Энэ сарын 25-ны өдөр хуралдах Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ.
Дээрх хуулийн заалтаар, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүхэд гомдол гаргах эрхтэй байх мөн төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх зэрэг үүргийг иргэнийхээ өмнө хариуцах, Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх, түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлэх тухай Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэцээр хянан шийдвэрлүүлэхийг нэр бүхий иргэн хүссэн байна.
Мөн Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй учир 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр товлосон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хойшлогдсон билээ.
Хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх байсан бөгөөд хөндөгдөж буй асуудлын ач холбогдол, маргааны хамрах хүрээ, түүнийг бүрэн гүйцэт шийдвэрлэх шаардлага зэргийг харгалзан Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж Цэцийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүн үзсэн тул хуралдааныг хойшлуулав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.