Тээврийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Замын цагдаагийн алба, дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран тусгай зориулалтын ачиж зөөвөрлөх автомашин, тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны үйл ажиллагааг удирдамжийн дагуу шалгасан байна.
Нийслэл хотод автозамын түгжрэлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэд холбогдох хууль, тогтоомжийн заалтыг чанд сахих зориллгоор тээврийн хэрэгсэл түр зогсохыг хориглосон газраас тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэн, түр саатуулж байна.
Дээрх үйл ажиллагааны талаар иргэдээс санал, шүүмжлэл багагүй гаргаж байгааг үндэслэн тухайн ажиллагаа хүний өмчлөх эрхийг зөрчиж байгаа эсэх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа эсэх, зөөж шилжүүлж байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг холбогдох хууль тогтоомжуудыг удирдлага болгон шалгахдаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулсан, зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа эрхэлдэг 15 аж ахуйн нэгжийн ачигч, чирэгч зориулалтын 49 тээврийн хэрэгслийг хамруулжээ.
Шалгалтаар дээрх аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгсэл бүрд үзлэг хийн, техникийн бүрэн бүтэн байдал, гадна өнгө үзэмж, нэмэгдэл тоног төхөөрөмж, гэрэлтүүлэх хэрэгслийн хэвийн ажиллагаа, дагалдах хэрэгслийн иж бүрдэл, жолооч, техникийн ажилтнуудын бичиг баримт, тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хөтлөгдөж байгаа бүртгэл судалгаа, зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгслийг тухай бүр нэгдсэн бүртгэлийн 1800-1200 утсанд мэдээлэл өгч байгаа эсэх зэргийг үзэхэд дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ. Тухайлбал:
Дээрх үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын тээврийн хэрэгслүүдээс хамгаалалтын бүсгүй 9, утаатай 11, дугуйны хээ, боолт дутуу 3, эмийн сангийн иж бүрдэл дутуу 19, стандарт дуут дохиогүй 17, их гэрэл ажиллахгүй 5, оврын болон хажуугийн гэрэлгүй 5, хаалга гэмтэлтэй 4, өргүүрээс тос алдсан 6, урд болон хойд камер ажиллахгүй 4, замын болон шалгах механикийн тэмдэглэлгүй 2, лого нь стандарт бус 7, ажлын байрны галын дүгнэлтийн хугацаа дууссан 2, байгууллага даатгалд хамрагдаагүй 3, нөөц дугуй өргүүргүй 2, галын хоргүй 1, шалгах механикийн шалгасан замын хуудасгүй 5, тээврийн хэрэгслийн даатгалын хугацаа дууссан 2 зэрэг олон тооны зөрчил илэрсэн байна.
Түүнчлэн шалгалтын явцад аж ахуйн нэгжүүд зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлж, хяналт тавих зориуллалттай www.its-aja.com бүртгэлийн программ, 1800-1200 дугаарын утсанд мэдээлэл өгөхгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчил тогтоогдсон ба энэ нь иргэдийг чирэгдүүлсэн үйл ажиллагаа болж байна.
Дүүргүүдийн Замын цагдаагийн тасгуудаас өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар ханган ажиллаж, ажилтан алба хаагчдад хууль тогтоомжийн талаар сургалтуудыг зохих хэмжээгээр зохион байгуулсан боловч гэрээ байгуулсан тал болон тус аж ахуйн нэгжийн удирдлагаас өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих ажил хангалтгүй байна гэж дүгнэжээ.
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үйл ажиллагааг зөвхөн цагдаагийн алба хаагчийн шийдвэрээр явуулах ёстой байтал цагдаа ажилладаггүй газраас цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр ачиж явах, тэдгээрийн гарын үсгийг нөхөж зуруулах, тээврийн хэрэгслийг үзэж шалгасан тэмдэглэлд гарын үсэг зурдаггүй, зарим тохиолдолд бичилт хийгдээгүй тэмдэглэл дээр алба хаагчид урьдчилан гарын үсгээ зурж өгөх зэргээр батлагдсан хууль, тогтоомжийг зөрчсөн зөрчил цөөнгүй илэрсэн ба эдгээр нь иргэд, байгууллага, олон нийтийг чирэгдүүлж, гомдол, санал шүүмжлэл гарахад хүргэж байна.
Мөн аж ахуйн нэгжүүдийн хувьд өөрийн талбай байхгүй бүгд түрээсийн талбайтай байх ба Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 33/35 тоот тогтоолоор батлагдсан ,“Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж, шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” журамд 2000 м/кв-аас доошгүй байхаар заасан боловч хэрэгжээгүй, нэг талбайд аж ахуйн нэгж, газрууд хамтран үйл ажиллагаа явуулж байна.
Иймд шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, давтан гаргуулахгүй байх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулахаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, “Авто хүч” ХХК, “Бат зэв” ХХК, “Сидней Констракшн” ХХКомпаниудад Прокурорын мэдэгдэл хүргүүлж, хуульд заасан хугацаанд хариу ирүүлэхийг даалгасан талаар Тээврийн прокурорын газраас мэдээллээ.