Categories
мэдээ нийгэм

Математикийг баяр болгон тэмдэглэдэг ховор уламжлалтай “Олонлог”

“Олонлог” төв сургуулийн “Математикийн баяр” энэ сарын 18-нд Соёл, амралтын хүрээлэнд боллоо. Энэхүү баярыг Математикийн боловсрол, соёлыг хүүхдүүдэд таниулах үүднээс жил болгон зохион байгуулдаг аж. Баярын үеэр бүтэн жилийн турш амжилттай суралцсан сурагчдаа алдаршуулж, батламж гардуулсан юм.

Тус сургуулийн захирал А.Сугар “Энэхүү баярыг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Манай сургууль “математикийн баяр”-ыг тэмдэглэж байгаагаараа анхдагч болсон. Уг баярын үеэр математикийн боловсрол, соёлыг таниулах зэрэг олон арга хэмжээ болдог” гэв. Математикийг “баяр” болгон тэмдэглэдэг ховор тохиолдлын нэг бол энэ уламжлал ажээ. “Олонлог” төв сургууль нь улсын математикийн олимпиадаас 23 алт, 25 мөнгө, 40 хүрэл медаль хүртсэн түүхтэй юм.

“Олонлог” төв сургуулийн бага ангийн тэнхимд 16 жил ажилласан багш П.Чимэг “Математикт суралцах нь төсөөлөн бодох, бясалгах, гүн гүнзгий зүйлсийг ухамсарлах чадварыг олгоно. Бодлогын хариуг эрж хайснаар чөлөөт сэтгэхүй хөгждөг. Оюун бодол санааг хэвшмэл байлгаж болохгүй. Эдгээр чадварууд нь хүүхдийг төлөвшүүлдэг болохоос математик боддог хүн учир зүггүй мөнгө олно гэж ойлгож болохгүй” гэдгийг онцоллоо.

МАТЕМАТИКИЙГ СОНГОН СУРАЛЦСАН ХҮҮХЭД ХАРЬЦАНГУЙ ХҮЧТЭЙ, ИЛҮҮ ЧАДВАРТАЙ БОЛДОГ

Тэрээр “Эцэг эх бүр хүүхдээ мундаг байгаасай гэж хүсдэг. Харин хүүхдүүд төрөл бүрийн авьяастай. Өөр өөрийн өвөрмөц ертөнцтэй. Математикаар сонгон суралцсан хүүхдүүд харьцангуй хүчтэй, илүү чадварлаг байдаг. Энэ нь эцэг эхчүүдийн сонирхлыг их татдаг. Математикаар үргэлжлүүлэн суралцана гэдэг хүнд. Бид математикийг сонирхолтой байлгахын тулд олон арга хэмжээ зохиодог. Үүний нэг нь энэ юм. Гэхдээ учир зүггүй бүгдийг нь математикч болгоод бэлтгээд байна гэсэн үг биш. Зөвхөн стандарт хичээлүүдийг судалснаар математик сэтгэлгээ хөгжихгүй . Стандарт хичээл гэдэг нь цөм хөтөлбөр. Бүх шатны боловсролд эзэмшүүлбэл зохих мэдлэг юм. Үүнийг эзэмшээд төлөвшчихгүй. Бид хүүхдийг багаас нь сонирхолтой байдлаар сургадаг. Багштайгаа хамтарч бодлого бодож, сонирхолтой хичээл заахад анхаардаг. Энэ бүхэнд багш нар хичээж зүтгэдэг.

Бага ангидаа математикаар голлон сурдаг байсан хүүхдүүд дунд ангид орохоороо бусдаас илүү чадварлаг байдаг. Энэ нь сурагчдынхаа оюуны хөгжилд оруулж буй хувь нэмэр. Бидний зорилго авьяас чадвартай хүүхэд бий болгохдоо биш. Оюун санааг нь маш үнэ цэнэтэйгээр бэлтгэж өгөх юм шүү дээ. Орчин үед уралдаан тэмцээн маш ихээр зохиогддог болсон. Энэ бол манай бага ангийн заах аргын нэгдлийн гол бодлого биш. Хүүхэд сайн суурьтай байх ёстой.

МАТЕМАТИК МАШ ХУРДТАЙ ХӨГЖИЖ БАЙНА

Бага ангийн хүүхдүүдийн бодлогын түвшин хүнд, хэцүү болсон. Хөгжил эрчтэй явагдаж байгаа нь мэдэгдэж байна. IV, V ангийн сурагчдын боддог бодлогыг хэдэн жилийн өмнө VIII, IX ангийн хүүхдүүд боддог байсан. Арга барил нь дунд ангид хэрэглэгддэг бодлогыг бага ангийн түвшинд зааж байгаа гэсэн үг. Бидэнд хүүхдийн тархиар тоглох эрх байхгүй. Зөв системтэйгээр хөгжүүлээд цаашлах арга замыг л нээх ёстой. Зарим эцэг эхчүүд хүүхдээ амжилт үзүүлчих юм бол болчих юм шиг л өрөөсгөл бодолтой байдаг. Миний хүүхдэд таарах уу, сонирхож байна уу, хөгжих боломж нь байна уу гэдгийг нь л нээх хэрэгтэй. Олон талын авьяастай хүүхдийг шахаж шантрааж байна. Нуруу хугалдаг шиг л дургүй юманд нь хүчээр явуулах хэрэггүй. Бага ангийн хүүхдийг маш тайван хөгжүүлэх ёстой. Улмаар дунд ангидаа өөрсдийн сонголтоо хийнэ” гэж ярьсан юм.

БОДЛОГО БОДСОНЫ ДАРАА ЗӨВ БАЙХ МЭДРЭМЖ ХАМГИЙН ГОЁ

Математикийн улсын олимпиадаас алтан медаль хүртсэн “Олонлог” сургуулийн XII ангийн сурагч М.Лханаажав бэлтгэл ангиасаа эхлэн “Олонлог” төв сургуульд суралцсан байна. Тэрээр “Анх бусад хүүхдүүд шиг медаль хүртэж, амжилт үзүүлэх гэж математикийг сонгож байлаа. Сүүлдээ улам гүнзгийрч, сонирхол татсан. Энэ жил улсын олимпиадаас алтан медаль хүртлээ. Өнгөрсөн жил мөнгөн медаль авсан. Амжилтаа ахиулсандаа баяртай байна. Энэ жил Румын улсад болох олон улсын математикийн олимпиадад оролцоно. Өнгөрсөн жил тусгай байр эзэлсэн. Даагаа нэхнэ дээ. Математикийн хичээлийг сонгон судалснаар илүү тэвчээртэй болсон. Инженер болно гэж бодож байгаа” гэв.

Улсын олимпиадын хошой хүрэл медальт “Олонлог” төв сургуулийн XII ангийн сурагч Р.Амуударь анх VII ангидаа тус сургуульд элсэн орсон аж. Тэрээр “Өөр сургуульд байхдаа математикаар гүнзгийрүүлж хичээллэж байгаагүй. “Олонлог” төв сургуульд ороод илүү гүнзгий суралцаж эхэлсэн. Анх олимпиадад бэлдэж эхлэхэд маш хэцүү санагддаг байлаа. Бодлогууд нь нэлээн хүнд, ойлгоход бэрх. IX ангиасаа хойш дөрвөн удаа улсын олимпиадад оролцсон. Математикийн хичээлийг сонгон суралцаж, эхэлснээс хойш тэвчээртэй болсон. Аливаа зүйлийг олон талаас нь хардаг. Сурах тусам өөрийгөө юм мэдэхгүй гэдгээ ойлгосон. Бодлого бодсоны дараа зөв байх мэдрэмж хамгийн гоё. Оюутан болоод санхүү, эдийн засгийн чиглэлээр илүү суралцахыг хүсдэг” гэлээ.

Итали улсад зохион байгуулагдсан Европын охидын олимпиадад Монгол Улсаас анх удаа мөнгөн медаль хүртсэн XII ангийн сурагч Б.Долгормаа нэгдүгээр ангиасаа эхлэн “Олонлог” сургууль д суралцжээ. Тэрээр““Олонлог” төв сургуульд элссэн цагаасаа л математикийн олимпиадуудад оролцож эхэлсэн. “Математик бусад шинжлэх ухааны хаан” гэгддэг. Тиймээс бусад шинжлэх ухаан болох физик, хими рүү хөрвөх боломжтой. Мөн анализ хийх чадвар их хөгждөг. Улсын олимпиадад зургаан удаа оролцож, дөрвөн жил хүрэл аваад нэг удаа мөнгөн медаль хүртэж байсан” гэж хэллээ.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *