Цаг уур орчны шинжилгээний газраас зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ.
Урьдчилсан мэдээгээр хур бороо орох төлөвтэй ч зарим аймгуудад гэнэтийн хүчтэй аадар бороо асгаж мэдэх аж. Дулааны хувьд ихэнх аймгуудад дундаж байх төлөв гарсан байна.
Баруун аймгуудын нутгаар
Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хагаст 11-16 градус, өмнөд хагаст 15-20 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна.
Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
Энэ сард Баян-Өлгийн өмнөд, Увсын зүүн, Говь-Алтайн хойд, Баянхонгорын баруун хойд хэсэг, Завханы ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дунджаас бага бороо орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар
Температурын сарын дундаж нь бүх нутгаар 14-19 градус дулаан байх бөгөөд Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,5-1.0 градусаар дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус дулаан байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Энэ сард Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөв гарчээ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхний хагас болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар
Агаарын температурын сарын дундаж нь 14-19 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр сэрүүсч Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 29-34 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
Энэ сард Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба эцсээр зарим газраар бага зэргийн бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бороо хур орох үеүдэд салхи зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
Говийн аймгуудын нутгаар
Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 18-23 градус дулаан буюу Дундговь, Дорноговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба ялангуяа гуравдугаар арав хоногийн дунд үеэр өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй.
Энэ сард Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо хур орох үеүдэд салхи түр зуур ширүүснэ. Ялангуяа хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, сүүлчээр дуу цахилгааны үеэр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.