Categories
мэдээ нийгэм

Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төсөлд татварын шинэчлэлийг хөгжүүлэх, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн зорилт тавьсан байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцын түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшин 7.5 хувиас хэтрэхгүй байх нөхцөл бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ. Энэ хүрээнд Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөг зарцуулахаар тусгаад буй юм.

Тогтоолын төслийг байнгын хороодоор хэлэлцэх үед гишүүдийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, цөлжилттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, багш, эмч нарын цалин хөлсний менежментийг сайжруулах, Улсын бүртгэлийн үйлчилгээний цогцолбор төв байгуулах, олон нийтийн цагдаагийн цалин, урамшууллыг нэмэх, инновацийн салбарт олон улсын жишигт нийцсэн лаборатори бий болгох зэрэг санал ирүүлсэн талаар Эдийн засгийн байнгын хорооноос танилцуулав.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт эмч нарын цалинг нэмэх боломж байгаа эсэхийг тодруулав.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Монгол Улсын эдийн засаг одоо дөнгөж сэргэж байна. Эмч, эмнэлгийн ажилчид цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа. Эдгээр ажилтнуудын цалинг үр ашигтай, хэмнэлттэй, менежменттэй нэмэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эмнэлгийн байгууллагууд төсвөө өөрсдөө захиран зарцуулж, хэмнэсэн мөнгөөрөө цалин нэмэх байдлаар асуудлыг шийдэж болно” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 216 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй гэдгийг Б.Энх-Амгалан гишүүн шүүмжлэв. Мөн тэрбээр үр дүнгүй арга хэмжээ хэрэгжүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэлээ.

Өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах нарийн бодлогогүй явж ирснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Ирэх оноос түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, 100 мянган өрхөд нам даралтын зуух болон бусад арга технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Үүнд нийт 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцооллыг Сангийн яам гаргажээ.

Асуулт, хариултын дараа гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явууллаа. Тухайлбал, М.Оюунчимэг гишүүний гаргасан МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70 төгрөгийг сэргээх санал олонхын дэмжлэг авсан юм. Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *