Categories
мэдээ цаг-үе

Д.Ангар: “Монгол базальт”-ын хувьцаанд 19 тэрбумын захиалга ирлээ, цаашдаа бүх том компани IPO гаргана

“Novel investment” компанийн гүйцэтгэх захирал Д.Ангартай ярилцлаа.


-“Монгол базальт” компанийн IPO -гийн захиалга олон тэрбумаар давлаа гэсэн мэдээлэл хөрөнгийн зах зээлийн гэгээтэй сонины нэг болж байна. Хичнээн төгрөгийн захиалга ирэв гэдгээ ярилцлагаа эхэлье?

-“Монгол базальт”-ын IPO-нд 19 тэрбум төгрөгийн захиалга ирлээ. Анх төлөвлөсөн хэмжээнээсээ гурав дахин илүү хэмжээний захиалга. Дотоод гадаадын хөрөнгө оруулагчид хувьцаанд мөнгөө хийх сонирхол өссөнийг энэ удаагийн IPO харууллаа. Өмнө нь дундаж иргэд мөнгөө банкинд л хадгалдаг байсан. Гэтэл өнөөдөр цаг өөр болж байна. Хоёрдогч, гуравдагч сонголтуудыг хийж сурч байна. “Монгол базальт”-ын өмнө “Айтүүлс”, “Lend.mn” IPO гаргасан. Хөрөнгө оруулагч талаасаа шинэ сонголт гэж ярьж байгаа ч компаниуд талаасаа бас шинэ сонголт болж байна л даа. Компаниуд мөнгө хэрэг болохоороо банк руу явдаг байсан бол одоо өөр зам байдгийг хараад эхэллээ. Санхүүгийн зах зээл дээр маш хэрэгтэй дүр зураг. Ингэж байж л компаниудын маань өрсөлдөх чадвар сайжирна, бүтээмжээ нэмэгдүүлнэ, тоног төхөөрөмжөө шинэчилнэ, үйлдвэрээ томсгоно. Сүүлийн хэдэн жил баахан дарга нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдийн засгаа хөгжүүлнэ гэж ярьснаас өөрийг хийсэнгүй. Гэтэл эдийн засгийн суурь нь дарга нар биш, аж ахуйн нэгжүүд. Аж ахуйн нэгжээ дэмжиж зээлийнх нь хүүг буулгая гэдэг бодлого хэрэгжээгүй учраас компаниуд өөрсдөө чардайсаар байгаад хөрөнгийн зах зээлтэй холбогдлоо.

-Сүүлийн хэдэн IPO амжилттай болчихоор бусад компанийн захирлууд IPO гаргах сонирхлоо илэрхийлж байна уу?

-Саналаа, сонирхлоо илэрхийлж байна. “Монгол базальт” мөнгө босгочихож байгаа хэрэг үү, тэгвэл бидэнд боломж байна шүү гэх жишээний үг сонсогдоод эхэллээ. Компанийн захирлууд хөрөнгийн зах зээлд мөнгө байдагт итгэж эхэлж байна. Тэд сая “Монгол базальт”-ын IPO-г анхааралтай ажигласан. Өмнөх хоёр IPO-нд бол төдийлөн ач холбогдол өгөөгүй байх. Lend.mn банк бус санхүүгийн байгууллага учраас чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн. “Айтүүлс” технологийн компани. Тийм учраас нарийн ширийнийг мэдэхгүй гэсэн шалтгаанаар сонирхоогүй байх. “Монгол базальт”-ын Л.Ариунболд гэхээр өөрсдийнх нь насны, өөрсдийнх нь дайны хүн учраас харьцуулаад эхэлчихэж байгаа юм. Хувьцааныхаа 30 хувийг зургаан тэрбумаар зарж болдог юм байна, хүүгүй зээл авах арга байна гэж олзуурхаад эхэллээ. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа зарж босгосон мөнгө бол хүүгүй гэдэг маш том давуу талтай. Хөрөнгийн зах зээлээс босгосон зургаан тэрбум төгрөг тэр чигтээ үйлдвэрлэлд зарцуулагдана. Зөвхөн ашигтай ажиллаж эхэлснийхээ дараа л хөрөнгө оруулагчдадаа өгөөжөө өгнө.

Аль аль талдаа харилцан ашигтай модель. Ингэж байж үйлдвэрлэл өсдөг, томордог. Томорсныхоо дараа хөрөнгө оруулагчдадаа өгөөжөө өгнө гэсэн үг. Тугалтай зүйрлэвэл том дэлэнтэй үнээ болтол нь хүлээнэ гэж ойлгож болно. Өнөөгийн банкны өндөр хүүтэй зээл бол тугал байхад нь саах гээд нүдээд байна л даа. Харин хувьцааны зах зээл компаниа маш сайн дэмжиж өгдөг. Хувьцаа бол хүн төрөлхтний түүхэн дэх санхүүжилтийн хамгийн зөв хэлбэр. Аль ч улсын өсч дэвжих амбицтай том компаниуд хувьцаагаа л зардаг. Тэд хэзээ ч зээл авдаггүй.

Монгол базальт-ын хувьцааг хөрөнгө оруулагчид яагаад сонгож авч байна вэ гэсэн асуултад та ямар тайлбар хэлэх вэ?

-IPO гарахад үнэт цаасны танилцуулга тараагддаг. Компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг андеррайтер нь бэлдээд өгчихдөг юм. Хөрөнгө оруулагчдын хувьд ирэх арван жилд хэрхэн ажиллах бол гэдгийг сонирхдог л доо. “Монгол базальт”-ын давуу тал бол ирэх жилүүдийнх нь өсөлт. Ирэх таван жилийнх нь өсөлт маш сайн байна. Энэ удаа босгосон мөнгөөрөө үйлдвэр барина, тоног төхөөрөмжөө шинэчилнэ, бүтээгдэхүүнээ худалдана. Өнөөдрийн байдлаар борлуулалт нь хоёр тэрбумаар хэмжигдэж байна. Хувьцаагаа зарж мөнгө босгоод үйлдвэрээ шинэчилсний дараа дөрвөн жилийн дотор борлуулалт нь долоо дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Энэ тоо хөрөнгө оруулагчдад таалагдсан хэрэг л дээ. Хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгө долоо дахина өснө гэдэг бол онцолж сонирхох том шалтгаан.

Монгол базальт-ын тухайд өөрийн гэсэн үйлдвэртэй, үйл ажиллагаа нь тогтворжсон гэсэн давуу тал нь ч нөлөөлсөн байх…?

-Тийм давуу тал бий. “Айлтүүлс”-ийн хувьд технологийн компани учраас өрсөлдөгч гарч ирэх боломжтой. “Монгол базальт”-ын хувьд үйлдвэрлэл учраас яг ийм хэмжээний ноу хау нэвтрүүлээд туршлага олохын тулд магадгүй 10-15 жил шаардагдана. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын хувьд үйлдвэрлэл өсөөд тогтворжчихвол өрсөлдөгч байхгүй гэж “Монгол базальт”-ыг харсан байх. Тодруулж хэлбэл “Айлтүүлс”, Lend.mn дээр өрсөлдөгч гарч ирэх боломжтой бол “Монгол базальт” дээр гарч ирэхгүй гэсэн том давуу тал бий. Үйлдвэрлэлийн өсөлтийн онцлог байна л даа. Үүнийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид харсан учраас захиалга нь хэд дахин давж орж ирлээ.

-Гадаадын хөрөнгө оруулагчид хэр сонирхсон бол?

-Монголд үйл ажиллагаа явуулдаг Солонгосын брокерийн компани хоёр, гурав байдаг юм. Тэднээс мэдээлэл авахад Солонгосын том хөрөнгө оруулагчид орж ирээд “Монгол базальт”-аас их хэмжээний хувьцаа авсан сураг байна. Гурван хоногийн дараа албан ёсны мэдээлэл гарахаар баталгаажих байх.

-Хөрөнгийн зах зээлд оролцогчид гэхээр арилжааны банкныхан юм уу, их мөнгөтэй хүмүүс л байдаг гэдэг. Дунджаар хичнээн төгрөгтэй хүмүүс энэ зах зээлд идэвхтэй тоглож байна?

-Яг зарчмын хувьд 380 төгрөгтэй хүн ч орж болно. Яагаад гэвэл “Монгол базальт”-ын нэгж хувьцааны үнэ 380 төгрөг. Манай компанийн жишгээс харахад дор хаяж арван саяас дээш төгрөгтэй хүмүүс хувьцааны арилжаанд орж байна. Хөрөнгө оруулагчдын гэхээс илүү манай зах зээлийн тушаа байдал нөлөөлөөд байна л даа. Мянган төгрөгөө больё, ядаж сая төгрөгтэй хүн яагаад хувьцааны зах зээлд орж болохгүй байна вэ гэхээр процесс нь түвэгтэй гэсэн ганц том шалтгаан бий. Брокерийн компани дээр ирж дансаа нээлгэнэ, аппликэйшн бөглөнө, захиалгаа өгнө, мөнгөө байршуулна гээд маш олон процесстой. Онлайнаар дансаа нээлгэх боломжгүй гэх мэт дотоодын техникийн бэлэн биш байдал нь жижиг хувьцаа эзэмшигчдийг үргээдэг. Зах зээл нь хурдтай хөгжөөд байдаг. Гэтэл Хөрөнгийн бирж маань хуучин арга барилаараа яваад байна л даа.

-Захиалга нь гурав дахин давчихаар захиалгаа нэгэнт өгчихсөн хүмүүст ямар зарчмаар хувьцааг нь хуваах бол?

-Захиалга өгсөн хэмжээнийхээ гуравны нэгийг авна гэсэн үг. Захиалга өгчихөөд авахгүй үлдэнэ гэсэн ойлголт байхгүй. Сая төгрөгөөс доош хэмжээний мөнгөөр захиалга өгсөн хүмүүс нь эхэлж аваад үлдсэнийг нь хувь тэнцүүлчихнэ гэсэн үг.

-Lend.mn хүмүүст их хүрч байна. Энэ үйлчилгээний талаар санаа бодлоо хуваалцаач?

-Lend.mn бол ломбардыг л соёлтой болгочихсон хэрэг. Ломбардыг хэрэглэхэд амар, хүртээмжтэй болгосон хэлбэр. Хүү нь өндөр, сарын 10, жилийн 120 хувийн хүүтэй. 200, 300 хувийн хүүтэй ломбардтай харьцуулахад дэвшил мөн үү гэвэл мөн.

Үүнийг би буруу гэж бодохгүй байна. Зах зээл дээр гарч ирэх ёстой. Одоо энэ моделийг дагаад бусад компани орж ирэх хэрэгтэй. Саяхан Lend.mn-ий эхний улирлын санхүүгийн тайлан маш сайн гарсан. Тэгэхээр үүн шиг компаниуд дахиад гарч ирнэ, магадгүй зарим компани чиглэлээ ийм болгох байх. Санхүүгийн зах зээл дээр өрсөлдөөн бий болж байж л зээлийн хүү буурна. Lend.mn зорилтот зах зээл дээрээ зөв юм хийсэн. Төр зээлийн хүүг гаргуунд нь хаячихсан, 200-400 хувийн хүүтэй зээл байгаа нөхцөлд гар утсаараа барьцаагүй 100 хувийн зээлийг арай бага хувийн хүүтэй авч эхэлсэн нь ололт мөн л дөө. Монголын бизнесийн бүх салбар өрсөлдөгчтэй. Нэг нь жаахан үнэ хэлэнгүүт нөгөөх нь хямдруулж үнэд нь нөлөөлж чаддаг. Ганц өрсөлдөөнгүй салбар нь санхүүгийн зах зээл. Хэдхэн банк нийт зах зээлийнхээ 90-ээд хувийг эзэлдэг. Ийм тохиолдолд хоорондоо өрсөлдөх шаардлага байхгүй. Харин сүүлийн нэг, хоёр жилийн хугацаанд санхүүгийн зах зээл рүү шинэ тоглогч, оролцогчид орж ирж байна. Ингэж байж л өрсөлдөөн нэмэгдэнэ. Энэ өрсөлдөөнөөс хожих хүмүүс нь хэрэглэгчид. Өөрөөр хэлбэл зээлдэгчид.

-Хөрөнгийн зах зээлд блокчейн технологийг нэвтрүүлэх боломжийн тухай яриад эхэллээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай яваа бол?

-Блокчейн бол мундаг технологи гэдэгтэй маргах юм байхгүй. Олон хэлбэрээр ашиглаж болно, өсч хөгжих орон зай дэлхийд байгааг үгүйсгэхгүй. Гагцхүү Монголд энэ технологийг ашиглаж төлбөр тооцоо гүйлгээ хийх боломжгүй. Татвараас зугтах, мөнгө угаах гэх мэт асуудал яригдах эрсдэлтэй.

-Яагаад?

-Яагаад гэвэл Монгол Улс мөнгө угаахын эсрэг, терроризмын эсрэг, татварын эсрэг гэх мэт байж болох бүх л олон улсын гэрээ, конвенцид аль хэдийнэ нэгдчихсэн. Одоо бидэнд буцах зам байхгүй. Харин ийм гэрээ, конвенцуудад нэгдээгүй улсууд блокчейн, биткойныг хөгжүүлээд ашиг олоод явж болно. Швейцарь, Хонгконг, Япон гэх мэт улсуудад болоод байгаа нь ийм учиртай.

Харамсалтай нь манай улс учир мэдэхгүй явах үедээ олон улсын баахан гэрээ, конвенцод аль хэдийнэ гарын үсгээ зурчихсан. Өнгөрсөн жил Европын холбоо манай улсыг саарал жагсаалтад орууллаа. “Та нар иргэдийн хадгаламжийн мэдээллийг бидэнд өгөхгүй байна, магадгүй үүгээр дамжиж мөнгө угаагдаж, татвараас зугтаад байна” гээд л саарал жагсаалтад оруулсан. Үүний дараа УИХ гэнэт хууль гаргаад буулт хийх жишээний. Блокчейн биткойныг нэвтрүүлээд, том тоглогчоор цойлох боломж Монголд байхгүй нь харамсалтай ч гэлээ бодитой үнэн.

-Блокчейноор том тоглогч байх боломжтой, тодорхой ажлууд хийгээд эхэлсэн гээд байгаа шүү дээ?

-Том тоглогч байж болно л доо. Гэхдээ ингэхийн тулд өмнө нь нэгдэж орсон бүх гэрээ, конвенцоосоо гарах ёстой. Энэ асуудлыг ярих хэрэгтэй. Швейцарь бол угаасаа оффшор. Хүний мөнгийг нууж амьдарч яваа улс. Гэрээ, конвенцод нэгдээгүй учраас тэр л дээ. Муугаар хэлэхэд сүүлийн тавин жилд “Манай улсад мөнгөө угаа, манайд татвараа нуу” гэсэн бодлого хэрэгжүүллээ. Үр дүнд нь эдийн засаг нь хөгжсөн. Одоо дараагийн тавин жилийн хөгжлөө блокчейн, биткойн гэж харж байж болно. Тэгэхээр Швейцарьт бол боломж нь байгаа. Харин бидэнд боломж нь байхгүй. Швейцарьт болж байгаа юм чинь бид чадна гэж яриад ч бүтэхгүй. Дахиад хэлэхэд блокчейн мундаг технологи гэдгийг хэн ч үгүйсгэхгүй.

-Хөрөнгийн зах зээл дээр амжилттай тоглож байгаа компаниуд гэвэл хичнээнээр тоологдох вэ?

-Цөөхөн байгаа. Манай компаниуд хувьцаагаа олон нийтэд гаргасан хэрнээ хувьцаатай дагалдаж явдаг хоёр гурван зүйлд ач холбогдол өгдөггүй. Хариуцлагатай, ил тод байж, хөрөнгө оруулагчдадаа ашиг өгөөжтэй ажиллах ёстой. Энэ гурван зарчмыг компаниуд алдагдуулсан. Маш харамсалтай дүр зургаар явж ирсэн. Бүх компани дэргэдээ трейдинг гэсэн охин компани байгуулаад тэр компаниараа дамжуулаад хамаг ашиг орлогоо хуваагаад авчихдаг.

Тэгэхээр хувьцаа эзэмшигчдэд нь ашиг ирдэггүй. Харамсалтай нь энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Шинэ гарч байгаа компаниуд яг ийм замаар явбал нэр хүндгүй болно. Миний хувьд “Lend.mn”, “Айтүүлс”, “Монгол базальт”-д маш их найдлага тавьж байна. Энэ компаниуд хуучин компаниудын захирлуудтай адил сэтгэхүйтэй ажиллавал хөгжихгүй. Манай хувьцаат компанийн захирлууд ингэж явлаа гээд хөгжөөгүй. Хувьцаат компани гэсэн нэртэй хэр нь банкнаас өндөр хүүтэй зээл аваад явж байна.

Монгол базальт-ын дараа IPO хийж мөнгө босгох сонирхолтой компани хөрөнгийн зах зээл дээр гарч ирэх болов уу?

-Дараагийн нэг хоёр жил гурваас дөрвөн IPO л гарах болов уу. Харин цаашдаа жил бүр 10-15 IPO гарах дүр зураг харагдаж байна. Ирээдүйд IPO олноороо гарна гээд байгаа шалтгаан нь хөрөнгийн зах зээлийн гэхээс илүү өнөөгийн компанийн захирлуудтай холбоотой. Зах зээл эхлэхэд компани байгуулсан хүмүүс өнөөдөр тэтгэврийн нас руугаа ойртож байна. Өөрсдөө удирдаж хүчрэхээ байсан, үр хүүхэд нь өөр бизнест сонирхолтой гэх мэт байгалийн шаардлага гараад эхэлчихсэн. Тэр хүмүүсийн тухайд компанийнхаа хаалгыг нээж, мэддэг чаддаг сайн хүнийг гэрээний дагуу гүйцэтгэх захирлаар томилж, СЗХ гэх мэт газраар компаниа хянуулчихаад өөрөө аялах сонирхолтой болж байна. Би долоо хоногийн өмнө том хүлээн авалтад орлоо. Тэр үеэр хэд хэдэн компанийн захирал яг иймэрхүү өнгөтэй үг хэлж байна.

“Одоо ах нь дангаараа бизнесээ аваад явах боломжгүй болчихлоо, хүүхдүүд маань өөр юм сонирхоод байна, ерөөсөө компаниа нээлттэй хувьцаат компани болгоод мэддэг чаддаг хүнд нь дэлхийн хэмжээний цалинг нь өгөөд удирдуулъя. Хувьцааныхаа ногдол ашгийг аваад явъя” гэж байна л даа. Цаашдаа ТОП-100-д багтдаг бүх компани IPO хийдэг болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *