Онцгой байдлын ерөнхий газраас Аврагч-усчин, шумбагчийн мэргэжил олгох анхан шатны “УС-18.1” сургалтыг Улаанбаатар хотноо Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-д 2018 оны тавдугаар сарын 1-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Орон нутгийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Нийслэлийн аврах анги 105-ын нийт 25 алба хаагч 240 цагийн сургалтад хамрагдан, гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, дадлага эзэмшлээ. Сургалтын төгсгөлд Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Усчин-аврагч, шумбагчдын мэргэжлийн үнэлгээний ажлын хэсэг”-ийн шалгалтыг өгч тэнцсэн алба хаагчид өнөөдөр “Аврагч-усчин, шумбагчийн мэргэжлийн үнэмлэх”-ээ гардан авлаа.
Аврагч-усчин, шумбагчдын усанд сэлэлтийн сургалтыг Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн багш, дасгалжуулагч, ОУХМ Н.Даваадорж удирдан явуулсан юм. Тэрээр, аврагчдад мэргэжлийн үнэмлэх гардуулах үеэрээ, гурван алба хаагч мэргэжлийн тамирчинтай эн зэрэгцэхүйц амжилтыг үзүүлсэн нь сургалтын үр дүн, аврагчдын мэргэжлийн ур чадвар сайн байгааг харуулсан явдал боллоо гэж дүгнэсэн юм.
Цаашид Онцгой байдлын байгууллагын сургалтын бодлого, төлөвлөлтийн хувьд мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг “анхан”, “дунд”, “дээд”, “гүнзгий” шатаар бэлтгэх, мэргэшүүлэх, зэрэглэл олгох давтан сургалтыг дотооддоо зохион байгуулах бөгөөд “Олон улсын хэмжээний одтой сургалт”-ыг гадны улс орнуудаас мэргэжлийн сургагч багшийг урьж авчран зохион байгуулахаар ажиллаж байна.