Categories
мэдээ нийгэм

Дэлхийн тамхигүй өдөр энэ сарын 31-нд тохионо

Дэлхий даяар тамхины улмаас жил бүр эндэж байгаа 7 сая хүний амь насыг аврах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Эдгээр амь насаа алдаж байгаа хүмүүсийн 6 сая нь тамхидалтаас, 890 мянга нь дам тамхидалтаас шалтгаалж нас барж байна. Дэлхий дээр 1.1 тэрбум гаруй хүн тамхи татдаг бөгөөд тэдний 80% нь өвчлөл өндөртэй, бага, дунд орлоготой орнуудад амьдарч байна.

Монгол улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд орж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна.Тухайлбал, 2013 онд хийгдсэн судалгаагаар нийт хүн амын 27,1% нь, үүнээс эрэгтэйчүүдийн 49,1%, эмэгтэйчүүдийн 5,3% нь тамхи татдаг, судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын 1 нь( 40,9%) нь гэртээ, 4 хүн тутмын 1 нь ( 25,5%) нь ажлын байрандаа тамхины утаанд өртөж байна. 2015 онд 2,186 хүн тамхинаас улбаат зүрх судасны өвчнөөр нас барсан байна. Үүний дотор зүрхний цочмог хомсдол өвчин 23.1%-ийг, харин харвалт 22.2% тус тус эзэлж байна.

Тамхины хэрэглээ өндөр байгаагийн гол шалтгаан нь манай улсад тамхины үнэ хямд, өөрөөр хэлбэл түүнд ногдож буй онцгой албан татварын хэмжээ бага байгаатай холбоотой. Тухайлбал, 1 хайрцаг тамхи 1 сав сүүний үнэтэй тэнцүү байна. Монгол улсад тамхины жижиглэнгийн үнийн (2,700 төгрөг)-ийн 33 % байгаа бол ДЭМБ-аас дор хаяж жижиглэнгийн үнийн 70 хувьтай тэнцүү болсноор тамхины хэт хангамж буурч, тамхи худалдан авч улмаар донтох явдал буурх боломж бүрдэнэ гэж зөвлөдөг. 2017 оны 3-р сард Монгол улсын Засгийн газар тамхины онцгой албан татварыг гурван жилийн хугацаанд 20 хувиар нэмэгдүүлэхийг зөвшөөрч Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулж 2018 онд 10 хувь нэмэхээр болсон, гэхдээ одоогоор нэмэгдээгүй л олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байна.

Ингэж нэмснээр тамхины жижиглэнгийн үнийн ойролцоогоор 40%-тай л тэнцэх юм. Тэгэхээр цаашид аажим нэмэх шаардлага хэрэгтэй. Тамхины үнэ, татварыг нэмэх нь тамхины хэрэглээг бууруулж, 60 гаруй хорт хавдрыг бууруулах, үхлийн гол шалтгаан болоод байгаа тархинд цус харвах, зүрхний шигдээс өвчнөөр нас барахыг бууруулж, олон хүний амь насыг аврах улмаар улсын төсөвт нэмэлт орлого оруулж ядууралтай тэмцэхэд чухал нэмэр болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *