Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй

Орчин цагийн хүүрнэл зохиолын төлөөлөгчийн нэг чех гаралтай, франц зохиолч Милан Кундерагийн сор бүтээл болох “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романыг орчуулагч Ж.Тэгшзаяа хөрвүүлэн монголчууддаа хүргэсэн. Хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай эргэцүүлэл, мөн түүнээс гарах гаргалгааг өнөөгийн амьдралын хэв маягтай сүлж бичсэн нь зохиолчийг утга зохиолын хүрээнийхний талархлыг хүртсэн байдаг. Уг романы гол дүрүүд болох Томас, түүний эхнэр Тереза, нууц амраг Сабина нараар амьдралын оршихуй, хүнд, хөнгөн хэмээх гурван өнцгийг харуулжээ. Томас оршихуйг, түүний эхнэр Тереза хүндийг, нууц амраг Сабина нь хөнгөнийг бэлгэднэ. Томас бол тархины мэс засалч. Залуухан хэрнээ амжилттай яваа эр. Түүний нэг сул тал нь хүүхнүүдийг “агнах” гэсэн хүсэл. Мэдээж тэрээр үүнийгээ сул тал гэж хүлээн зөвшөөрөхгүй нь лавтай. Томас бүсгүйчүүдтэй хэсэг хугацаанд зугаацахыг хүснэ. Дасаж, гүн гүнзгий харилцаа үүсгэхээс эмээнэ. Гэхдээ Терезатай учрах хүртэл л түүнийг энэхүү дүрэм үйлчилсэн. Түүний хөнгөн зугаатай “ан” өндөрлөж, Терезад хэдийнэ сэтгэл татагдаж эхэлнэ. Томас Тереза хоёр гэрлэж, улмаар 1968 онд ЗХУ Чехославакыг эзлэн түрэмгийлэх үеэр Швейцарь руу дүрвэдэг. Гэсэн ч төд удалгүй Томас Терезаг даган Прагад эргэн ирдэг.

Амьдралдаа сэтгэл хангалуун бус байдаг Терезад эрх чөлөөг олгогч нь түүний номууд. Түүний талаар “Өөрийг нь бүчин хүрээлэх эв хавгүй ертөнцийн эсрэг барих цор ганц зэвсэг нь хотын номын сангаас авсан түүний номууд, тэр дундаа романууд байв. Филдингээс эхлээд Томас Манн хүртэл Тереза цөмийг уйгагүй уншина. Тэдгээр романууд түүнд сэтгэл дундуур амьдралаасаа оюун санаагаар дайжин зугтах боломжийг олгохоос гадна биет зүйлийн хувьд ч гүн учир утгатай байв, тиймдээ ч Тереза гудамжаар гартаа ном бариад алхах дуртай аж” хэмээн зохиолч өгүүлжээ. Сабина бол Томасын удаан хугацааны нууц амраг. Тэрээр эрх чөлөөт амьдралыг эрхэмлэгч, зураач бүсгүй. Эрх чөлөөт амьдрал түүнд урам зоригийг хайрладаг учир түүнд өөр хүсэх зүйл үгүй мэт. Энэ хоёр бүсгүй Томасын амьдралд эн тэнцүү байр суурь эзэлнэ. Гэхдээ хэн нь ч бүрэн дүүрэн нэгдэн нийлж чадахгүй гэмээр. Сабина, Тереза хоёрын дунд эргэлзэн тээнэгэлзэх Томас “Хүн угаас амьдралаас чухам юу хүсэж буйгаа мэддэггүй. Бид зүйрлэж жишихийн аргагүй ганцхан хувь амьдралыг туулдаг болохоор анхнаасаа л амьдралд гаршин төгөлдөрших боломжгүй. Харьцуулах туршлага байхгүй болохоор аль нь илүү оновчтой шийд болохыг хэмжих аргагүй. Тиймээс амьдралыг тулсан даруйд нь туулаад гарахаас өөр замгүй” хэмээн өөртөө шивнэдэг нь энэ романы түлхүүр гэлтэй. Мөн “Зовлонд дарагдах тусам бидний амьдрал газарт бууж илүү бодитой, илүү үнэн болдог аж. Эсрэгээрээ ямар ч зовлонгүй аж төрөхүй нь хүнийг агаараас ч хөнгөн болгон дээш дэгдээж, ертөнцөөс тасалснаар оршихуй нь барьцгүй хоосонд хувилж үйлдэл бүр нь ул мөргүй, чөлөөтэй болно” гэх эшлэл ч сэтгэлд хүрэв. “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” роман тийм гэж онцлохын аргагүй эргэцүүлэл, эргэлзээг уншигчдад үлдээдэг. Зохиолч дүгнэж, цэгнэхийг бус уншигчдад өөрийнхөөрөө дүгнэх, таамаг дэвшүүлэх орон зайг олгосон нь энэ аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *