ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан 2007 оноос хойш “ХААН Банкны ой” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд үндэсний мод тарих өдрийг угтан өнгөрсөн Баасан гарагт ХААН Банкны Улаанбаатар хотын салбар нэгжийн ажилтнууд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль гэх мэт 15 байгууллагын хамт олон, багш ажилтнуудтай хамтран мод тарих сайн үйлсийг зохион байгуулж, Улаанбаатар хотдоо өнгө үзэмж нэмлээ.
ХААН Банкны хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн 11 жилийн хугацаанд “ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд Монгол орон даяар 22,000 гаруй мод тарьж, улс эх орныхоо ногоон байгууламжид үнэтэй хувь нэмрээ оруулсаар иржээ.
ХААН Банк Сангаас зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй орон нутгийн бүх салбар, нэгжүүддээ мод бутны суулгац хувиарлан аймаг, орон нутгийн цэцэрлэгт хүрээлэн, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн талбайд мод тарих хөдөлгөөн өрнүүлэн бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үлгэр дуурайлал болон ажиллалаа.
Энэ жил “ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт нийтдээ 2700 ширхэг мод бут суулган ногоон дэлхий, байгаль эхээ баярлууллаа. ХААН Банкны ой хөтөлбөр жил бүр амжилттай хэрэгжиж, хүрээгээ тэлсээр байна.