Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймаг мал сүргээ эрүүлжүүлэх ажлаа эхэллээ

Засгийн газар мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, иргэдээ чанартай, баталгаатай хүнсээр хангаж, “Хүнс экспортлогч улс” болох зорилт тавьсан. Энэ хүрээнд “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 05 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл орон даяар явуулахаар шийдвэрлэсэн юм.

Хөвсгөл аймагт болсон “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ-2018” нээлтэд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин оролцов.

Тэрээр малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээ ямар нэгэн өвчингүй өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэх чиглэлээр Засгийн газар, аймаг, орон нутаг, мэргэжлийн байгууллага, малчид, ард иргэд идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллах ёстойг тэмдэглэж, бүх нийтээрээ оролцохыг уриалав. Мөн Засгийн газар мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтворттой хөгжүүлэх хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, шинжлэх ухааны ололт, шинэ технологи нэвтрүүлэх, олон улсын тэргүүлэх туршлагыг нутагшуулахад онцгой анхаарч байгааг хэллээ.Хөвсгөл аймаг энэ жил 810 мянга гаруй мал, амьтныг 17 нэрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулахаар төлөвлөсөн байна.

Тус аймагт он гарсаар өвчилсөн, эдгэрсэн, хорогдсон, зориудаар устгасан малын тоо толгойг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар буурчээ. Төвийн бүсийн зарим аймагт шүлхий өвчин гарсантай холбогдуулан халдвар орж ирэхээс сэргийлж, хил залгаа таван сумын нутагт 50 хоног хяналтын пост ажиллуулан, ариутгал, халдваргүйжүүлэлт, дархлаажуулалт хийсэн. Энэ нь үр дүнгээ өгч шүлхий өвчнөөр тайван, эрүүл бүсийн статусаа хамгаалж үлдэж чадсан байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мөн Хөвсгөл аймагт мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд вакцин, био бэлдмэл хүлээлгэн өгөв Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *