Categories
мэдээ цаг-үе

Ж.Хайрулла: Сувилагч мэргэжилтэн бол агуу их энэрэгчид юм

Дэлхийн сувилагчдын өдөр удахгүй тохионо. Тавдугаар сарын 12-нд Н.Шастины нэрэмжит Улсын клиникийн III эмнэлэг дээр Монгол Улсын бүх эмнэлгийн сувилагчдын уулзалт зөвлөгөөн болох юм. Хүний алтан амийг энэрэх их үйлстэн сувилагчдын тухай Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын болон гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Ж.Хайруллагийн бичиж ирүүлсэн баримтат өгүүллийг уншигч танаа хүргэж байна.

-За Должин гуай ажлаа өгөөд яв даа, тэр Цэрэнлхамыг дуудчих. Та тооцоогоо хийгээд нэг мөсөн гараарай. Өчнөөн олон жил ажилласан ахмад сувилагч ийм хариуцлагагүй юм яриад ажил саатуулаад, хүн хохироогоод байхдаа яадаг юм, яв яв гэтэл,

-Үгүй, үгүй дарга минь, та үз дээ гэснээ, “Болохгүй байна, болохгүй байна” гэж бараг эхэр татан уйлав.

-Должин гуай та уйлахаа боль, тэр өвчтөнийг бод, мэс засалд оруулахаар төлөвлөчихөөд гурав дахь өдрөө хойшлуулах нь, цаад өвчтөн чинь сэтгэл санаагаар үхэх нь, гэр орных нь хүмүүс юу бодох юм бэ, та бид хоёр тоглоод байх уу, больж үз. Одоо яв, миний хэлснээр яв гэж тасгийн шинэ дарга, залуухан эмч гараад явчихлаа.

Должин ч өрөөнөөсөө гараад ахлах сувилагч дээр очоод,

-Цэрэнлхам минь, чамайг дарга дуудсан шүү, очиж уулзаарай, би халагдчихлаа, одоо яана аа. Ядаж шинэ жил хүртэл ажиллачихвал тэртэй тэргүй тэтгэврийн минь нас болох юм, одоо хоёрхон сар үлдлээ шүү дээ гэж нүдээ арчив.

Цэрэнлхам,

-Одоо яана даа Дооёо эгч ээ, даргын хэлдэг ч бас аргагүй дээ, яана даа, одоо яах вэ, хоёулаа зөвлөх эмч дээр очиж учир байдлаа хэлж үзье дээ. Өөр яах вэ, зөвлөх эмч л даргатай ярихгүй бол, дарга ч хэлснээрээ зүтгэчихдэг хүн шиг байна лээ гэв.

Тэр хоёр зөвлөх эмч дээр орлоо. Ахимаг насны зөвлөх эмч,

-Сайн байцгаана уу, орж ирээд байдаггүй хоёр хүн яагаад ороод ирэв, сайхан намаржицгааж байна уу гэсээр угтав. Должин мэндлэхийн оронд ойртож очоод эмчийн баруун гарыг бугуйгаар нь атгаж аваад мөн л эхэр татан уйлчихав.

Цэрэнлхам хажуугаас нь, -Дооёо эгч ээ, та уйлахаа болиоч ээ, зүгээр л… гээд ширээний дэргэд байгаа сандал руу суулгахыг оролдов.

Зөвлөх эмч,

-Үгүй Должин чи яав, яагаад уйлав, яасан бэ, өвдөө юү, гэр орныхон чинь зүгээр үү, уйлахаа боль, суугаад яриач гэсээр сандалд суулгаад, өөрөө хажууд нь суув. Должин ч тайтгарч нулимсаа арчаад, нэг сайн амьсгаа авснаа:

-Эмч ээ, би халагдахаар болчихлоо гээд дахиад уйлчихав. Зөвлөх эмч:

-Үгүй тэгээд нас сүүдэр чинь хүрсэн бол халагдана л биз, гавьяаныхаа амралтад гарахад уйлах гэж юу байдаг юм, зүгээр л ярина биз дээ гэвэл, Цэрэнлхам хажуугаас нь,

-Үгүй эмч ээ, өөр асуудал байгаа юм, би учрыг нь хэлье Дооёо эгч ээ, би хэлэх үү гэхэд Должин толгой дохив.

-Өвчтөн Н дөчин найман настай, эрэгтэй, тархины хавдартай гэсэн оношоор Мэдрэлийн мэс заслын тасагт хоёр дахь удаагаа ирж хэвтсэн юм. Найман сарын өмнө тархины духны хэсэгт жижиг хэмжээний хавдартай болох нь оношлогдож, мэс засалд оруулахаар төлөвлөгдсөн юм. Гэтэл маргааш хагалгаанд оруулна гэж байтал Н өөрөө, бас дүү нь, эхнэр нь эмч нартай уулзаад,

-Хагалгаа хийлгэх нь хийлгэнэ ээ, гэхдээ энэ удаа биш, энэ удаа бидний хүсэлтээр эмнэлгээс гаргаж өгөөч, хавдар нь жоохон жижигхэн юм байна, зовлон шаналгаа гээд байх ч юм одоохондоо гайгүй байна. Үнэнээ хэлэхэд бид бас нэг номтой, мэдлэгтэй хүнтэй ярьсан, нэг их яарч хагалгаанд оруулах шаардлагагүй гэж айлдсан юм гэж гуйсаар байгаад эмч нь учир байдлыг нь ойлгуулж хэлээд байхад өөрсдөө зүтгэсээр байгаад гараад явчихсан юм.

Н найман сарын дараа ирэхдээ сэтгэцийн өөрчлөлтөд орчихсон, өрөөсөн талын гар хөлийн хүч чадал нь нэлээд суларсан, ерөнхий байдал нь илэрхий муудсан байлаа. Хэвтүүлэхгүй, эмчлэхгүй гэлтэй биш, хэвтүүлээд шинжилгээ хийлгээд үзэхэд хавдар нь томорсон байв. Эмч нарын зөвлөгөөнөөр оруулаад мэс засалд оруулахаар шийдвэрлэсэн юм шүү дээ. Хэвтсэн палатных нь сувилагч Должин юм байна. Маргааш хагалгаанд орно гэхэд урьд өдөр нь өвчтөнийхөө толгойны үсийг хусдаг, гэдэс юуг нь цэвэрлэдэг бургуй тавьдаг юм чинь Должин оройдоо үсийг нь хусах гэсэн боловч өвчтөн Н “Би үсээ хусуулахгүй, миний гоё халимаг та нарт юугаараа гай болсон юм” гэж уурлаад үсээ хусуулаагүй байна. Тэгээд маргааш орой нь палатных нь өвчтөнүүдтэй хамжиж байгаад үсийг нь хусаж цэвэрлээд, ухуулж ятгаж байгаад цэвэрлэх клизм (бургуй) тавиад бэлтгэсэн байтал мэс засалд орох өдрийн өглөө Н “Манай эхнэр ирэх ёстой байсан, одоо хүртэл алга байна. Би хариад одоохон эргээд ирье” гэж палатныхандаа хэлээд гараад явчихаж,

Өглөө долоон цагт Должин Н-тэй уулзаад:

-Мэс засал амжилттай болно оо, сэтгэл зоволтгүй шүү, за юу гэж хэлээд гарсан байна. Хагалгаа эрт эхэлдэг учиртай. Долоо хагас гэхэд өвчтөнөө мэс заслын өрөөнд оруулах ёстой. Гэтэл Н эргэж ирдэггүй. Должин Н-ийг найман цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь тасгийн эрхлэгчид орж хэлсэн нь халагдах шийдвэр авахад хүрсэн байна гэж Цэрэнлхам ярив.

Зөвлөх эмч төлөвлөсөн хагалгаа гурван өдөр хойшилсноос болж тасгийн ажиллагаанд тодорхой хор хохирол учирдаг болохоор хэсэг зуур дуугүй сууснаа,

-За Должин минь уйлж унжаад яах вэ, цаашид бодолцох сургамжтай, эвгүй явдал болж дээ. Тасгийн эрхлэгчтэй ч, бусад эмч сувилагч нартай ч ярилцъя гэв.

Арван найман настайгаасаа эхлээд гуч гаруй жил сувилагч хийхдээ жаргалтай, баясгалантай өдрөөсөө илүү зовлонтой, шаналгаатай, ядаргаатай өдрүүдийг туулж явсаар тэтгэвэртээ гарахад хоёрхон сар дутуу байхад хөөгдөж халагдах гэж байгаа сувилагчийн амьдралыг өрөвдөлтэй биш гэж хэн ч хэлж чадахгүй.

Сувилагч хүнийг хайрладаггүй хүн байдаггүй. Нялх нярай хүүхдийнхээ өтгөн шингэн ялгадсыг, огидос бөөлжсийг арилгаж цэвэрлэхэд үрчийж ярвайж байдаг эцэг эх олон байдаг боловч насанд хүрсэн, хөгшин залуу, хүнд өвчтэй хүний идээ бээр, өтгөн шингэн ялгадас, огидос бөөлжистэй тоолохын аргагүй олон удаа зууралдаж байдаг сувилагч нар хөмсөг зангидахгүй зүтгэсээр яваад хар цай, бор талхныхаа мөнгийг олдог билээ. Сувилагчийн ажил хийдэг хүмүүст сувилагч хүн гэдэг нэр нь тохироогүй нэр шиг санагддаг юм. Учир нь тэд зөвхөн сувилдаг төдий хүмүүс биш ээ. Тэд бол сувилдаг, асардаг, хайрладаг, энэрдэг хүмүүс юм. Хайрладаг, энэрдэг гэдэг үг бол сувилдаг гэхээсээ илүүтэй утгатай, илүү агуулгатай үг юм. Тэгвэл сувилагчдад Сувилагч гэхээсээ илүү Энэрэгч гэдэг нэр хайрлах нь зохимжтой юм.

Манай орны өнөөгийн нөхцөлд хаа газрын сувилагч нар үнэхээрийн өрөвдмөөр хүмүүс байх юм. Бүх мэргэжлийн биш, түгээмэл голлох гэмээр хэдэн мэргэжлийн тасаг, эмнэлгийн сувилагч нарын үйл ажиллагаа амьдралыг өнгөцхөн харж хөнгөн дүгнэлт хийж үзье л дээ.

-Бушуулаач дээ, яасан их уддаг юм бэ, хүүхэд хэцүүдлээ. Би ирээд хоёр цаг хэртэй болчихлоо, чамайг орхиод явлаа гэхэд чи автобусаар, явгалсаар лав нэг цаг болчихно. Хүүхэд харангадаж үхэх нь ээ, би явъя гэж нөхөр нь хэлсэнд хөөрхий сувилагч,

-За чи явбал яв даа, би яаж явах юм бэ, ээлж ирээгүй байна, эмч ирчихээд байна, өвчтөн ухаангүй шахам байна, зөндөө цусаар бөөлжчихсөн юм чинь цус хийгээд л байна гэж элэгний тасгийн сувилагч Д аргаа барсан байдалтай, нөхрөө аргадангуй харна. Та нар ч мөн хэцүү ажилтай улс юм. Тэр уушгины тасгийн сувилагч Нямаа найз чинь бас л чиний ижил, нус нулимс, идээ цэр болсон мэнгэртэй хүнтэй ноцолдсоор өчигдөр гэртээ харьж чадаагүй гэж байна лээ гэж байтал “За чи яв, яв би орлоо” гэсээр сувилагч Д эргээд палат руугаа гүйчихлээ.

Би мэс заслын эмч хүн, мэс заслын тасгуудыг бодвол дотрын тасгуудын сувилагч, асрагч нар нь арай хөнгөн ажилтай байдаг болов уу гэж бодсон минь хаана ч ялгаагүй хүнд байдаг юм байна. Хаана ч цус нөж, идээ бээр, өтгөн шингэн ялгадас, тэгээд орилсон, ёолсон, шаналсан, солиорсон, зандарсан өвчтөнүүдийн үг авиа, нус нулимс болгон нь сувилагчдын сэтгэл санааг хичнээн их шархлуулж байдаг билээ. Сувилагчид, асрагчид бүгдээрээ ар гэртэй, хөгшин хөвөөтэй, өвчин зовлонтой хүмүүстэй шүү дээ. Авдаг нь хэд билээ.

Араатан жигүүртэн, мал амьтан аль нь ч болов үр төлөө үнэрлэж долоож, түшиж тулж байдгийг асаргаа сувилгаа гэхгүй нь мэдээж, тэдэнд байгалиас заяагдсан хайр энэрэл (совин) инстинкт гэхээс өөр аргагүй. Унагаа алдсан гүү, ботгоо алдсан ингэ ямар байдгийг монголчууд сайн мэднэ. Манай сувилагчдад хамгийн хүнд тохиолдол, сувилж асарч байгаа хүнээ алдах агшин байдаг. Хичнээн хатуу сэтгэлтэй байлаа гэхэд нулимсаа унагадаггүй сувилагч ховор доо. Тэр агшныг бодоход хэн хүний нүдний нулимс цийлэгнэнэ. Хүнд өвчинд нэрвэгдэж, яс арьс болсон хүнд тариа хийхэд гар нь чичирдэггүй сувилагч байдаг бил үү.

Энэрч хайрлаж, асарч тойлж сувилсаар яваад насаа элээдэг эдгээр хүмүүсийг төр засаг минь, түмэн олон минь өрөвдөж хайрлаж үзээч гэе дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *