Categories
мэдээ нийгэм

“Үйлчлүүлэгчийн төлөө эрүүл мэндийн үйлчилгээ” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

“Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөрийн хүрээнд үйлчлүүлэгчдэд хүрсэн эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрөл бүрийн хэлбэрээр хүртээмжтэй үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилах зорилгоор өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэ удаагийн нээлттэй хаалганы өдрийн онцлог нь өрхийн эрүүл мэндийн төвүүд эмчийн үзлэг, түргэвчилсэн шинжилгээ, зүрхний бичлэг, хэт авиан оношлогоо, утлага, шарлага зэрэг үйлчилгээг үзүүлжээ. Нэгдсэн эмнэлгийнхэн амьлуулах суурь тусламж болон түлэгдэлт, могойд хатгуулах, нохойд хазуулах үеийн анхны тусламжийн дадлага сургалтыг иргэдэд зааж, дүрт тоглолт хэлбэрээр үзүүлэв. Харин хувийн хэвшлийн Нүүдэлчин, Цээнэ эмнэлгүүд тогоочдын холбоо, нэгдсэн эмнэлэг, “Хоол сургалтын төв”-ийн тогооч мэргэжилтнүүдтэй хамтран “Эрүүл зохистой хоол”-ны зөвлөгөөг өгч, амталгаат үзэсгэлэнг зохиов.
Мөн нийгмийн эрүүл мэндийнхэн “Зөвлөгөө мэдээллийн төв”-ийн найрлага хэмжигчээр хэмжилт хийж өвчний эрсдлийг тодорхойлж зөвлөгөө өгөх, бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос сэргийлэх сургалт хийдэг “МИНИ-ПАРК”-ыг ажиллуулсан ба Монос фарм ХХК, Дархан-Уул эм хангамж, Өлзий амгалан, Итгэл, Цахиур төмөр эмийн сангууд эмийн зохистой хэрэглээний мэдээлэл хийж, иргэдийг витаминаар хангасан.

Өдөрлөгийн онцлог нь жирэмсэн эхчүүдийн бөмбөгтэй дасгал, “Цэвэр гар” эрүүл мэндийн бүжиг, эмч нарын урлагын тоглолт, хүүхэд, ахмадуудын “Баян идэр”, “Шинэ” хамтлагын бүжиг, ахмадуудын “Эрч хүч” клубын дасгал хөдөлгөөн, Анагаахын сургуулийн оюутануудын найрал дуу зэрэг сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлж бусад салбарууд, иргэдтэй хамтран ажиллаа. Нээлттэй хаалганы өдөрт 400 гаруй иргэд хамрагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *