Categories
мэдээ нийгэм

“АРГАЛЬХҮҮ” төсөл албан ёсоор эхэллээ

Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал дэлхий дахинд эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэсэг болж байна. Өнөөдөр дэлхий дахинаа бүх хүүхдийн 20% нь буюу тавны нэг нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байгаа бөгөөд ихэнх сэтгэцийн эмгэг хүүхэд, өсвөр насанд эхлэн илэрдэг байна гэсэн ДЭМБ-ын тооцоо судалгаа байна. ДЭМБ-ын 2001 оны Эрүүл мэндийн тайланд дурдсанаар 9-17 насны хүүхдийн дунд сэтгэл түгших эмгэг 13%, зан үйлийн эмгэг 10.3%, сэтгэл хөдлөлийн эмгэг 6,2% тус тус зонхилон тохиолддог байна.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд сэтгэцийн хүнд болон хөнгөн хэлбэрийн эмгэг нь 5 хүүхэд тутмын 1-т тохиолддог (Brandenburg, Friedman, & Silver, 1990; McDermott & Weiss, 1995) бөгөөд бага сургуулийн насанд хөвгүүдэд, өсвөр насанд охидод сэтгэцийн эмгэг илүү их тохиолдож байна (Zahn-Waxler, 1993). АНУ-д анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг нь сургуулийн насны хүүхдүүдийн дунд 5-8%-ийг эзэлдэг.

Хүүхдийн зан үйлийн эмгэгийн тархалт нь 5-20%, хөвгүүдэд 6-16%, охидод 2-9% буюу хөвгүүдэд охидыг бодвол илүү, газар нутгийн хувьд хөдөөг бодвол хотод илүү тохилдож байна (Searight, 2001, Scott,2007). Манай оронд өсвөр үеийнхний хэрэгцээг тодорхойлох судалгаагаар тэдний 25.7% нь ганцаардал болон сэтгэл гутралд ордог, 6-11-р ангийн сурагчдын 70.6% нь согтууруулах ундааг ямар нэг хэмжээгээр хэрэглэсэн, тэдгээрийн 86.8% нь хортой үр дагавар өгөхүйц хэмжээнд, 8.5% нь аюултай хэмжээнд хэрэглэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 1999-2002 онд хийгдсэн “Амиа егүүтгэхийг завдсан, амиа егүүтгэсэн тохиолдлын тархвар судалгаагаар 10-17 насны хүүхэд нийт судалганд хамрагдагсадын 10.3% байсан бөгөөд үүнээс амиа хорлох оролдлого 11.4%, амиа егүүтгэсэн нь 8.2%-ийг тус тус эзэлж байсан.

Монгол улсад 2005 онд Сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоог ДЭМБ-ийн аргачлалаар үнэлэхэд “Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалтгүй байна. Цаашид хүүхэд, өсвөр насныханд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ явуулах, мэргэжлийн чадамжийг хөгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна” гэжээ.

2013 онд хийгдсэн “Зонхилон тохиолдох сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийн тархалтын судалгаа”-гаар стрессийн шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн гэсэн үзүүлэлт гарсан байна.

Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникт хандан үзүүлж зөвлөгөө авсан хүүхдүүдийн статистик үзүүлэлтээс харахад жил ирэх тусам хандаж буй хүүхдүүдийн тоо ихсэж байна. Жишээ нь: Цахим донтолтын улмаас Хүүхэд өсвөр үеийн клиникт 2015 онд 35, 2016 онд 68, 2017 онд 94 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. 2018 оны эхний 5 сарын байдлаар Аутизм эмгэгтэй гэж оношилогдсон 470 хүүхдийн 350 нь СЭМҮТ-д оношилогдсон байна.

Эмч, эрүүл мэндийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд ард иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор олон сургалт, сурталчилгаа, мэдээ, мэдээллийг түгээн ажиллаж байгаа хэдий ч сэтгэцийн эмгэгийн талаарх зөв ойлголт, хандлага нь өөрчлөгдөөгүй хэвээр л байгаа юм.

Иймд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь “АРГАЛЬХҮҮ” хэмээх баатрынхаа дүрээр хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголтыг эерэгээр таниулж, эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлсэнээр ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэнд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэг, тулгамдсан асуудалд хандах ард иргэдийн хандлагыг өөрчлөх зорилготойгоор энэхүү төслийг “БУСДЫГ ОЙЛГОЁ-ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЬЕ” уриатайгаар 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс албан ёсоор эхлүүлж байгаа юм.


Төслийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгүүдээр цуврал комик гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд төслийн эхний танилцуулга болох “АУТИЗМ ГЭЖ ЮУ ВЭ?” комик маань олон нийтийн хүртээл болоход бэлэн болоод байна.
Цаашид:

  • Хэт хөдөлгөөнтөх, анхаарал дутмагших эмгэг
  • Цахим донтолт
  • Булчин татгаваганах эмгэг
  • Айдсын эмгэг
  • Сэтгэл гутрал
  • Оюуны хомсдол зэрэг эмгэгүүдийн талаар Аргальхүү маань тайлбарлан таниулах юм.

“АРГАЛЬХҮҮ” төслийг олон нийтэд хүргэх, сурталчилах, таниулахын тулд “Аргальхүү” өдөрлөгийг төслийн багийнхан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийхээр бэлтгэл ажил хангагдан дуусаад байна.
“Аргальхүү өдөрлөг” маань олон олон гэнэтийн бэлгээр дүүрэн байх бөгөөд тэдгээрээс цухас дурьдвал:

  • “Аутизм гэж юу вэ?” комик цувралыг эхний 200 хүүхдэд үнэгүй тараагдана.
  • Өдөрлөгт хүрэлцэн ирсэн эхний 300 хүүхэд бүр бэлэгтэй.
  • Voice of Mongolia”-д оролцож олонд танигдсан дуучид оролцон өөрсдийн ая дуугаараа бэлэг барина.
  • Хүүхдэд зориулагдсан олон олон хөгжөөнт тоглоомууд зохион байгуулагдах бөгөөд оролцсон хүүхдүүд бүр шагналтай.
  • Өөрийн хүссэн зургаа нүүрэн дээрээ зуруулах “FACE-ART” үйл ажиллагаа явагдана.
  • Flash mob” үзүүлбэр зохион байгуулагдана.
  • Хүүхдийн сэтгэцийн эрүүл эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө үнэгүй хийгдэх зэрэг олон олон үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Аргальхүү баатарт маань тохиолдох олон олон адал явдлуудыг уншигч хүүхдүүд, эцэг эхчүүдэд иргэдэд хүргэхэд та бидний оролцоо чухал учир нийгмийн хариуцлагаа ухамсарласан, ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө халуун зүрх нь цохилдог иргэн бүрийг энэхүү төслийг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *