Categories
мэдээ нийгэм

АН-ын дарга С.Эрдэнэ мэндчилгээ дэвшүүллээ

Монголынхоо нийт хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Энэ өдөр улс орны ирээдүй болсон хүүхдийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудлыг хөндөж, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг төрийн дээд шатанд ярьж хэлэлцдэг уламжлал дэлхийн олон оронд уламжлал болон тогтоод байна. Монгол Улсын хувьд хүүхдийг нийгмийн байдал, гарал үүсэл, ер нь аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдэн ороод чамгүй хугацааг үджээ. Энэхүү ажилд гар бие оролцсон хүний хувьд ямар ч тохиолдолд хүүхдийн эрхийг зөрчих, ялгаварлан гадуурхах асуудлыг тууштай эсэргүүцсээр ирсэн төдийгүй хүүхдэд чиглэсэн бүтээн байгуулалт, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө өнөөдрийг хүртэл зогсолтгүй ажилласаар байгаа билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүний хувиар Баянгол дүүргийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилтынхоо хүрээнд Хүүхдийн баярын босгон дээр ‘Хүүхдийн I, II’ эмнэлгийг ашиглалтад оруулж, нийт хүүхэд багачууддаа бэлэг барьж чадлаа. Ингэснээр Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээгээр дэлхийн стандартад нийцсэн анхны дүүрэг болж байна. Ардчилсан намын зүгээс энэхүү ажлыг нийслэлийн бусад дүүргүүд болон орон нутагт хэрэгжүүлэх хөгжлийн бодлого боловсруулахаар ажиллаж байгааг дурдах нь зүйтэй байх. Түүнчлэн хүүхэд, залуучуудын бие бялдар оюуныг хөгжүүлэх, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн Усан спорт сургалтын төв, Спорт комплекс, Баянгол хүүхдийн зуслан, Хүүхэд хөгжлийн төв, Номын сан зэрэг жишиг болохуйц олон бүтээн байгуулалтын ажлыг дурдаж болно. Эд бүгд зөвхөн нэг дүүргээр хязгаарлагдахгүй Монголын нийт хүүхэд багачуудад хүртээмжтэй байх тал дээр Ардчилсан намын мянга мянган гишүүд сэтгэл оюунаа чилээн ажилласаар байгаа билээ. Мөн 2016 онд санаачлан батлуулсан Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар УИХ-ын чуулганы индрээс үгээ хэлсээр байгаа билээ.

Анх Ардчилсан намаас санаачлан өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж буй ‘Хүүхдийн мөнгө’-ний асуудал дээр Ардчилсан нам, Ардчилсан намын бүлэг тууштай байр суурь баримталж, бүх хүүхдэд эрх тэгш олгохыг эрх баригчдаас шаардаж эсэргүүцлээ илэрхийлсэн ч харамсалтай нь эрх баригчдын алдаатай бодлого, гаднаас хараат явцуу бодлогын уршгаар зорилтдоо хүрч чадсангүй. Бид энэ асуудлыг цаашид ч хөндөн тавьсаар байх бөгөөд ‘Хүүхдийн мөнгө’-ийг 100 хувь олгох хүртэл тэмцлээ зогсоохгүй гэдгээ Монголынхоо нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сонордуулъя. Ингээд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг Ардчилсан намын мянга мянган гишүүний нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэхийн ялдамд амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай.

УИХ-ЫН ГИШҮҮН, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА СОДНОМЗУНДУЙН.ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *