаа хий гэсэн шаардлагыг хүргүүлсэн болохоор хурал заавал хийнэ.