Categories
мэдээ нийгэм

Төрийн тусгай хамгаалалтын газрыг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай хамгаалалтын газрын туганд хүндэтгэлтэйгээр зүүв.

Цэргийн гавьяаны улаан тугийн одон олгох зарлигт:
“Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Зэвсэгт хүчний 97 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, үндэсний аюулгүй байдал, төр засгийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад оруулсан Төрийн тусгай хамгаалалтын газрын үе үеийн ажилтан албан хаагч, цэрэг, офицер, ахлагчдын гавьяа зүтгэлийг үнэлж, Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Төрийн тусгай хамгаалалтын газрыг хөгжүүлж, бэхжүүлэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Төрийн тусгай хамгаалалтын газрын ахмад ажилтан, Хошууч Генерал Шагдарын Нацагдорж, Хурандаа Гомбодоогийн Жаргалсайхан нарт Монгол Улсын Гавьяат Хуульч цол хүртээлээ.
Гавьяат цол хүртээх зарлигт: “Монгол Улсын Гавьяат Хуульч цол хүртээх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Төрийн тусгай хамгаалалтын албаны түүхт 80 жилийн ойг тус тус тохиолдуулан, Эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Төрийн тусгай хамгаалалтын газрыг хөгжүүлж, бэхжүүлэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Төрийн тусгай хамгаалалтын газрын ахмад ажилтан, Хошууч Генерал Шагдарын Нацагдорж, Хурандаа Гомбодоогийн Жаргалсайхан нарт Монгол Улсын Гавьяат Хуульч цол хүртээсүгэй” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасны дараа нийт алба хаагчдад зориулж үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг:
Их эзэн Чингис хааны алдарт шадар хишигтэн цэргийн алтан аргамжийг бөхлөн, Монгол төрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах нэн хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн үе үеийн ажилтан, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, эрхэм генерал, нийт офицер, ахлагч, ажилтан, алба хаагчид Та бүхэнд Төрийн тусгай хамгаалалтын алба үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Тус байгууллага нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар тогтоосон төрийн байгууллага, албан тушаалтан, иргэний амь бие, зарим үйл ажиллагаа, ордон өргөө, орон сууц, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийг хамгаалахад чиглэсэн харилцан уялдаатай мэргэжлийн цогцолбор үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсад айлчилж байгаа гадаад улсын төр, засгийн тэргүүн, өндөр, дээд хэмжээний зочид, манай оронд зохиогдох олон улсын дээд хэмжээний уулзалт хэлэлцээ, хурал зөвлөгөөний аюулгүй байдлыг хангаж, иж бүрэн, найдвартай, шуурхай хамгаалалт, үйлчилгээг үзүүлэн, үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай бие бүрэлдэхүүнийг бэлтгэж ирлээ.
Орчин цагийн Төрийн тусгай хамгаалалтын алба үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус байгууллагыг Монгол Улсын төрийн дээд шагнал – Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байгаадаа туйлын бахархал хүндэтгэлтэй хандаж байна. Энэхүү шагнал нь төрийн туг сүлдээ дээдэлж, эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн баялаг уламжлал, бахархалт түүхэнд Монгол Улсын төрөөс үзүүлж буй хүндэтгэл, цаашдын их хүчин зүтгэлд өгч буй итгэл хариуцлага юм.
Танай хамт олон амжилтаа ахиулан мэргэжлийн ур чадвараа улам дээшлүүлж, хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.
Төрт ёс, өмнөх үеийн дайчин уламжлалыг хадгалж, эрдэм мэдлэг, сахилга хариуцлага, амжилт бүтээлээ бататган, үндсэн үүргүүдээ улам төгөлдөржүүлэх ажил үйлсэд нь их амжилт хүсэж, Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг ерөөе.
Мөнх тэнгэр, төрийн туг сүлд өнөд ивээг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж дууссаны дараа шинэ үеийн Төрийн тусгай хамгаалалтын газрын түүхт 80 жилийн ой нь тохиож байгаатай холбогдуулан дэлгэсэн үе, үеийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *