Categories
мэдээ нийгэм

Г.Мөнхтамир: Хүчирхийллийн талаар мэдээлэл гаргах нь бэлгийн гаж донтнуудад сэдэл өгдөг

ҮҮНЭЭС БОЛЖ БАГА НАСНЫ ОХИД ГЭМТ ХЭРГИЙН ЗОЛИОС БОЛЖ БАЙНА-


Сэтгэл судлаач Г.Мөнхтамиртай уншигч та бүхнийг уулзуулж байна. Түүнтэй бага насны охидыг хүчиндэх жигшүүрт хэрэг гарах болсон шалтгааны талаар ярилцлаа.


-Бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд олноор гарах болсон. Хууль хяналтын байгууллагаас эхлээд төр засаг хүртэл бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгтэй тэмцэж байгаа. Гэвч энэ төрлийн гэмт хэрэг жилээс жилд нэмэгдээд байгаа. Юунаас болоод энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдээд байна вэ?

-Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг илэрч байгаа нь сайн талтай. Өнөөдөр манай улсад бэлгийн гаж донтой хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Бэлгийн гаж донтой сэтгэцийн гажигтай хүмүүсийн тоо нэмэгдэх тусам энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид бий болно гэсэн үг. Яагаад бэлгийн гаж донтой хүмүүс олноор бий болоод байна вэ гэдгийг эхлээд ярих хэрэгтэй. Маш олон зүйлээс шалтгаалж хүмүүс сексийн гаж донтой болж байна. Эмэгтэй хүний дотуур хувцсыг үнэрлэхээс эхлээд танихгүй эмэгтэйг хувцсаа тайлж байхыг нууцаар харах, бэлэг эрхтнээ бусдад харуулж таашаал авдаг. Мөн амьтантай хүртэл бэлгийн харилцаанд ордог, бусдыг зовоож таашаал авдаг, хөгшин хүнтэй, эсвэл бага насны охидтой сексийн харилцаанд ордог гэх мэт гаж донтой хүмүүс байдаг. Энэ нь сэтгэцийн нэг төрлийн өвчин. Тийм төрлийн өвчтэй хүний дон сэдэрсэн тохиолдолд охид, эмэгтэйчүүд гэмт хэргийн золиос болж, нийгэм айдаст автдаг. Өнөөдөр эцэг, эхчүүд бид охидоо гаж донтонгуудаас хэрхэн хамгаалах вэ гэдэг толгойн өвчин болчихоод байна шүү дээ. Энэ талаар холбогдох байгууллага огт анхаарахгүй байна. Сүүлийн жилүүдэд бага насны охид хүчирхийлэх гэмт хэрэг олноор гарах болсон шалтгааныг хэлэх ёстой. Та бүхэн анзаарч байгаа байх. Сүүлийн үед охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг жагсаал, цуглаан болох, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг хүчиндэх гэмт хэрэг гарч байгаа талаар мэдээдэл гарч, нийгэм даяар шуугиад эхэлдэг. Яг энэ үед энэ төрлийн гэмт хэрэг ар араасаа цувраад гарчихдаг. Бусдыг хүчирхийлсэн гэх мэдээлэл олон нийтэд түгээд эхлэхээр энэ төрлийн гэмт хэрэг сар гаруйн хугацаанд тасралтгүй гардаг. Үүний цаад учрыг нь хүмүүс мэдэхгүй байна. Гол учир нь ийм гэмт хэрэг байж болдог, үйлдэж болдог юм байна гэх ойлголтыг түгээгээд байна шүү дээ. Үүнээс болоод олон охид хүчирхийлэлд өртөж байгаа нь харамсалтай. Шуудхан хэлэхэд энэ бүгдэд хэвлэл мэдээллийн байгууллага, цагдаа, хүүхдийн эрхийг хамгаалах төв, төрийн бус байгууллага гээд буруутан олон бий.

-Яагаад дээрх байгууллагууд буруутай гэж. хүчирхийллийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаагийн нэг хэлбэр биш гэж үү?

-Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй бол хүмүүс төдийлөн сайн ойлгодоггүй юм. Цагдаагийн алба хаагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр бага насны хүүхэд хүчирхийлсэн талаар мэдээ өгдөг. Сэтгүүлчид ч хэрэг гарсан талаар мэдээлэл бэлтгэхдээ маш дэлгэрэнгүй хүргэдэг. Жишээ нь, найман настай охиныг хойд аав нь хүчирхийлжээ. Ах нь дүүгээ хүчиндсэн байна гэдэг ч юм уу мэдээллийнхээ сенсацийг хөөгөөд мэдээлэл цацаад байдаг. Гэтэл энэ бүгдийг телевиз, сайт, сонингоор мэдээлэл гарч байгааг хараад сууж байгаа гаж донтонгуудын өвчин сэдэрч эхэлдэг. Бүр байж сууж чадахгүй байдалд ордог. Сүүлдээ өөрийгөө барьж дийлэхээ байгаад хэн нэгнийг хүчинддэг. Бэлгийн гаж донтой хүмүүсийн өвчин хүчирхийлжээ, хүчиндсэн байна гэх хоёр үгийг уншаад л сэдэрчихдэг гэвэл та итгэх үү. Тэгэхээр мэдээлэл гарах бүрт жигшүүрт хэрэг ар араасаа цувраад үйлдэгдээд байдаг гол шалтгаан энэ. Хэвлэл мэдээллийн байгууллага, цагдаа, хүүхдийг эрхийг хамгаалах төв, төрийн бус байгууллага сэтгэцийн өвчтэй хүмүүсийн сэрэл мэдрэмж, гаж донг өдөөж өгдөг. Тийм болохоор буруутай гэж хэлээд байгаа юм шүү дээ. Хүчирхийллийн эсрэг маш олон төрийн бус байгууллага байна. Тэд бага насны хүүхэд хүчирхийлж байгаа талаар маш дэлгэрэнгүй баримт, тохиолдол яриад байдаг. Бараг л тэгж яриад тийм үйлдэл хийсэн. Тэгж хуурч мэхэлсэн гээд гэмт хэргийн нууцад хамаарах зүйлсийг ярьдаг. Хүний эрхийн комисс гэхэд “Бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг ах, дүү хамаатан садангууд дунд их гарч байна” гээд л мэдэгдээд байдаг. Нэг талаас нь харахад нийгэмд цочроо өгөх гэж ном хэвлэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тараадаг байх. Ийм гэмт хэрэг гарлаа гэж жигшиж зэвүүцмээр зүйл ярьдаг. Энэ нь нөгөө л олон улсын байгууллагаас их хэмжээний төсөл, мөнгө авах гэсэн далд санаа нуугдаж байдаг. Найман сартай хүүхэд хүчиндсэн гээд л мэдээлэл өнгөрсөн гуравдугаар сард гарсан. Үүний дараа ой гарантай хоёр ч хүүхэд хүчирхийлэлд өртсөн шүү дээ. Энэ миний ярьсны баталгаа мөн биз.

Үүнээс өөр жишээ ч олон. Баянгол дүүрэгт бага насны хоёр хүүхэд хүчирхийлсэн хэрэг хэдэн жилийн өмнө гарсан. Гэмт хэрэгтнийг цагдаа нар илрүүлж шалгасан байдаг. Гэмт хэрэгтэн “Телевизээр охид хүчирхийлсэн хэргийг талаар мэдээлэл үзсэн. Тэгээд л бага насны охин хүчиндэх сэдэл төрсөн” гэж мэдүүлсэн байдаг юм. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага ах, дүү хамаатан садангууд дунд хүчирхийллийн гэмт хэрэг нуугдаж байна гэсэн мэдээлэл гаргасан. Телевизийн сэтгүүлч бага насны хүүхдийн даашинз нь урагдчихсан, цус нь гарсан бүдэг зураг мэдээнийхээ дундуур оруулсан байдаг. Үүнийг гэртээ үзээд хэвтэж байсан 26 настай залуу ахынхаа хүүхдийг хүчиндсэн байсан. Охид хүчирхийлсэн гэмт хэрэгтний цагдаад өгсөн мэдүүлгийг уншаад үзээрэй. Бүгд гаж дон нь ингэж сэдэрсэн байдаг. Ерөөсөө хэн нэгнийг хүчирхийлж байна гэх зүйл сонсоод л гаж донтонгууд байж чадахгүй болдог юм байна лээ.

-Бэлгийн гаж донтой хүмүүсийг яаж мэдэх вэ?

-Олон шинж тэмдгээр таньж болно. Үг дуу цөөтэй, ямар эсрэг хүйсийн хүн таалагддаг талаараа огт ярьдаггүй. Мөн бага насны хүүхдийг өхөөрдөж байгаа юм шиг мөртлөө ёс бус авир гаргаж байгаа хүмүүсээс болгоомжлох ёстой. Гэхдээ энэ хүн бэлгийн гаж донтой гэдгийг хараад шууд мэдэх боломжгүй.

-Охид хүчирхийлэлд өртөх өөр ямар шалтгаан байна вэ?

-Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа охидын дүрэмт хувцасны юбка хэт богино болсон байна лээ. Үүнд эцэг, эхчүүд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өвдөгнөөс дээшээ богино юбка гаж донтой, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн өвчнийг сэдрээх тохиолдол цөөнгүй. Иймд эцэг, эхчүүдийн анхаарал халамж үр хүүхдэд хамгаас чухал. Зөвхөн хайрлах бус хувцаслалт, бусадтай харилцах харилцаа, хүмүүсийн дунд биеэ зөв авч явах байдал гээд охидынхоо энгийн мэт боловч маш олон зүйл дээр нь эцэг, эхчүүд анхаарч, зөвлөж байж эрсдэлээс хамгаална.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *