Categories
мэдээ цаг-үе

Хар тамхины наймаа прокурор, хуулийнхны ивээлд байдаг уу?

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээ зогсолтгүй өсөн нэмэгдсээр байгаа юм. Тодруулбал, хар тамхины төрлийн ургамал болох марихуаныг хууль бусаар гэртээ тарьж, ургуулсан хоёр иргэнийг цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилжээ. Энэ сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн хоёр иргэнийг баривчилж, гэрээс нь мансууруулах төрлийн их хэмжээний ургамал хураан авсан байна. Хар тамхитай холбоотой хэрэг сүүлийн үед нэмэгдсээр байгааг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа. Тус газрын хар тамхитай тэмцэх газар зөвхөн энэ сард мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах төрлийн бодис оруулж ирсэн, худалдан борлуулсан, мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар тарьж ургуулсан 21 холбогдогчтой найман хэрэг үйлдлүүдийг илрүүлэн таслан зогсоожээ.

Манай улсын иргэн Ч, иргэн Б-тэй хамтран хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, тээвэрлэж явахад нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан гэнэ. Иргэн Ч нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, хорих ялаар шийтгүүлж байгаад энэ оны хоёрдугаар сард ялын хугацаа нь дууссанаар суллагдсан байсан аж. Ийнхүү дахин хар тамхины хэрэгт холбогджээ. Мөн 36-41 насны гурван иргэн хар тамхины хэрэгт холбогдон энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баригдсан гэнэ. Дээрх гурван иргэний хоёр нь хуулийн байгууллагад ажиллаж байхдаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бол нэг нь хар тамхины гэмт хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг байсан аж. Төрийн тусгай албан хаагч гэдэг утгаар нь энэ гурван иргэний хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Харин бусад хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн юм.

ПРОКУРОР, ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН УДАА ДАРАА НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХЭД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОДОГ ЮМ БАЙНА

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүн хар тамхи, авлигын хэрэгт 2015 онд холбогдсон байдаг. Уг хэргийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 11-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн билээ. Тэд “мөс” хэмээх мансууруулах бодисыг худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Шүүхийн шийдвэрээр Х.Тамир, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял, Б.Сүхбаатар гэх этгээдэд 6.5 жилийн хорих ял оноожээ.

Үүнээс гадна Х.Тамирыг мансууруулах бодис хэрэглэсэн, албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажилдаа хайнга хандсан, бусдаас авлига авсан хэрэгт давхар шалгаж байсан юм. Анх Б.Сүхбаатар тэдэнд хар тамхийг хилээр нэвтрүүлж авчирч өгсөн гэдэг. Гэтэл Б.Сүхбаатар хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн, хорих ял авсан ч ялаа эдлээгүй байгаа юм. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарыг хар тамхи хилээр оруулсан гэм буруутайд тооцоод, борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин Х.Тамирын хар тамхи хилээр оруулсан, борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, албан үүрэгтээ хайнга хандсан, 15.8 сая төгрөгийн хахууль авсныг нь гэм буруутайд тооцсон байна. Эдгээр хүмүүсийг хар тамхины хэрэгт холбогдоод, ял авах үеэр Өршөөлийн хууль үйлчилж байж таараад, өршөөл үзүүлсэн аж. Ингээд хахууль авсан 15.8 сая төгрөгийг Х.Тамираас гаргуулж улсын орлого болгож, 500 мянган төгрөгийн эд хөрөнгө хураажээ. Шүүгдэгч Д.Жавхлан нь хүний амь бүрэлгэсэн хэрэгт 15 жилийн ялаар шийтгүүлж, тэнсэнгээр суллагдсан нэгэн байна. Тэрбээр тэнсэнтэй байх хугацаандаа зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтсан. Гэтэл энэ ослын хэрэг нь Өршөөл үзүүлэх хуульд тооцож, хахууль өгсөн үйлдлийг нь хамруулан хэрэгсэхгүй болгожээ. Дээрх хүмүүст ногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон байдаг.

Х.ТАМИР, АМАРБАЯСГАЛАН НАР ДАХИН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОВ

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар прокурор, хууль хүчний байгууллагынхан хар тамхины хэрэгт холбогдох тохиолдол их байдаг гэв. Тухайлбал, Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байхад нь өнгөрсөн баасан гаригт саатуулжээ. Тодруулбал, энэ сарын 25-ны өдрийн 20:00 цагийн үед тэднийг автомашиндаа мансуурчихсан байхад нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн саатуулжээ. Тухайн үед Х.Тамир, Б.Амарбаясгалан нараас шинжилгээ авахад мансууруулах төрлийн “мөс” хэмээх бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байгаа юм. Улмаар тэдний автомашин болон орон гэрт нэгжлэг хийж, тэдний биеэс “мөс” хураан авчээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр Х.Тамирын дүү Х.Идэр нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд ажилладаг юм байна. Х.Тамир Б.Амарбаясгалантай их сургуульд хамт суралцаж байсан найз нөхөд. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн шүүх шалгаж байгаа. Хэргийг шалгаж байгаа гэсэн нэрийн дор прокурор, хууль хүчний алба хаагчид хар тамхи хэрэглэсэн, хилээр нэвтрүүлсэн, худалдан борлуулсан байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгож, торгож, батлан даалтад гаргаж, тэнсэн болгодог уламжлал тогтсон нэгэнт тогтсон гэж эх сурвалж хэллээ. Ийм арын хаалгатай хүмүүс хар тамхины хэрэгт холбогдоход хэсэг шуугиан болж, намжсаны дараа хэргийг хэрэгсэхгүй болгож, хорьж, баривчилдаггүй. Манай улсын телевиз, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хар тамхичдыг сурталчилж, мэдээ, ярилцлагыг нь гаргасаар байдаг. Энэ ужгирсан асуудлын угсааг хөөвөл хар тамхины хэрэглээ урлаг соёлын оддоос эхлэлтэй. Тухайлбал, “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээс 10 жилийн хорих ял оноосон. “Лемонс” хамтлагийн аргил гитарчин Б.Анар болон рок хөгжим сонирхогч Г.Билгүүн, Б.Билгүүн Н.Энх-Учрал, Н.Инжинаш, О.Содбилэг, Э.Бархас нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар олж авч хадгалсан, хэрэглэсэн, зарим хүнийг удаа дараа ийм үйлдэл гаргасан хэмээн яллах дүгнэлттэй хэргийг 2011 онд анхан шатны шүүхээр шийдвэрлэж байв. Үүний араас урлаг соёлын одод хар тамхийг ихээр хэрэглэж, ял авч, тэнсэн болгож байсан тохиолдлууд цөөнгүй. Мөн хар тамхины хэрэгт Улсын начин Ц.Улаанхүү холбогдож, 2010 онд шүүх хурлаар 11 жилийн хорих ял авч байсан. Ийнхүү спорт, урлаг соёлынхон хар тамхины хэрэгт холбогддог ч ихэнх нь хар нүдний шил зүүчихсэн, уран бүтээлээ туурвиж явдаг. Энэ талаар манай сонин хар нүдний шилтэй, урлаг соёлын оддыг тайзан дээр гаргахаа больё, тэднийг өргөмжилж цол өгөхгүй байя гэж удаа дараа бичиж байсан.

Г.САРАНГЭРЭЛИЙГ 461 ДҮГЭЭР АНГИД ХОРЬЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас саяхан хар тамхи хэрэглэсэн “Ice Top” хамтлагийн дуучин 38 настай С.Чулуунбаяр буюу Кобиг баривчилжээ. Тэрээр 2016 онд хар тамхины хэрэгт холбогдож байсан билээ. Харин түүнтэй 29 настай дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа хамт шалгагдаж байгаа гэнэ. Тэднийг энэ сарын 4-5-нд шилжих шөнө баривчилж, буцаан суллан, гадуур байцааж байгаа гэв. Өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байсан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож явсан Г.Сарангэрэл Улсын хилээр хар тамхи бэлэг эрхтэндээ нуун оруулж ирэх гэж байгаад цагдаагийн байгууллагын алба хаагчдад өнгөрсөн дөрөвдүгээр сард баригдсан байдаг. Улмаар хэргийг бүлэглэлээр үйлдэхийг завдаж байсан бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу мэргэжлийн их эмч, сувилагч нарыг оролцуулан улсын нэгдүгээр амаржих газрын хүлээн авах тасагт дотуур үзлэг хийхэд иргэн Г.Сарангэрэлийн бэлэг эрхтэн дотроос их хэмжээний “мөс” гэх мансууруулах бодис гарч ирсэн билээ. Эд мөрийн баримтаар уг хар тамхийг хураан авч холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор Г.Сарангэрэлийг 461 дүгээр хорих ангид хорьж байгаа гэнэ. Г.Сарангэрэлийг ч мөн цаашдаа гадуур байцааж хэргийг нь хэрэгсэхгүй болгох байх гэж эх сурвалж хэлж байна. Өмнө нь хэд хэдэн удаа хар тамхины хэрэгт тэрбээр холбогдож байсан ч дорвитой шийтгэл оногдуулж байгаагүй.

Хар тамхины хэрэглээ хүрээгээ тэлэхийн хэрээр уг хэрэгт өндөр албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд, тэдний үр хүүхдүүд холбогдох болжээ. Нийслэлийн тээврийн хоёр прокурор, Эрээнд сууж байсан консул А.Мурат, Дэд сайдын хүү, ТӨХ-ны дарга асан Д.Сугарын хүүхэд гээд олон хүмүүс холбогдсон ч тус хэргүүд хэрхэн шийдэгдсэн нь тодорхой бус байдаг. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Доктор, профессор Ш.Лхагвасүрэн “Монголд хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн, ноцтой асуудал болсон” талаар манай сонинд ярилцлага өгсөн байдаг. Тэрээр сүүлдээ дунд сургуулийн хүүхдүүдийн хэрэглээ болчихсон. Энэ нь их санаа зовоож байгаа гэдгийг ч дурдсан. Нийслэлийн эрүүл мэндийн газраас судалгаа явуулахад 400 гаруй хүүхдийг насанд хүрсэн хүмүүс уруу татаж, хар тамхи хэрэглэж үзэхийг санал болгосон гэжээ. Харин хар тамхи хэрэглэж үзсэн хүүхдүүдийн дийлэнх нь сонирхолтой санагдаад, санамсаргүйгээр, саваагүй зан хөдлөөд, бусдыг дуурайж хэрэглэсэн гэсэн хариултыг өгсөн юм байна. Энэ мэт баримт мэдээллээс харахад хар тамхины хэрэглээ Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг харуулж байна. Хүүхэд, залуусын дунд аюулгүй харанга мэт дэгдсэн энэ ноцтой асуудалтай тэмцэх дорвитой арга хэмжээ авах цаг аль нэгэнт болжээ. Гэвч хар тамхины хэрэгт урлаг соёлын одод, томоохон албан тушаалтнуудын хүүхдүүд, прокурор хууль хүчнийхэн холбогдоод, арын хаалгаар хэргээс мултраад байхаар яах болж байна. Хамгийн ноцтой асуудал нь хууль хүчний байгууллагынхан хэрэгт холбогдсон хүмүүст зөөлөн хандаж, өөрсдөө дунд нь орж, хар тамхины бизнес эрхэлж, хилээр оруулж, гаргадаг, худалдан борлуулдаг болох нь эхнээсээ баримттайгаар тогтоогдож эхэллээ. Энэ мэт ажиглалт хийхэд л хар тамхины хэрэглээ зогсолтгүй үргэлжилж байгаа нь хууль хүчний байгууллагынхантай шууд холбоотой байна. Сэтгүүлч бид ингэж бодож, хардаж байгаа юм. Яагаад гэвэл хар тамхины хэрэглээ сүүлийн арван жилд маш хурдтай газар авч, даамжирч байна. Нийгэмд хар тамхины бизнесийг атгаж, залуучуудын хэрэглэх нөхцөл бололцоог нь хангаж өгч байгаа прокурор, шүүгч, цагдаа, хууль хүчнийхнийг хуулийн дагуу хатуу шийтгэх хэрэгтэй. Хууль хүчний алба хаагчид та бүхэн хар тамхи хэрэглэгчдийг өмгөөлөөд, бүр ивээлдээ авч энхрийлээд байгаа юм шиг харагдаад байна. Улс үндэстнийг мөхөөж байгаа энэхүү аюулыг Монголын хууль хүчнийхэн зоригтойгоор таслан зогсоож, хорьж шийтгэж чадахгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *