Categories
мэдээ цаг-үе

Б.Наранцэцэг: Даралт ихсэх өвчний үед хавсарсан нийлмэл эмчилгээ хийх ёстой

Буят-Ээж эмнэлгийн ерөнхий эмч, зүрх судас, дотрын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, ОХУ-ын АУ-ны докторант Б.Наранцэцэгтэй даралт исдэх өвчний талаар ярилцлаа.


-Даралт ихсэх өвчний гол шалтгаан юу вэ?

-Олон янзын шалтгаанаар даралт ихэснэ. Жинхэнэ даралт ихсэх өвчин гэж байна. Шинж тэмдгийн даралт ихсэх өвчин гэж бий. Манай улсад шинж тэмдэгийн даралт ихсэх өвчин зонхилон тохиолдож байгаа. Жишээлбэл, бөөр өвдсөнөөс, бодисын солилцооны хам шинж өвчнөөс үүдэлтэй бамбайн хордлого зэрэг олон янзын өвчнөөс үүдэлтэй даралт ихсэх өвчин гэж бий. Анх 1997 онд хийгдсэн судалгаагаар манай иргэдийн цусны холестирин, сахар ямар байгааг шинжлэн харьцуулалт хийсэн юм. Тэгэхэд даралт ихсэх өвчин нутаг орноороо ялгаатай гарсан. Тухайлбал, уулын бүсэд оршдог, өндөр уулархаг газрын хүмүүс илүү даралт ихтэй. Нам тал газарт бол ерөнхийдөө даралт ихдэх өвчин харьцангуй цөөн тохиолддог. Мөн тухайн үед дүүргүүдээр нь албан газруудаар нь ангилан судалгаа хийхэд автобус баазын жолооч нар даралт ихтэй байсан. Өдөржин суудаг ажилтай хэрнээ өөх тостой хүнд хоол, хуушуур бууз, цуйван иддэг нь өвчний шалтгаан болсон байгаа юм. Одоогоор бол энэ төрлийн нийтийг хамарсан судалгаа бараг алга.

-Даралтаа хэрхэн хянах вэ. Хэдээс хэдэн насны хүний даралт хэд байх ёстой гэсэн заалт бий юу?

-Даралт тэдээс тэдэн насанд тийм байх ёстой гэх зүйл байхгүй. Харин даралт140/90 гэж бий. 140-өөс дээш гарвал даралт ихтэй байна гэж ойлгоно. Хүмүүс миний даралт заримдаа тэд хүрдэг яана аа, яаж байгаа юм бол гээд эм уудаг эмчлэх гэж оролддог. Эмчлэхээс урьтаж, ядарсан бол ядаргаагаа тайлаад, нойргүй хоносон бол нойр аваад, хоол цай холдсон бол хоолоо идээд, стресс бухимдалтай байсан бол орчноо солиод бухимдлаасаа ангижраад л даралт хэвийн болчихно. Уян хатан байгаа даралт хэд ч болж хэлбэлздэг.

-Даралт сэтгэл санаатай ч холбоотой гэсэн үг үү?

-140/90-ээс илүү гарвал даралт хэвийн биш гэж үзнэ. Гэхдээ суугаа ажилтай, стресстэй үед даралт ихэснэ. Жишээлбэл, автобус гэнэт хүчтэй тоормосолж болно, хэн нэгэн хүнд уур нь хүрч болно. Уур бухимдал гэдэг нь цусанд нь ихэссэн бодисуудыг гаргахын тулд үзүүлж буй хариу урвал гэж ойлгож болно. Нэг талаараа тархи зүрхийг хамгаалж байгаа процесс юм. Мөн хэтэрхий мэдрэг хүнд даралт нэлээд мэдрэгддэг. Зүгээр сууж байхад тархи толгой өвдөөд ч байгаа юм шиг байна гэдэг. Энэ бас л үл ялиг шалтгаант сэтгэл санааны өвчин. Тийм өвчин нэлээд дэлгэрсэн шүү. Даралтыг ерөөсөө зүрхний бичлэгээр л шинжинэ. Даралтын аппратаар хэмжээд, хэлээд эм уугаад байх шаардлага байхгүй. Заримдаа даралт ихддэг бол аль болох тайван бай, хэт их шингэн уудаг бол багасга, орчноо өөрчил. Турах гэж хоногт 5,6 литер ус ууж болохгүй биеийн жиндээ тааруулж ус ууна дунджаар 1,8-2 литрийг хэрэглэх ёстой.

-Хүүхдийн даралт хэд байх ёстой вэ?

-Хэвийн байх ёстой. Гэхдээ хүүхэд хөдөлгөөн ихтэй байдаг учраас судасны цохилт харьцангуй өндөр байдаг.

-Бөөрний өвчнөөс үүдэлтэй даралт ихэссэн бол бөөрөө хамгийн түрүүнд эмчлэх ёстой юу?

-Бөөрний даралт элбэг тохиолдох болсон. Хүнд хүчир ажилтай, хоолны буруу дэглэмтэй бол хэвшлээ өөрчлөх. Бөөрний өвчний шалтгаанаа тодруулж эмчлэх шаардлагатай. Мөн удам дагасан даралт гэж бий. Энэ тохиолдолд хүүхэд байхаас нь урьдчилан сэргийлэх шаардлагатай.

-Даралт ихтэх өвчний үед тогтмол эм уух ёстой гэдэг. Энэ хэр зөв зүйл вэ?

-Нэгэнт даралт ихсэлттэй гэж онош тавигдсан бол эмээ зөв зохицуулж ууна. Гэхдээ ганцхан даралтны эмийг уух биш хавсаргасан нийлмэл эмчилгээ гэж бий. Ганцхан даралтны эмчилгээ хийж, зөвхөн даралтны эм уусаар байгаад бөөрөө гэмтээж, тархины даралт, зүрхний шигдээс болох тохиолдол байна. Тодруулж хэлбэл, жинхэнэ даралт ихсэх өвчний үед хавсарсан нийлмэл эмчилгээ хийх ёстой юм. Хавсарсан нийлмэл гэхээр өөх тосоо бууруулах, хөдөлгөөний дэглэмээ баримтлах ёстой. Судсаа тэлэх, цусаа шингэлэх гэх мэт хавсарсан нийлмэл эмчилгээ хийж байж даралт хэвийн болдог. Ганцхан даралтын эм уугаад зүгээр яваад байж болохгүй. Яагаад гэхээр даралтны эм нь цусны шингэн хэсгийг хөөж гаргаад, өтгөнийг нь үлдээчихдэг. Учраас араас нь өтгөрсөн цусыг шингэлж байж цусыг хэвийн болгоно. Тэгэхгүй бол нэг газар өтгөрсөн цус нь очоод таглаад зүрхний шигдээс тархины импакт өгчихдөг. Үүнд мөн амьдралын буруу хэв маяг, ажлын байрны стресс их нөлөөтэй. Залуучууд яаж сайхан амьдрах вэ гэж бодсоор мөнхийн стресттэй байна. Японд эмэгтэй хүн төрөөд 45 хоногийн дараа хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажлаа хийдэг бол манайд хоёр жил гэртээ суух болдог гэх мэт нийгмийн стресс их байна. Стресээс үүдэлтэй өвчин ч олширсон.

-Цус өтгөн байх нь даралт ихсэх гол шалтгаан. Хэрхэн цусаа шингэн байлгах вэ?

-Залуучуудын цус өтгөн байвал шингэн уух зүйл нь бага байна гэсэн үг. Жишээлбэл, өглөө ганц аяга, өдөр нэг аяга гэх мэтхэн цай ус уугаад байвал цус өтгөрнө. Хоёрдугаар хоол их идвэл цус өтгөн байдаг гэх сүүлийн үеийн судалгаа байна. Хөдөлгөөнтэй байж зүрхэндээ ачаалал өгөх ёстой. Гүйж амьсгаадах нь мөн цус шингэн байхад тустай. Эрчимтэй хөдөлгөөний тусламжтайгаар зүрх, цусаа сайн шахаж цусан хангамж нь сайн болдог.

-Амьдралын хэв маягаар даралтыг хянаж болох нь байна?

-Даралт нэг хоёр гурав гээд зэрэгтэй. Даралт ихсэлтийн гуравдугаар зэрэгт орсон мэт эм ууж болохгүй. Нэгдүгээр зэргийн даралт ихдэлттэй бол хоол хөдөлгөөн амьдралын хэв маягаар өөрчилнө. Байшинд байдаг бол гадаа гар, агаарт зугаал. Үнэхээр стресстэй, хүнд хэцүү ажилтай бол ажлаасаа гарсан ч болно шүү дээ. Амь, амьдрал, эрүүл мэнд гэдэг хамгийн чухал. Ер нь хүний хоол эрүүл, хөдөлгөөн сайн байвал даралт ихсэх нь харьцангуй бага. Юун түрүүнд өөх тос бага идэх хэрэгтэй. Гэхдээ огт өөх идэхгүй байж болохгүй. Сая манай эмнэлэгт 20 хэдэн настай залуу толгой даагдахгүй хэт ядраад байна гэсээр ирсэн. Нэлээд ядруу сульдаа биетэй байсан. Гэтэл тэр залуу өөх, сахар иддэггүй махыг угааж иддэг өөх огт иддэггүй. Ургамлын тос транс тостой гэснээс хойш тос болон сахар, жимстэй бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй. Гурил, сахарын найрлагатай гэж сонсоод гурил бас иддэггүй болсон байж. Ээж нь миний хүүхэд эрүүл зөв хооллодог сайн хүү гэж байгаа юм. Нүүрс ус, уураг өөх тос гэсэн гуравхан зүйл дээр хүний организм төвлөрч амьдарч байгаа учраас зохистой харьцаагаар идэх ёстой юм. Огт өөх иддэггүй бол тосонд уусдаг витаминууд нь байхгүй болоод эр бэлгийн эсперм нь байгаа юм. Тэр залуу яагаад анх эмнэлэгт хандсан гэхээр найз охин нь жирэмсэлдэггүй. Эмнэлэгт шинжилгээ өгөхөөр залууг эр бэлгийн эсгүй байна гэж. Өөх тос идэлгүй гурван жил болсон учраас ийм байдалд хүрсэн байна. Өөх тос сахарыг зохистой харьцаатай идэх ёстой болохоос огт идэхгүй бай гэсэн үг огт биш. Элэг цэвэр кульказаар тэжээгдэж байдаг учраас огт сахар идэхгүй байвал элэгний цирроз болох маш өндөр магадлалтай. Хэтрүүлж хэрэглэвэл давс, сахар гэлтгүй мах, өөх тос, архи бүгд л хортой. Аль ч хүнсний бүтээгдэхүүнийг хэтрүүлэхгүй л хэрэглэх ёстой.

-Сүүлийн үед бэлгийн сулрал залуужсан гэдэг өөх тосны хэрэглээ хэт багассантай холбоотой байх нь?

-Өөх тостой холбоотой. Судалгаагаар өөх иддэггүй хүүхдүүдийн эр бэлгийн эс багассан байдал ажиглагдсан. Мөн тосонд уусдаг витамин, усанд уусдаг витамин гэж бий. Өөх идээд халуун бүлээн ус уух ёстой.

-Өөх л бол өөх гэсэн үг үү?

Ерөнхийдөө дотор өөхийг хэдэн сардаа нэг гэхээс биш, их идэх хэрэггүй. Өөх идсэн бол харин хөдөлгөөнтэй байж биедээ шингээх, шатаах ёстой. Өөх тостой хоолны араас хүйтэн ус уувал биед шингэхгүй өөх хуримтлагдана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *