Чамайг “хайрт ах минь, гэрэлт анд минь, гэгээн дүү минь…” гэх уярал хайллын үгс цахимаар дүүрэн байна. Үнэн л дээ. Чи тэнгэрт дэвшихээсээ ч өмнө тийм л хүндлэлийн сэнтийд заларсан хүн. Чи аж төрлийн биш юм аа гэхэд авьяас билгийн жинхэнэ хаан байсан шүү дээ. Энэ хорвоод ирсэн хүн бүхэн ийм өв тэгш үнэн сэтгэлийн үгэн өлгийд хөлбөрч буцдаггүй юм. Чи
“Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй” гэж тэртээ ерээд онд бичиж байсан. Эрт орой хэзээ ч ийм нэг яаруухан унаа ирнэ гэдгийг яруу найрагчийнхаа зөн билгээр мэдэрч л байж. Амьдрал гэдэг галт тэрэг Сайншандын чинь галт тэрэгнээс ч хурдан нүдний өмнүүр жирэлзэн өнгөрч байна шүү. Чамтай ерэн долоон оны таван сард “Ромео, Жульетта” жүжгийг үзсэний дараа Баянбүрдийн автобусны буудал хүртэл хамт алхахдаа ямар гэгээхэн сэтгэлээр жигүүрлэж, аж төрлийн тухай, авьяас билэгтний тухай, ер ертөнцийн сайхан хүүхнүүдийн тухай, шүлэг найргаа уншин алхаж явсан минь санаанд тодхон байна. Урьд нь чамайг таньдаггүй байсан юм биш, харин ч “Санаанаас ердөө гардаггүй
Сайхан хар нүд гэж байх юм
Цэцгэн дээр суусан эрвээхэй шиг түүнийг
Цээжин дотроо би үнсэж л явах юм
Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн
Зүггүй дэрэвгэрхэн сормуус гэж байх юм
Зүүдэлж дандаа жаргая гэтэл
Зүрхэн дээр гэргийн гар байх юм…” гэх зэрэг хайрын шүлгүүдээр чинь ерээд оны эхнээс л таних болсон байсан. О.Дашбалбар багшийн “ГУНУ” (“Гол ус намуухан урсана”) урсгалын дугуйлан дээр ч таарч л байсан. Харин цаанаасаа нэг дотносон танилцсан нь тэр хаврын үдэш юм. Танайх тэгэхэд Дэнжийн мянгад байсан. Ийм л нэгэн учралаар бид анд нөхөд болцгоосон. Хожим 2008 онд “Уран бүтээлчид торгон хилээр” аялалд Д.Урианхай, М.Билэгсайхан, Н.Гантулга, Ш.Батжаргал, Ш.Анхтуяа нарын найрагчдын хамт явахад чи тэргүүлж явсан. Бид Ээж хайрхан, Байтаг Богд, Аж Богд, Эдрэнгийн нуруу, Уушгийн застав, Гурван хүүхэд уул, Шаргын говь, Хонин усны говь, Цэнхэр номингийн говь гээд ямар сайхан нутаг орноор аяны дөрөө харшууллаа даа. Ирэхдээ, Заг-Байдрагийн голд маань шумбацгааж, аймгийн төвд хүргэний маань хашаанд шөнө дүл хүртэл сууцгаасан сан. Өдөр нь халсан элсэн дээр завилан Ли Бай, Ду Фу-г ярилцан суутал гэнэт адуу янцгаахад ихэд бэлгэшээж “Аймгийн төвд адуу унгалдана гэдэг аргагүй л Монголын хөдөөгийн хот шүү” гэсэн чинь сэтгэлд тод байна. Тэр орой аймгийн эмнэлэгт дүүгийн маань бие тааруу хүүг эргэн очиход чи л дэргэд нулимс мэлтгэнүүлж зогссон. Чамайг би “морин мэлмийт” гэж нэрлэх дуртай сан. Гэвч, миний энэ үг хол яваагүй ээ. Харин чи бол “явуулах”-ын жинхэнэ мастер байсан. Бид магадгүй, чиний гайхамшигт монгол найргаас гадна халуун дулаан сэтгэлд чинь татагддаг байсан. Шөнө дунд ч юмуу, хар өглөөгүүр залгаад “Өвгөөн, манайхан “Гарьд магнай”-д тоглосныг дуулав уу хө” гэнэ. За мань хашир ч нэг юм сэдэж дээ гэхэд л “Манай Цэнд-Аюуш Далайцэрэнд тоглоод…” гээд хөврүүлж өгнө. Хундаганы ард үнэндээ чамтай суух шиг жаргал байгаагүй. Бавуугийн Лхагвасүрэн гуайн дууг дууриаж байгаад л “Хуримын зар” шүлгийг нь элэглэж өгнө дөө. “Эмээлийн найман ганзагыг ямаа зажилж…” гээд л уншихад сонсож суусан бүхний элэг шууд л газарт унана. Дөрвөн хүүдээ, элэг зүрхний хайрт охин Эрдэнэханддаа ямархан их хайртай байсныг чинь анд нөхөд чинь сайн мэднэ. Чи сайн аав байсаан. Төрсөн нутаг Улаанбадрахдаа номын жин тээж очно гэж их мөрөөднө. Мөрөөдөхөөр барах уу, мань мэтээс ном цуглуулж жингийн авдар урлуулсныг чинь ч санаж байна. Дуу зохиодог атлаа дуулахыг ёстой жинхэнэ утгаар нь үзүүлнэ. Долгорын Ням ахын
“Хойтон хавар ирнэ гээд
Хонин дунд минь буугаарай
Аясын салхинд намирсан
Алчуур дээр минь суугаарай” гэсэн “Цэцэгт цэнхэр алчуур” дууг үнэн эвлэг дуулахад нулимс нь цийлэгнэдэггүй хүн байгаагүй юм даа. Чиний олон сайхан шүлэг найраг монгол түмний сэтгэлд үлдэж байна.
“Цэх зогсоод буудуулавч дайсны сум онохгүй
Цээжний гүнд эх орон минь бий” гэсэн үг чинь л гэхэд эх орны хилийн харуулын байрны өмнө бичээтэй бий. Арван жилийн ангийнхаа Гомпилдоогийн Мөнхцэцэг, Шатрын Энхбаяр хоёртой хамтран “Бэхэн цэнхэр өдрүүд” түүврээ сурагч ахуйдаа гаргаж байсан анд минь “Ийм нэгэн амьдрал”-ыг “Эрх сэтгэл”-ээр аргадаж, “Тунгалаг гунигийн улирал”-д “Гэнэн шувууд”-аа нисгэснийг бодоход сэтгэл нэг л гэрэлтэй. “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Зам” ард түмэнд танигдсан алдартай шүлгүүдээр чинь нэрлэгдсэн номууд. Чи хүнд номоо, сэтгэлээ, итгэлээ, хайраа, авьяасаа харамгүй өгдөг хүн байсан. Чиний надад бэлэглэсэн Эзэн Богдын “Алд бие минь алжааваас алжаатугай. Аху төр минь бүү алдартугай” гэсэн үгтэй шилэн цом өнөө ч миний номын сангийн дээд шүүгээнээ өрөөтэй бий.
Номоо өгөхдөө ч учиртай л үг бичдэг байж. “Чи бидэн харгуйн бараа харж өссөн. Замын холыг бодож явъя” 2014.10.13. Гарын үсэг. “Үл анзаарагдамгүй, санаандгүйд би дуртай”, “Эрхэм анддаа, сэтгэлийн минь улирал солигдохгүйг чи мэдсэн үү…” Анд чиний номдоо бичиж өгсөн үгс өмнө минь дурайж байна. Чи олон хүнд сэтгэлийн ариун нандин ертөнцийг бүтээж бэлэглэсэн. Гайхамшиг шүү. Чам шиг сайхан хүнтэй нэгэн цаг үед халуун дотно андалж явсандаа хорвоод бид талархана. Найргийн олон ч наадамд онгод хийморьтой оролцож “Алтан бийр” наадамд дөрвөнтөө, хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд хоёронтаа, “Аморе” наадамд 2004 онд, “Болор цом” наадамд тус тус магнайлж байсан. МЗЭ-ийн шагналыг чи ерээд оны мөнгөн үеийнхнээсээ хамгийн түрүүнд авч, Ноён хутагт Д.Данзанравжаа, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн нэрэмжит шагналын эзнээр тодорсон. Бүтээлүүд чинь “Монголын шилдэг яруу найргийн цоморлиг”, “Монголын мөнгөн үеийн яруу найраг”, “Монголын уран зохиолын дээжис 108 боть” ном, тэрчлэн орос, хятад, энэтхэг, франц, македони, англи хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн сэн. Анд минь төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сэтгүүлч, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, “Утга зохиол, урлаг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, МЗЭ-ийн “Цог” сэтгүүлийн эрхлэгч, Монголын радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн албаны сэтгүүлч редактор, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж, их утга зохиол, утга соёлын амьдралын төлөө ухаант амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл зүтгэж явсан сан. Чамайг дотнын чинь нэгэн эрхэм Дорнын номхон хутагт хэмээсэн байна лээ. Бодвол Догшин ноён хутагтаас ялгамжлан ийн өгүүлээ биз ээ. “Тун хүнд үедээ Ноён хутагтыг хоёр ч удаа харсан” гэж чи Мэнд-Ооёо найрагчид ярьсан байна лээ. Догшин ноён хутагтад номхон гэгээн хутагт үгүйлэгдсэн юм бол уу даа. Хамгийн сүүлд, Завхан явахынхаа урд өдөр уулзахдаа “Биеэ бодоорой, өвгөөн” гэсэн тэр л дотно намуун дуу чинь өнөө ч чихнээ сонсогдоно. Чи хэдийгээр дэндүү үнэнч, чин сэтгэлийн хүмүүн байсан ч хүний хорвоог шүлгээрээ хуурсныг чинь нэг л өршөөж чадамгүй нь. “Ижийгээ амьдад үхэж болохгүй”. Ингэж чи минь хэлээгүй гэж үү. Тийм дээ, тэнгэрлиг анд минь худлаа ер хэлсэнгүй. Чи ижийгээ амьдад энэ хорвоогоос буцалгүй даяар Монголынхоо сэтгэл зүрхэнд далай найргаараа мөнхөрч үлдсэн болохоор тэр үг чинь үнэндээ хүний хорвоогийн пропуска (нэвтрэх үнэмлэх) биш юм байна. Эр хонгор сэтгэлтэй эрхэм дээд нөхөр чи минь монгол түмнийхээ оюун сэтгэлд мөнхөд оршиж, яруу уянгын увдисаараа ямагт биднийг ивээж байх болтугай!
АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
Ханилсан нөхрөө би
Халтирахад нь түлхэж явсангүй
Амьтны урдуур орж
Алдрын хаалгаар чихэлдэж байсангүй
Аяа, миний аялагхан залуу нас минь
Жаргах цагтаа наргиж, зовох цагтаа гуньж явнаа
Жамт хорвоогоос харин нуугдах газар эрж байсангүй
Жавар салхинаас бусдыг нөмөрлөх сэтгэлтэй явж
Жаахан чамайгаа уйлахад нулимсыг чинь арчиж байснаас, амталж явсангүй
Дарсны хатууд халамцаж, хүүхний сайханд дурлаж байснаас
Дайсан нөхрөө ялгах гэж сэтгэлээ эвдэж явсангүй
Давааны өндрийг мартаж, хүлэг морио гуядаж
Даамай алсын замдаа бусдын унаанд дайгдсангүй
Аар саархан зовлон зүрх тархийг идэж
Алдар хүндийн золионд бусдын үхэхийг үзэж
Амьтны үрийг өрөвдөж өр цээжээ барсаар
Амьд явахад шаналан шиг хүнд ачаа үзсэнгүй ээ.
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад
Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно
Талын хялгана сэргэж, зун болохоо больж үзэгдэнэ
Тавилангийн цэцэг шивээлэн, орчлон гандаж санагдана
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг
Үр нь амьд байхад эх хүн жаргадаг
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болноо.
* * *
Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгээн бүхнийг дуулан үлдээх учиртай
Сарны гэрэл хэрхэн тусч янаг хоёр ичингүйрэн жаргах тухай
Сайхан чамайгаа яагаад минийх болоогүй, гэхдээ мартаагүй тухай
Салхинд ганхах өвс ногоо намрын уйтгарыг биесдээ шивнэлдэх тухай
Санаашран сууж бичээд би яруусан цэлмэгтэх учиртай
Агт морь нутгаа тэмцэж ижилдээ ирээд үүрсэхийг
Ангир галуу ганганан гунганаад хоргодож буцахыг
Аавын минь унаж явсан морины толгой овоон дээр цайрахыг
Амьдрал мөнхийн биш гэдгийг ч учирлан дуулах ёстой
Амьдрал гэдэг богинохоон, би яарах хэрэгтэй
Амжиж бүхнийг хайрлаад, тэр хайр надад түшиг болох учиртай