Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Золбоо: ШХАБ өргөжиж, тэллээ гээд Монголын хөгжилд хоёр хөршөөс илүү жин дарахгүй

Судлаач, доктор Д.Золбоотой ярилцлаа.


-“Монгол Улс ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа ахисан түвшинд хүргэх хэрэгтэй” гэж Ерөнхийлөгч саяхан мэдэгдсэн. Манай улс олон жил ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад ажиглагчийн статустай оролцсоор ирсэн шүү дээ. Ер нь ШХАБ-ын гишүүн орноор элсэх шаардлага байна уу. Судлаачийн хувьд эерэг болон сөрөг талыг нь хэрхэн харж байна вэ?

-Манай улс энэ байгууллагын анхны ажиглагчаар нь элссэнээс хойш 14 жил өнгөрчээ. Бага хугацаа биш гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ энэ харилцаа, хамтын ажиллагаанаас алдсан болон олсон зүйл нь юу вэ гэж хэмжиж үзье гэвэл арай өөр дүн гарах байх. Олон хүнтэй уулзаж санал солилцож байна. Залуу судлаач Д.Оргил Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлалын 3.1.1.4, 3.1.1.5 дахь заалтын санааг ШХАБ-д гишүүнээр элсэхгүй байх үндэслэл гэж үзсэн нь ч бас бодох л асуудал. Эерэг гэж нэрлэж болох олон зүйл байгааг ойлгож байна. Гэхдээ л бодит байдал дээр үнэлэхэд учир дутагдалтай. Би саяхан Тайванийн Үндэсний Улс төрийн их сургуульд зочин судлаачаар ажиллаад ирлээ. Мэргэжил нэгт нөхөдтэйгөө янз бүрийн сэдвээр санал солилцсон. Хэрвээ тэдний хэлж байгааг ганц үгээр илэрхийлээч гэвэл манай гадаад бодлого үнэхээр амжилттай хэрэгжиж байгаа. Алдаж, оносон зүйл багагүй боловч дэвшил цөөнгүй байна. Өнгөрсөн бүх л цаг үед манай хүрээлэнгийн судлаач эрдэмтдийн бичиж туурвисан, хийж гүйцэтгэсэн цөөнгүй тооны судалгааны өгүүлэл, ном, хурлын эмхтгэл бий.

-Ерөнхийлөгчийн хувьд ШХАБ-д нэгдвэл гишүүн найман оронтой нь харилцааны нэн таатай орчин бүрдэхийн зэрэгцээ бүс нутгийн дэд бүтцэд холбох асуудал бодит ажил хэрэг болно гэж үр өгөөжийг нь тодорхойлоод байна л даа. Ер нь гурван улсын эдийн засгийн коридор, транзит тээврийн асуудал ШХАБ-д элссэнээр түргэсэх юм уу?

-Хувь судлаачийн хувьд би тэгж харахгүй байна. Төрийн тэргүүн, түүний институцийн зүгээс бодлого боловсруулагч бусад субъекттэйгээ харилцан ойлголцсоны хүрээнд ийм мэдэгдэл гаргасан гэдэгт итгэлтэй байна. Тэрнээс хэн нэгэн хувь хүн НҮБ-ын индэр дээрээс гадныхан байтугай өөрийн талынхан цочирдом мэдээлэл хийдгийн нэг жишээ биш байх гэж найдаж байна. Манай хувьд энэ байгууллагын гишүүд нь хэд, ямар улсууд байхаасаа илүүтэйгээр “мөнхийн” хоёр хөрштэйгөө хамтын ажиллагаагаа яаж хөгжүүлж, хадгалж үлдэх нь л чухал шүү дээ. Бидэнд тулгарсан асуудал нэг байгууллагын гишүүнчлэлийн хэмжээнд шийдэгдчихдэг бол асуудал амар байж магадгүй. Манай байгууллагад гишүүнчлэлгүй учраас ингээд болохгүй, хөгжихгүй байна гэхээсээ илүүгээр манайхаас өөрөөс нь шалтгаалсан зүйл их байх шиг харагддаг.

Таны асуусан хоёр төслийн хувьд ШХАБ-ын гишүүнчлэлээс илүүтэйгээр манай талын идэвх санаа-чилгаас шалтгаалсан зүйл илүү байгаа болов уу. Хамгийн ойрхны жишээ гэвэл Замын Үүд-Эрээний хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсийн асуудал гээд зөндөө байна л даа. Биднээс шалтгаалсан олон асуудал байх шиг.

-Өнгөрсөн жил ШХАБ Энэтхэг, Пакистан хоёрыг эгнээндээ нэгтгэсэн. Ер нь энэ хоёр улс ШХАБ-д элссэний том өөрчлөлт, үр дүн төдийлөн харагдахгүй байх шиг?

-Яг тэгж шууд хэлж болохгүй байх. Аливаа зүй-лийн эцсийн үр дүнг цаг хугацаа л харуулна. Богино хугацаанд гэхээсээ илүүгээр ирээдүйдээ ашигтай гэж бодож гаргасан тухайн улсын шийдвэр биз. Зарим нэг хүмүүсийн хэлээд байгаа шиг энэ хоёр улсын өмнө гишүүнээр элсэх боломж байсаар байтал бид хугацаа алдлаа, амжсан бол илүү нэр төрийн хэрэг байх байлаа гэдэгтэй миний хувьд санал нийлэхгүй байна. Энэ байгууллага хичнээн өргөжиж, тэллээ гээд манай эдийн засаг, хөгжилд хоёр хөршөөс илүү жин дарна гэж байхгүй. Шударгаар хэлэхэд бид элсээгүйдээ алдсаныг тоон үзүүлэлтээр илэрхийлье гэвэл бас л хэцүү санагдах юм.

-Хэрэв ШХАБ-д элсвэл манай улсын эдийн засаг өсөх үү?

-За даа, шууд утгаараа тийм, үгүй гэж хариулах боломжгүй. Олон талаар өсөх боломж байгааг бол үгүйсгэхгүй. Хоёр хөршийн маань эхлүүлсэн Евроазийн эдийн засгийн нийгэмлэг, Бүс ба зам санаачилгад л өөрсдийн дуу хоолойгоо оруулаад хамтраад яваад л том ахиц гарахаар зүйл олон байж болохоор харагдах юм. Саяхан нэг ТВ-ийн нэвтрүүлгээр гадаад харилцааны байгууллагад насаараа ажилласан дипломатчийн 14 жилийн хугацаанд хурал зөвлөгөөнд нь суух гэж төсвийн мөнгийг ашиггүй үрсээр ирлээ гэдгийг онцолж байна лээ. Би бодохдоо, харин ч гишүүнээр элсчихвэл жилийн татвар, гишүүн улсуудын бусад сайд нарын уулзалтад оролцоно гээд бүр ч их зардал гарахаар санагдах юм.

Энэ бүхэн жижиг асуудал байх, хамгийн гол нь бидэнд ямар ашиг гарах вэ гэдгээ л илүү харсан шийдвэр гаргаасай. Гадаад харилцаа, бодлогын салбарт эргэж буцсан шийдвэр гаргаснаас “Долоо хэмжиж нэг огтолсон” нь дээр биз дээ.

-Ингэхэд өмнө яагаад манай улс ШХАБ-д гишүүнээр элсээгүй өдий хүрсэн юм бэ?

-Илүү прагматик талаасаа харвал бидэнд ашигтай юу, цаг нь болсон уу л гэдэг талаас өөрсдийн байр сууриа илэрхийлсээр ирсэн бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Байнга төвийг сахих тухай” хуулийн төсөл хэсэгтээ л анхаарлын төвд байлаа. Зарим судлаачид энэ хуулийн үзэл санааг иймэрхүү шахалтаас эвтэйхэн бултах арга зам байж болох талаар тэмдэглэсэн нь бий.

-Ер нь манай улсын хувьд ШХАБ-ын гишүүн орон болсноор ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний бодлогыг үг дуугүй биелүүлдэг болно гэсэн болгоомжлол байсан уу. ШХАБ-д элссэн тохиолдолд гуравдагч хөршийн маань бодлогод нөлөөлөх үү?

-Айх, болгоомжлолоос илүүтэй бодит нөхцөл байдлыг үнэлсний үндсэн дээр л өнөөг хүрсэн болов уу. Байгууллагын үндсэн баримт бичгүүддээ гишүүн улсуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс шууд оролцохгүй гэсэн үндсэн зарчмаа тодорхойлсон байгууллагын хувьд тиймэрхүү хэт туйлширсан дарамт ирэхгүй байх. Түүхэн уламжлалаа харвал 100 гаруй жилийн түүхтэй “гуравдагч хөрш”-ийн бодлогод маань айхтар нөлөөлөхгүй ч гэлээ, олон улсын харилцааны түвшинд болгоомжлол гэх үү, хардлага төрүүлэхийг харин үгүйсгэхгүй. Энгийнээр хэлэхэд гишүүн боллоо гэсэн манай гадаад бодлогод нөлөөлөх хэмжээнд бодлогын өөрчлөлт авчрахгүй.

-Манай судлаачид ШХАБ-д элсэх цаг арай болоогүй гэсэн байр суурьтай юм байна.Тэгвэл элсэхэд тохиромжтой хугацаа нь хэзээ байж болох вэ?

-Судлаачид болгон өөр, өөрийн гэсэн бодолтой байгаа байх. “Өөх ч биш, булчирхай ч биш” одоогийн байр сууриа өөрчлөөд илүү чадварлаг, зарим нэг талаар “зальжин” ч гэхээр ашигтай хувилбар дэвшүүлэн хамтран ажиллах нь буруу биш байж болох юм. Хэн нэгний нөмөр нөөлгийг эрэлхийлэхээргүй болж, олон улсын тавцанд өөрийн гэсэн байр суурь эзэлсэн үедээ манайхан шахагдаж биш, өөрсдөө гүйж очиж хамтын ажиллагааны үр шимээс хүртэх цаг хол биш байгаа гэдэгт итгэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *