2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд
Баянхонгор аймгийн Жаргалант сумын арван жилийн дунд сургуулийн 10 А ангийн 1976 оны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа онцолж байна. Одоогоос 70 жилийн тэртээ “Байдраг” голын хөвөө Хөндлөн булаг хэмээх газар шаваа тавьж, багш, шавийн нандин холбоог үүсгэж байсан бага сургууль өнөөдөр “Байдраг” ахлах сургууль болон өргөжин тэлжээ. Уг сургууль 70 жилийнхээ ойг 2016 онд тэмдэглэсэн баялаг түүхтэй.
Богдын Засгийн газрын үед байгуулагдсан Эрдэнэ вангийн хошууны бага сургуулиас эх авсан эрдмийн өргөөний давалгаа ХХ зууны хорь, гучаад онд Богд Марал уулын хошууны тэнхимийн сургууль, Заг гол сумын бага сургуулиар дамжин улам эрч хүч авсан юм. Ардын засгийн газраас ард түмнийхээ бичиг үсгийн боловсролд ихээхэн анхаарал тавьж, хүүхдүүдийг сургууль соёлд сургах, бүх насныханд бичиг үсгийн боловсрол олгох шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж иржээ. Энэхүү бага сургуулийг 1946-1962 он хүртэл Жаргалант сумын бага сургууль, 1962-1973 он хүртэл бригадын бага сургууль гэж байгаад 1973 онд татан буулгаж сумын 10 жилийн сургуультай нэгтгэсэн байна. Сургуульд монгол бичиг, тоо бодлого, үг хөгжил, зураг, биеийн тамир, түүх, байгалийн хичээл ордог байжээ. Сурах бичиг хичээлийн хэрэгслийг сургуулиас хангадаг. Сургуулийн түлшийг эцэг эхчүүд бэлтгэж өгдөг байсан гэнэ. Сургууль сурагчдын хоолны хуурай хэрэглэлийг бэлтгэдэг, махыг эцэг эхээс авдаг байсан ажээ. Сургуулийн анги танхимд зориулж жижиг байшинг аж ахуйн аргаар ажилчид, эцэг эхийн хүчээр барьж босгосон байна. Багш, хүүхдүүд монгол дээл хувцастай байжээ. Харин багш нарыг хичээл заахдаа эрэгтэй нь бор, эмэгтэй нь ногоон өнгийн халат өмсөхийг шаарддаг байсан боловч эд таваар ховор учир хэрэгжээгүй байна. Хоёр сумыг нийлэхэд Жаргалантын бага сургуулийн ихэнх хүүхэд 10 жилийн сургуульд орсон. Гэвч сургуулийг малчдад ойр байлгаж, хүүхдүүдийг бүрэн хамруулан сургах зорилгоор бригадын бага сургууль бий болжээ. Энэ үед буюу 1966 оны намар есдүгээр сарын 1-ний өдөр Д.Нүрзэд багшийн удирдлаган дор 33 хүүхэдтэй 1Б анги,Ц.Даваажаргал багшийн удирдлаганд 35 хүүхэдтэй 1А ангийнхан бие биетэйгээ бишүүрэнгүйхэн танилцаж сургууль гэх их эрдмийн өргөөний босгыг давж байжээ.
Хавар намрын улиралд хийж амжуулдаг нэг том ажил бол сумын Худалдаа бэлтгэлийн ангийн тарвага, зурамны арьсны төлөвлөөгөөг биелүүлэхэд оролцох явдал байсан аж. Эрэгтэй багш ажилчдын ихэнх нь ангийн нийгэмлэгийн гишүүн байсан гэнэ. Сургуулийн багш ажилчид жил бүр 250-400 ширхэг зурам, 800-1200 ширхэг тарваганы арьс бэлтгэдэг байжээ. Дээр нь сурагчдынхыг нэмээд 1000 орчим зурамны арьсыг Худалдаа бэлтгэлийн ангид тушаадаг байжээ.
Мөн жил жилийн мал нядалгаанд сургуулийн багш ажилчдаас бригад гарч ажилладаг байжээ. Үүн дээр 7-10 дугаар ангийн сурагчид анги ангиараа бригад болон гарахад манай анги явж байлаа. Нийгмийн ажилд хүүхдүүдийг багаас нь хийлгэж сургаж хүмүүжүүлж байсан юм. Ингэж олон нийтийн ажилд хүүхдүүдийг явуулдаг байсан биднийг улам нэгтгэж өгч байв. Ийм ч учраас бид нэгнийхээ баяр, зовлон ямар ч үед хуваалцаж байдаг нь үүнтэй холбоотой байх гэж боддог хэмээж байлаа. Тэднийг VII ангиа төгсдөг жил А, Б бүлгийн нийт хүүхдийн тавин хувийн мал дээр гаргаж байжээ. Ингээд хоёр бүлгийг нэгтгэж н.Намнадагсамбуу багшийн удирдлаганд 40 хүүхэдтэй 10А ангийнхан 1976 оны хавар төгсөн байна. Нийт хүүхдийн 25 дээд сургуулийн хуваарийг авчээ. Энэ нь аймгийн хэмжээнд хамгийн их хүүхэд их сургууль авч байсан ангийн тоонд орсон байна. Энэ талаар одоо ч хүртэл яригддаг гэнэ. Ангийн дарга нь Л.Баяндалай гэх бусдаасаа биеэр том, сурлагадаа ч сайн, аливаа ажлыг удирдан зохион байгуулахдаа сүрхий нэгэн байжээ. Иймдээ ч “Бид нэг ангийнхан” номыг 2016 онд санаачилж гаргаж байсан байна. Тухайн үед хөвгүүд хөх, охид ногоон өнгийн дээл өмсдөг байжээ. Дээлний материал юу байх нь хамаагүй өнгө л таарч байвал энэ нь тэдний дүрэмт хувцас болдог байжээ. Охидын зүүдэг ковпрон ховор байжээ. Иймээс хоршоонд хэдэн цагаар нь оочерлож байж авдаг гэнэ. Эдний ангийнхан Монгол хэл, уран зохиолын багш Д.Дашдоржийгоо хэзээ ч мартдаггүй гэж дурсан ярив. Тэрээр шулуун шударга зантай, монгол ухаан, зан заншил, ахуйгаа эрхэмлэн хүндэтгэдэг, уйгаржин бичгээр маш гоё бичдэг, сайхан хүн байж билээ. Энэ хүнийг өнөөдөр бид эргэн дурсахгүй байж болохгүй хэмээж байлаа.
10 А-гийнхан урлаг спорт сурлагаараа хамгийн сайн мөртлөө сахилагагүй анги байжээ. Сурагчид анги дотроо хоорондоо өрсөлддөг байсан гэнэ. Багш нар журналаа бариад ороод ирэхэд би гурав авсан, дөрөв авсан гээд бүгд л гараа өргөөд асуугдана гэнэ. Аравдугаар ангиа Д.Толя алтан медальтай төгсөж байжээ. Энэ талаар Б.Мөнхжаргал гуай “Монгол хэл, уран зохиолын хичээлийн шалгалтад таслал алдаад сайн авч байлаа. Ингээд алтан медалиас мултарч, мөнгөн медальтай төгсөж байлаа. Дүн авна гэдэг чинь хатуу чанга байлаа шүү дээ. Аравдугаар ангиа төгсөөд Анагаахын их сургуульд элсэж орлоо. Нэг өдөр багш журналаа барьж орж ирээд хэн асуугдах вэ гэхэд, ганцаараа би гэж орилоод эвгүй байдалд орж байж билээ. Манай анги ингэж л өрсөлддөг байжээ” гэв.
Ангидаа математикаар толгой цохидог хүүхдүүдийн нэг нь Б.Батмөнх байжээ. Тэрээр багш нь самбартаа тоогоо бичээд дуусахад, хариуг нь хэлдэг байсан гэнэ. Мөн багш нь самбарт тоо бодоход араас нь алдааг нь хянаад явдаг хүүхэд байсныг ангийнхан онцолж байлаа. Тэрээр Улсын багшийн сургуулийг математикийн багш мэргэжлээр төгсөнө гэхэд ангийнхан нэг гайхдаггүй гэнэ. Одоо Булган аймгийн Хялганат суманд Холбооны салбарын эрхлэгчээр ажиллаж байгаа гэнэ.
10А ангийнхны дийлэнх нь салбарын тэргүүний ажилтан аж. Мөн дөрвөн дэд хурандаа төрөн гарсан бол 19 эмэгтэй алдарт эхийн одонгоор энгэрээ гоёсон байна.
Энэ ангийн Г.Эрдэнэтогтох нь Улсын Багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг төгссөн. Тэрээр драмын улсын академик театрт сургууль төгссөнөөсөө хойш тасралтгүй ажиллаж, тайз дэлгэцийн олон дүр бүтээжээ. Тодруулбал, “Говийн зэрэглээ”, “Сэрүүн дуганы мөхөл”, “Газрын үнэр” кинонууд, “Найрын ширээний ууц”, “Буцах хаяг”, А.П.Чеховын “Интоорын цэцэрлэг”, “Унаган хайр”, Баабарын “Бооцоо”, Д.Намдагийн “Далан худалч” зэрэг жүжгийн бүтээлүүдэд гол болон туслах дүрийг бүтээснээр үзэгчид андахгүй биз ээ. Мөн У.Мэндбаяр дөрөвдүгээр ангиа төгсөөд мал аж ахуй дээр гарч мал маллаж байгаад Улсын батлан хамгаалах төв нийгэмлэгийн жолоочийн дамжаанд суралцан жолооч мэргэжилтэй болжээ. Тэрээр Байдрагийн сангийн аж ахуй хувьчлагдсанаас хойш одоог хүртэл төрөлх сумандаа мал маллаж байгаа аж. Тэрээр “Алтан гадас одон”, сумын мянгат малчин, Улсын сайн малчин цол хүртэж байжээ.
Эдний анги цэргийн хоёр, цагдаагийн хоёр дэд хурандаа цолтой гэнэ. Үүнд Г.Сундуйсүрэн цэргийн дээд сургууль төгссөн. Цэргийн инженер мэргэжилтэй. Цэргийн байгууллагуудад дэд хурандаа цолонд хүртлээ ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан байна. Мөн дэд хурандаа Р.Лувсанноров ЗХУ-ын Хилийн цэргийн дээд сургууль төгссөн. 1998 он хүртэл хилийн цэргийн ангиудад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Цагдаагийн дэд хурандаа Т.Ганбаатар Политехникийн дээд сургуулийг холбооны инженер мэргэжлээр төгссөн. Цагдаагийн байгууллагад хэв журмын тасгийн дарга, дэд дарга зэрэг ажлуудыг хийж байгаад 2007 өндөр насны тэтгэвэрт гарчээ. Мөн Дэд хурандаа Б.Цагаан Хэнтий аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасагт тасгийн дарга зэрэг ажлууд хийж байгаад тэтгэвэртээ гарсан байна.
Зарим хүүхдийн талаар дурсвал Д.Эрдэнэчимэг 1974 оноос Улаанбаатар хотын 17 дугаар сургуульд шилжин суралцжээ. Тэрээр холбооны өргөн нэвтрүүлгийн техникч мэргэжилтэй аж. Одоо “БАМАЦА” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа гэнэ.
Б.Мягмарсүрэн Улаанбаатар хотын Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийг нягтлан бодогч-эдийн засагч мэргэжлээр, Удирдлагын академийг удирдлагын арга зүйч менежер мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр Баянхонгор аймагт “Өгөөж мөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл захирлаар нь ажиллаж байгаа ажээ. С.Дэлгэрдорж МУИС геологи, уул уурхайн инженер мэргэжлээр төгссөн.Тэрээр одоо “Бүлээн даваа” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа гэнэ. Геологийн тэргүүний ажилтан О.Наранцэцэг нь МУИС-ийг геологи, уул уурхайн инженер мэргэжлээр төгссөн байна. Одоо тэрбээр “Дархан цалам” байгууллагын захирлаар ажиллаж байгаа юм байна. Бас Монгол Улсын шүүгчийн “Тэргүүн түшээ”, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа байна. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг 1995 онд төгсжээ. Түүний салбартаа оруулсан хувь нэмрийг төр үнэлж Улаан тугийн одон, Алтан гадас одон хүртээжээ. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Алтан гадас одонт, Хөдөө аж ахуйн болон газрын харилцааны тэргүүний ажилтан Л.Баяндалай энэ ангиас төржээ. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн худалдааны нэгдлийн орлогч дарга, Орхон аймгийн газрын албаны дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байжээ. Тэгвэл Д.Толя ЗХУ-ын Ташкент хотноо Техникийн их сургуулийг инженер электроникч мэргэжлээр төгссөн байна. Тэрээр “Bit service” ХХК-ийн захирлаар ажиллаж, компьютерийн худалдаа, үйлчилгээ, хэвлэлийн үйлдвэрлэл эрхлэж байгаад АНУ-ын Чикаго хотноо амьдарч байгаа бөгөөд “Siemens”-ийн салбар электроникийн үйлдвэрт ажиллаж буй гэнэ. Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан Б.Мөнхжаргал нь анагаах ухааны дээд сургуулийг төгссөн байна. Хүний их эмч мэргэжилтэй.Одоо Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт ажилладаг гэнэ.
Мөн тэдний дунд мөр зэрэгцэн тоглож явсан А.Энхтайван, А.Батжаргал, Т.Нансалмаа, О.Шүрэнцэцэг, Ц.Магванрэнцэн, Г.Ганбаатар, Гомбодорж зэрэг долоон хүүхэд бурхны оронд одож, нөхдийнх нь сэтгэлд гуниг хурсан байна. Тэд “Хамтдаа туулж өнгөрөөсөн гэгээн тунгалаг дурсамж бүхэн сэтгэл зүрхэнд мөнхөд хоногшин байсаар байх болно” гэж дурсан ярьж байв.
10А ангийн 40 жилийн уулзалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-нд Баянхонгор аймгийн Шаргалжуут суманд болсон байна. Ингээд дараагийн уулзалтаа энэ оны наймдугаар сарын 8-нд товложээ. Энэхүү “Нэг ангийнхан” булангаар эргэн уулзахын урилгаа түгээсэн юм.
Б.ҮРЖИГ