Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чийг хүссэн тариаланчдын ажил ид дундаа байна

Зуны эхэн сар гараад хэд хонож байгаа ч ширүүн хавсаргатай өдрүүд хахир хаврыг дахин сануулах шиг. Өчигдөрхөн цасаар шуурч байсан ч унтаад сэрэхэд аль хэдийнэ хайлчихсан, зуны шар нар ээсэн өглөө аян замд гарлаа.

Газар тариалангийн бүс нутаг болох Төв аймгийн зарим сумдын хаврын тариалалтын үйл явцыг сурвалжлахаар зорьсон минь энэ.

Аргалант сумын иргэд 6991 га-д тариалалт явуулдаг ч өнөө жил 3000 гад дөрвөн аж ахуйн нэгж, таван иргэн хаврын тариалалтаа эхлүүлжээ.

Бид тус сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Хос бэрс” тариалангийн компаниар зочиллоо. Энэ жилийн хувьд хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтаа тавдугаар сарын 18нд эхлүүлжээ. Тэд энэ хаврын тариалалтыг 900 орчим га талбайд явуулж “Дархан 144” болон “Буриадскы” үрээр улаанбуудай тариалж байгаа аж. Компанийн хамт олон хожуухан буюу 18нд ажлаа эхлүүлсэн ч дөрвөн өдрийн дотор борви бохисхийлгүй ажиллаж, нийт тариалалтынхаа 50 хувийг аль хэдийнэ ардаа орхижээ.

“Бид өнөө жил тавдугаар сарын 6нд хаврын тариалалтаа эхлүүлэхээр техникийн бүрэн бүтэн байдлаа хангаад байсан ч цаг агаарын байдлыг ажиглаж бага зэрэгоройтлоо. Энэ хавар мэр сэрхэн хур унасан ч хаврын хавсарга аваад явчихсан. Газрын хөрсийг сөөм хэртэй ухаж байж чийг гарч байна. Өнөөдрийн байдлаар хур тунадас хүлээгээд тэнгэр хангайдаа залбирч сууна” гэж “Хос Бэрс” компанийн бригадын дарга Б.Эрдэнэсүх хэллээ.

Энэ хавар хөрсөн дээр цочир хүйтэрч байгаа нь тариаланчдын ажилд багагүй хүндрэл учруулж байгаа юм. Тавдугаар сарын эхээр хаврын тариалалтаа эхлүүлсэн аж, ахуйн нэгж иргэд соёолсон тариагаа хөлдөөж шарлуулжээ.

Аргалант сумын нутгаар сүүлийн гурван жилийн хугацаанд хуурай гандуу байгаа тул ургац хураалт тун хангалтгүй байгаа талаар иргэд ярьж байв. Өнгөрсөн жил энэ бүс нутагт хур оройтож орж, үр соёолж эхлэх үеэр нь нар шарж, намар наймдугаар сард бороошсон нь тариа хураалтад хүндрэл учруулжээ. Хэнзэлж ургасан тариаг ашиглах боломжгүй тул дийлэнхийг нь малын тэжээл болгосон байна.

Өнгөрсөн жил энэ бүс нутагт тариалалт эрхэлсэн аж ахуйн нэгж, иргэдээс хамгийн их нь 30 тонн улаанбуудай хураажээ.

Тариаланчдын ажилд цаг уур, хуурайшилтаас гадна саад учруулж буй өөр нэг хүчин зүйл нь мал аж ахуй эрхлэгчид. Долоо хоногийн өмнө Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг зарлаж, бүс нутагт мал оруулж хохирол учруулбал эзнээр нь хохирлыг барагдуулах тухай журам баталсан байдаг. Гэсэн ч өнөөдөр “Хос барс” компанийн тариалангийн талбайг тойроод адуу, мал тааваараа бэлчээрлэж байв. Тариаланчдын хөлс, хүчээ урсгасан тариалалт хийсэн талбай руу мал хэзээ ч нэвтрэхэд бэлэн харагдсан. Компанийн ажилчид, урдах ажилдаа анхаарахаас гадна, иргэдийн мал руу байн байн нүдээ бэлчээж тун ч тавгүй ажиллана байна лээ.

“Аймгийн хэмжээнд мал тариалангийн талбайг сүйтгэдэг асуудал хүндрээд байгаа. Тариалан эрхлэгчид талбайн тэн хагасыг уриншилж үлдээгээд, үлдсэн хэсэгт нь тариалалт хийдэг. Энэ маягаар жил бүр сөөлждөг ч уриншилсан талбайд түрүү жил ургуулаад хураасан тарианы үндэс дагтаршсан байх учиртай. Ингэснээр хөрсний элэгдлээс хамгаалж өгдөг юм лдаа. Гэтэл өвөл мал тариан талбайд бэлчээрлэж, тарианы үндсийг зулгааснаар хаврын улиралд тариалалт хийгээгүй хөрс салхинд их хэмжээгээр хийсч элэгдэлд ороод байгаа” гэж компанийн тариаланч А.Болдбаяр хэллээ.

Энэ бүс нутагт өнгөрсөн жил төмс, манжин, лууван зэрэг нарийн ногоог үрлэгчээр тариалсан ч байгаль цаг уураас шалтгаалж ганц годгор лууван ч авч чадаагүй талаар тариаланчид хэлэв. Аргалант сумын нутаг нь нарийн ногоо тариалахад тохиромжгүй бүс учраас ургаагүй байж болох талаар ахмадууд нь учирлана лээ.

Бид цааш хөдлөөд Мон-гол Улсын заан Д.Амгалан-баатарын хувийн тариалангийн талбайгаар зочиллоо. Зааны тариалалтын талбай руу дөхөх замд тааралдсан олон тооны малын сэг зэмээс энэ бүс нутагт хаваржилт нэлээн хүндэрснийг ажигласан юм.

Энэ хамт олон хаврын тариалалтын ажлаа тавдугаар сарын 15-нд эхлүүлж 1000 орчим га талбайд тариалжээ. Тэд энэ удаа “Гацуурт” компанийн үрээр зөвхөн улаанбуудай тариалсан юм байна. Техник, хүн хүч сайтай тэдний ажлын гүйцэтгэл өнөөдөр 90 орчим хувьтай явж байгаа аж.

“Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхтэй ижил гандуухан байна. Талбай болгон өвлийн унасан цаснаас шалтгаалж харилцан адилгүй байна л даа. Хавартаа бараг юм орсонгүй. Цаашдаа хур орохгүй, хуурай хавсаргатай хэд хоновол ургац алдахад ойрхон байна. Тэнгэр хангай бороо хураа хайрлавал бидний ажлын үр дүн гарна” гэж тракторчин Я.Батгацаа хэлж байв. Өнгөрсөн жил 400 орчим га-д улаанбуудай тариалж дөрөв орчим тонн улаанбуудай хурааж авчээ. Байгаль цаг уурын нөлөөнөөс шалтгаалж их хэмжээний ургац алдсан юм байна.

Тус байгууллагын ажилчид Засгийн газраас шинээр баталсан журмын талаар “Нэг сум орон нутагт хамтран амьдарч байгаа учраас эвтэйхэн зохицоод байх хэрэгтэй. Хавар тариалалт эхлэхэд малчид тариаланчдаа хүндэтгэж хаваржаандаа буугаад, намар хураалт явагдахад намаржаандаа буугаад мал хуйгаа тариалангийн талбайгаас зайтайхан байлгахад асуудалгүй. Адилхан амьдрах гэж зүтгэж байж хэн нэгнийгээ торгох гээд дайраад байх нь гол биш” гэж ярьж байсан юм.

Газар тариалан эрхлэхэд саад учруулдаг өөр нэг дайсан нь хулгана байдаг аж. Энэ бүс нутагт хулгана элбэг байдаг болохоор тариалалтынхаа дараа химийн аргаар устгах арга хэмжээ авдаг юм байна.

Мөн сүргээсээ тасарсан хулан тариалангийн талбай руу орж сүйтгэх тохиолдол хааяа гардаг талаар тариаланчид хэлж байсан юм.

Бид энэ бүхнийг хөөрөлдөөд Аргалант сумын иргэн Х.Ганхүүгийн тариалангийн талбайг зорилоо. Энэ хаврын ажлаа 11-нд эхлүүлсэн тэд 400 га-д тариалалт хийж байгаа юм. Тэд 80 га д овьёос, 70 га-д рабс, 150 га-д улаанбуудай тариалахаар төлөвлөж, ажлын гүйцэтгэл 75 хувьтай явж байгаа аж. Бусад аж ахуйн нэгж иргэдтэй харьцуулахад олон төрлийн ургац тариалж байгаа учраас эрт тариалалтдаа гарч, орой бууж байгаа юм байна.

“Газрын хөрс өнгөн хэсэгтээ хуурай ч төө хэртэй газар ухахад чийгтэй байна. Өвөл цас их унасан болохоор тэр л дээ. Одоо залгаад сайхан хур унавал тариаланчдад их тустай байна. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхийн тулд хур бороо хүлээгээд ажлаа явуулж байна” гэж ярилаа. Өнгөрсөн жил ган гачгийн улмаас тариалалгүй өнжсөн иргэн Х.Ганхүү өнөө жил улаанбуудай, рабс, овьёос дээр нэмж хэрэглээний нарийн ногоогоо тариалж байгаа юм байна.

Энэ бригадад зочлох үеэр бид Атрын гуравдугаар аянаас хойш тракторын жолоо мушгиж буй аймгийн аварга тракторчин Ц.Баттүвшинтэй ярилцахад “Энэ жил газрын хөрсний чийг муу байна. Өчигдөр цас бага зэрэг будраад л өнгөрлөө. Гэхдээ өнгөрсөн жил ган болж ихэнх тариаланчид тариа тариалалгүй өнжсөн болохоор энэ жил ахиухан хураахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаад ажиллаж байна. Манай хамт олон зургадугаар сарын 10-д хүртэл ажиллах төлөвлөгөөтэй байгаа” гэж хэллээ.

“Өнөө жил цаг агаарын урьдчилсан мэдээгээр долдугаар сард хэт халах төлөвтэй байгаа ч манай сумын аж ахуйн нэгж, иргэд хаврын тариалалтын ажлаа эхлүүлээд ид дундаа явж байна. Манай бүс нутгийн малын даац гурав дахин хэтэрсэн байгаа. Анх тэжээлийн аж ахуй байгуулагдахад 37 мянган малтай байх ёстой гэж тогтоосон бол өнөөдөр 86 мянган толгой малтай. Үүнийг дагаад бэлчээрийн даац хэтэрч, малчдын өвөлжөө, хаваржаа тариалангийн талбайгаас хамгийн ойрдоо 50 орчим метр байгаа нь хүндрэл учруулж байна. Цаашид эрчимжсэн мал ахуй, газар тариаланг хамтарч хөгжүүлэхээр төлөвлөсөн. Зарим малчид маань малын тооноос илүү чанарт анхаарч эхэлж байгаа нь олзуурхууштай” гэж Аргалант сумын засаг дарга Б.Батжаргал ярилаа.

Энэ бүс нутгийн томоохон нууранд намрын улиралд шувуудын цугларалт болдог байна. Гантай жил тариа намхан ургахад сүргээрээ нүүдэллэх тогоруу, галуу шувууд суулгасан үрийг түүчихдэг аж. Харин тариа өндөр ургасан жил түүж чаддаггүй талаар тариаланчид ярьж байв.

Тариалангийн талбайн ойр хавийн айлын өвөлжөөний бууц шар усанд урсаж орж ирснээр зэрлэг их хэмжээгээр ургадаг аж. Энэ мэт бэрхшээлүүдэд торолгүй тариаланчид хаврын ажилдаа шамдаж байна.

ГЭРЭЛ ЗУРАГ Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *