Categories
мэдээ цаг-үе

Т.Насанбуян: “Нисгэгчийн дуу” маань 50 жилийн ойтойгоо золгож байна

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Товуугийн Насанбуянтай ярилцлаа. “Орь залуу нас”, “Мичид шүргэх Алтай”, “Нисгэгчийн дуу” гээд олон сайхан бүтээлийн эзэн тэрээр наян насны босгонд ойрхон ирсэн ч өнөө л дэгжин ганган, эрхэмсэг залуу хэвээрээ. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Гонгорын Хайдавын үүсгэн байгуулсан дуурийн театрын дэргэдэх дуулаачийн сургуулийг тэртээ жараад оны эхээр төгссөн эл эрхэм Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Ц.Намсрайжав, Ж.Дорждагва, Н.Норовбанзад, Ж.Бадраа нарын аваргуудтай ах дүү, багш шавийн барилдлагатай явсан нэгэн юм.


-Хайдав гуайн дуулаачийн сургуулийн анхны төгсөгчдийн нэг бол та. Дуучнаараа нэрд гараагүй, харин дууны уран бүтээл хөгжмийн зохиолуудаараа нэрд гарсан. Яриагаа эндээс л эхэлж таарна?

-Цогзолмаа гуай, Мөөеө багш гээд алтан үеийнхэн ид ханайж байхад миний бие их урлагийн босгыг алхсан хувьтай хүн юм. 1962 оны хоёрдугаар сард тухайн үеийн Улсын ардын дуу бүжгийн ансамбльд дуучнаар шалгуулан орсон. Нэрт уртын дууч Ж.Дорждагва гуай, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн багш хоёр намайг “тенор” хоолойтны хэсэгт хуваарилсан. Манай чуулгын ерөнхий найруулагч нь зууны манлай Лувсанжамцын Цогзолмаа багш. Тухайн цагт “Говийн дуу”, “Хангайн дуу”, “Монгол хөгжмийн гайхамшиг” концертуудаа найруулан бүтээж, авьяас билэг нь оргилж байсан үе юм. Хангай, говийн зон олныхоо ахуй амьдралыг дуу хөгжим, бүжгээр илэрхийлэн гаргасан нь үлгэр домгийн ертөнц мэт санагдаж байсан сан. Цооцоо багш бол миний урлагийн анхны зам мөрийг гаргасан хүн яалт ч үгүй мөн. 1964 онд Монголд анх удаа дуулаачийн дээд сургууль дуурийн театрын дэргэд байгуулагдсан. Урлагт хайртай хот, хөдөөгийн олон зуун хүүхдээс 12 хүүхдийг шилж сонгож авсны нэг нь би. Манай ангийнхан гэвэл төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан, Монголын дэлгэцийн урлагт их жанжин Сүхбаатарын дүрээр мөнхөрсөн дуурийн дуучин, гавьяат жүжигчин Ц.Дашнамжил, гавьяат жүжигчин нэрт дуучин Д.Баадайжав, гавьяат багш Ерөө гээд байна. Хайдав багш Москва хотноо дуулаачийн сургууль дүүргэж ирээд тавин таван оноос дуулаачийн үндэсний сургууль байгуулахыг санаачилсан байдаг. Хүсэл мөрөөдөл нь есөн жилийн дараа биелэлээ олсон нь тэр. Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, А.Загдсүрэн, “Зэрэг нэмэх”-ийн Долдой буюу гавьяат жүжигчин Д.Жамьянжав, “Ардын элч”-ийн Ариунаа буюу П.Цэвэлсүрэн нараар бид дуулаачийн мэргэжил, төрийн шагналт удирдаач Жамьянгийн Чулуун, урлагийн гавьяат зүтгэлтэн Ламзавын Ванган нараар театр хөгжмийн урлагийн онол заалгаж байсан гээд бодохгүй юу. Түүн шиг том аз тавилан гэж байх уу.

-Монголын нисэх хүчний сүлд дуу “Нисгэгчийн дуу”-ны хагас зуун жилийн ой эл өдөр тохиож байна. Дууны шүлгийн нэрт мастер Лувсангийн Дагвадорж гуайн шүлэг уг бүтээл хэрхэн төрснийг сонирхуулахгүй юу?

-Дуулаачийн сургуулиа төгсөхөөсөө өмнө би чинь “Төгсөх ангийн танго” гээд хэд хэдэн дуу хийчихсэн байв. Завхан аймгаас Улаанбаатар руу онгоцоор нисч явах ахуйд “Нисгэгчийн дуу” төрөх үүдэл санаа тавигдсан. Миний бие хөгжмийн сургуулийн гадаад оюутнуудтай Завханд тоглолтоор очоод буцаж явсан юм.

Онгоцны үйлчлэгч ирээд “Таныг манай нисгэгч уулзъя гэж хэлүүллээ. Урлагийн хүмүүс яваа, хөгжмийн зохиолч явна гээд манайхан баяртай байна” гэдэг юм. Би бүр алмайрч, гайхаж хоцорно биз дээ. Намайг таньж байдаг, хөгжмийн зохиолч гэж өргөмжилж байдаг. Яваад очтол Зулын Юра, Магванжав гээд сургуулиа төгсөөд ирсэн залуухан нисгэгчид угтлаа. Тэд чинь дуу дуулаад л жигүүрт цагаан хөлгөө жолоодож явна. Ямар сайхан санагдсан гэж бодно. Тэр дүр зураг одоо ч миний нүдэнд харагддаг. “Хөгжмийн зохиолч хүн байна даа, нисгэгч бидний тухай нэг сайхан дуу хийгээч. Бид түүнийг чинь дуулаад нисч явъя” гэж хэлж билээ. Юра маань сэрүүн тунгалаг байгаа. Агаарын хөлөгт ийм санал хүлээж авсан би нисгэгчийн дууны хөгжим, ая данг олох гэж хоёр жилийн хугацаанд бодож, эрэлхийлсэн. Өнөө найзууд маань намайг онгоцоор авч явна, би гэдэг хүн боломж л гарвал нисэх рүү туушиндана. Одоогийнх шиг засмал зам, унаа тэрэг гэж байсангүй. Шугамын автобусаар л тууж очно. Өдөр нисэх онгоцны буудал руу явж байтал онгоц хөөрөөд тэртээ уулсын дээгүүр нисч яваа нь харагдана. Тухайн мөчид л хүчирхэг аялгуу далбилзаад ороод ирлээ. Тэр дор нь нотлоод авах нь мэдээж. Хөгжмөө биччихээд хэнээр шүлгийг нь бичүүлэх вэ гэдэг асуудал босч ирнэ. Тэр үед дууны шүлгийг ид бичиж байсан “хар” Дагвадорж дээрээ яваад очлоо. Би хоёр чинь чуулгад хамт дуучид байсан. “Миний нутаг сайхан аа” гэж дуу өмнө нь хамтарч хийсэн байв. Нэгнээ мэдэх нөхөд учир түүндээ хэллээ. Тэгтэл “Жигүүртэн хүрээгүй уулсын

Оргил тэргүүн дээгүүр

Жилдээ хүрэмгүй газарт

Өдөртөө нисээд ирэхээр

Мөнгөн цагаан хөлөг минь

Дүүлж явнаа хө

Мөнгөн цагаан хөлгөө бариад

Дуулж явнаа би…” гээд хүчирхэг сайхан шүлэг бичээд өгдөг юм.

-Дашням гуай мөн л хүчирхэг сайхан дуулж амьдруулсан даа?

-Түүнтэй ярих юм биш. Дашнямыг би өөрөө олж дуулуулсан. Ер нь би өөрийнхөө бүтээлийг хэнээр дуулуулах вэ гэдгээ өөрөө л сонгодог. “Насанбуян багш, хориместр хүн. Дуугаа нэр алдартай ардын жүжигчдээр дуулуулах бүрэн боломжтой. Гэвч тэгдэггүй, тухайн бүтээлээ жинхэнэ амьдруулж чадах дуучныг олдгоороо онцлогтой” гэж Жанцанноров “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” нэвтрүүлгийнхээ дундуур хэлж байна лээ. Тэр үнэн юм. Цэргийн ансамбльд концерт үзэж суутал Дашням дуулж байна. Ээ мөн сайхан хоолой. Яг л миний “Нисгэгчийн дуу”-ны хоолой мөн дөө. Тэрээр миний ертөнцийг гүн гүнзгий ойлгож чадсан, би өөрөө ч ойлгуулж чадсан байх. Тэгж л Дашням дуулж радиогийн алтан фондонд бичүүлсэн. Жаран найман онд төрсөн дуу минь өдгөө 50 жилийн ойтойгоо золгож байна. Монголын нисэх хүчний сүлд дуу болсонд нь уран бүтээлчийн хувьд баярладаг. Зөвхөн эрчүүд л дуулах ёстой юм шиг санагддаг байсан. Сүүлийн үед эмэгтэйчүүд хүртэл ямар гоё дуулж байна вэ. Аргагүй л тэнгэртэй дуу юм даа гэж бодогддог.

-“Мичид шүргэх Алтай” гэж мөн л сайхан дуу бий. Мэдээж та өндөр их Алтайн уулсыг халиаж явахдаа бичсэн байлгүй?

-Соёлын яамны сайд Лодойдамба гуайн шийдвэрээр би Алтай чуулгад томилогдсон. Хатуу ширүүн байгаль, сүрлэг их уулс бүхий Алтайтай золгож байгаа минь тэр. Манай чуулгынхан бригадаар явна аа. Бигэр сумаас гараад Цээл сум руу явж байхад “Мичид шүргэх Алтай” дууны аялгуу урсаад л ороод ирсэн. Энэ дууны шүлгийг Батсүрэн бичсэн. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан анх симфони оркестртой дуулсан юм. “Мичид шүргэх Алтай, миний уулсын тэргүүн, Унаган бидний өлгий, шунхан улаан уулууд” гэж сайхан үгтэй. Олон хүн дуулсан. Дашням маань сайхан дуулсан. Сүүлд миний шавь улсын начин С.Эрхэмбаяр дуулсан. Өөрөө Алтайн их уулсын дунд төрж өссөн болоод тэр үү, сайхан дуулсан. Би чинь бага залуугаасаа одот сансар огторгуйг мөрөөдсөн хүн юм. Д.Нацагдоржийн “Холхи газраас гялалзан харагдагч өнгөт од оо, хязгааргүй огторгуйн дунд зугаалагч олон улаан оч оо” гэх шүлгийг дандаа уншдаг байсан. Тэр шүлгийн зөн совин ч юм уу “Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Газар тэнгэрийн хүү”, “Юрий Гагарин” тэргүүт олон дууны аялгуу хийсэн байдаг.

-Жамцын Бадраа гуайтай ойр явсан. Хоёр жилийн өмнө зуун насных нь ой тохиож байсан. “Орь залуу нас” бол та хоёрын оргил бүтээлийн нэг мөн дөө?

-Бадраа багшаар анх хичээл заалгаад л биширч шүтсэн. Тэр хүнд мэдэхгүй юм гэж бараг л үгүй дээ. Урлаг соёл, хэл шинжлэл, өв уламжлал, нутаг ус гээд бүхий л сэдвээр өргөн хүрээнд ярина. Үнэхээр Монголын өв соёлыг нэвчтэл шингээсэн судар шиг хүн байжээ. Олон мянган шавь нар дундаас Бадраа гуай намайг өмчилж авсан. Миний нэрийг хүмүүс сайн мэдэхгүй, Жамцын Бадраагийн шавь гэж дуудуулж явсан он жилүүд бий. Энэ тухай Мэнд-Ооёо, Саруулбуян нар бичсэн удаатай. Би чинь Бадраа багшийнхаа гэрт нь хүртэл амьдарч байлаа. Бадар-Ууган гэж киноны авьяаслаг найруулагч, урлагийн нэгэн сод хүүд би анх гитар зааж өгсөн. “Ууганд чи гитар зааж өг” гэж багш хэлснээр дэвтрийн цааснаа нотны таван шугам татаж гитарын үелээсийг тэмдэглэн зааж өгч байв. Их хурдан сурсан, маш их мэдрэмжтэй, алиа хошин зантай хүү байж билээ. Дараа нь Ленинград хотын Соёлын дээд сургуулийг дүүргэж ирэхдээ гитарыг маш мундаг эзэмшсэн байсан. Өөрийн өвөрмөц онцлогтой, уран тансаг, сонирхолтой хувилбаруудыг чадамгай гаргаснаараа шинэ урсгалыг бий болгосон юм. Сүүлд “Улаанбаатарын агаар” хэмээх аав бид хоёрынхоо дууг Дуламсүрэнтэй хамт гитартай дуулсан. Бадар-Ууганы хүү Наранзун гэж орчин үеийн романтик, тэнгэрлиг залуу бий. Бас л надад хөгжмөө сонсгож үзүүлдэг. Багшийн гэргий Бадарч эгч айхтар дэг журамтай хүн. Тэр хүнийг би ээж шигээ санаж, хайрлан дээдэлж явдаг юм. Жанцанноров бид хоёр хоёулаа л очно.

-“Орь залуу нас” дууны шүлэг бол ер бусын тансаг?

-“Тас хар огторгуй нойрсон тайваржаад

Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахаар

Орь залуу нас саран шиг туяа цацаад

Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ…” гээд эхний бадаг нь эхэлнэ. Цаашлаад

“Цас цайж замбалзгүй цацаг сагсалзаад

Цайрдсан толь шиг цанхилзан уул ус жаварлахаар…” гээд үргэлжлэхээр би ойлгохоо больж эхэлнэ. Энэ дууны аялгууг би эхлээд биччихсэн байсан. Түүнээ Бадраа багшид сонсгосон юм. Хөгжмийн асар нарийн мэдрэмжтэй хүн. Шүлгийнх нь үгэнд зохицох гэж би мөн ч тэлэгдсэн дээ. Гэхдээ жаахан ноцолдоод үзтэл болмоор ч юм шиг. Тэгээд л би дуугаа Янжиндуламд өгөхөөр болсон. Нөгөө л дуучнаа өөрөө сонгож авдаг зангаараа түүнд өгсөн юм. Янжиндуламын “Сүүмийн сүүмийх алс тэртээд сүргээ хариулж яваа…” гээд аавын тухай дууг нь Монголын хөгжмийн зохиолчдын холбооны их хурлын үеэр бүгд шүүмжиллээ. Тэгэхээр нь би “Та нар буруу ойлгоод байна. Энэ бол маш өөр дуу” хэмээн өмөөрөөд барьж идүүлэхээ алдсан. Гэвч Янжиндуламаар дуулуулна гэсээр байгаад дуулуулсан. “Насанбуян багш аа, би чадах уу” гэж зүрх алдаж байсан, хөөрхий минь. Тэр сайхан дуучин эмэгтэйг манайхан элдэв дээдээр хэлж, сүүлдээ архи дарсанд орж гунигтайгаар төгссөн. Янжиндуламаа бодохоор би өрөвдөөд байдаг. Ерээд оны эхээр санагдана, намайг соёлын төв өргөөнд багш байхад Янжиндулам жигтэйхэн айхтар царай зүстэй ирж билээ. Үүдний жижүүр оруулахгүй гээд. Наад чинь миний шавь гэж хэлж байж оруулсан юм. Хоёр шил архи даавуунд боогоод барьчихсан ирсэн. Манайд ирээд надад мөргөдөг байсан нь Дашням, Янжиндулам хоёр юм. Аргагүй л авьяастай хүмүүс байсныг ард түмэн мэднэ.

-Монголын хөгжмийн урлагт хүүхдийн дууны нэг томоохон төлөөлөгч та билээ. Тэр тухай асуулгүй өнгөрч боломгүй?

-Миний бие наян онд хүүхдийн дууны “Нарны баясгалан” хамтлаг байгуулсан. Тэр ахуй цагаас хойш хүүхдийн гэгээн ертөнцөд бүтээлээ туурвиж ирсэн. “Хүмүүс ээ хүүхэд байх сайхан”, “Гэгээн наран”, “Тэнгэрт хоёулаа наадъя”, “Дэлхийн бүх хүүхдүүдийг дуудчихлаа” гээд олон бүтээлээ хүүхэд багачууддаа зориулсан. Ж.Бадраа багштай “Увсын магтуу”, “Зулай цагаан Алтай”-гийн З.Гүнсэн зохиолчтой “Хантайширын магтуу”, соёлын гавьяат зүтгэлтэн Дамбийн Дашдондовтой “Эрдэнэтийн магтуу”, хүүхдийн зохиолч Данигайн Даваанямтай “Таван эрдэнэ” хүүхдийн дууны магтуу бичжээ. Ингэхэд би Чойжилын Чимид гуайн шүлэг

“Уудам дэлхийн цээжин дээр

Улсын нийслэл олон юм

Улсын олон нийслэл дундаас

Угийн хайртай нэг л би…” хэмээх “Миний нийслэл” шүлэгт хөгжмийн зохиолч Т.Чимэддорж гуайн хүсэлтээр аялгуу бичиж Адарсүрэнгээр дуулуулсан түүхтэй. Адараа тэр үед ятгатай ардын дуу дуулдаг байсан. Харин тэр дууг “Соёл-Эрдэнэ” хамтлагтай цахилгаан хөгжимтэй дуулсан юм. Таксинд дуугаа дуулж буй клип ч байдаг. Уг дуунаас болж “Ардын дуучин Адарсүрэнг цахилгаан хөгжимтэй орчин үеийн онцгүй дуу дуулуулсан” хэмээн бусдад муу хэлэгдэж ч байлаа. Үнэндээ бол би Адарааг эвдсэн л байхгүй юу. Ийм дуу хийсний дараа Чимид гуай намайг хүндэтгэж хундага тулгасан. Монголын дууны ийм л тэнгэрлиг ертөнцөд амьдарч иржээ. Сүүлд гавьяат багш Ц.Гүррагчаагийн шүлгээр Жүгдэрдэмидийн Гүррагчаа баатартаа зориулсан дуу хийлээ. Нас хэдий ная руу дөхөж яваа ч бүтээл минь ундарсаар байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *