Categories
мэдээ цаг-үе

Дамбын Төрбат: Бурхан миний хувь тавиланг ивээж харж явсан

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбаттай уулзаж хөөрөлдлөө.


-Монголын их утга зохиолд арван хоёр роман болон тайз дэлгэцийн олон арван бүтээл туурвисан тан шиг бичгийн хүн ний нуугүй хэлэхэд цөөн. Утга зохиолд анх яаж шимтэн дурлаж орж ирсэн тань уншигчдад сонихон байх бол уу?

-Би эжийгээ мээм гэдэг байлаа. Утга зохиолд хайртай, дуртай болоход мээмийн минь ярьсан үлгэрүүд, миний нагац ах Багаяагийн ярьсан домгууд надад нөлөөлсөн бол уу. Багаяа маань уул харж уулын тухай ярьдаг, мээм маань харин худаг дээр ховоо татаж байхад усны тухай хүүрнэдэг байлаа. Манайх нэг хэдэн тэмээтэй, бог мал, адуу цөөтэй, говийн айл Төгрөг хайрханы ард нутаглаж байлаа. Төгрөг хайрханаа би одоо болтол шүтэж шүншиглэж явдаг юм. Төгрөг хайрханы тухай олон шүлэг бичсэн шиг байна лээ. Роман бичиж байхад хүртэл уул минь харагдаж байдаг даа.

-А үсгийн ацаг татан ардын сургуульд орлоо гээд ярьдаг даа?

-Би жаран гурван онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын дунд сургуульд нэгдүгээр ангид орсон. Ангийн багш маань Намжилцэрэн гэж хүн байлаа. Ангийн багшийн хань бол хожим Монгол Улсын гавьяат багш болсон Чимэд гэж хүн бий. Сүүлд очиж золгоход хоёулаа амьд сэрүүн байсан. Намжилцэрэн багшийнхаа ач тусыг мартахын аргагүй. Их зөөлхөн хүн байлаа. Би өөрөө ээжтэйгээ хоёулхнаа өссөн болохоор их аймхай хүү байлаа. Хайдаг ингэ ирэхийг хүлээж, би лааны гэрэлд шөнө орой болтол суудаг байж. Одод түгтэл, мичид гудайтал сууна. Хайдаг ингэ чинь бутны цэцэг хөөгөөд явчихдаг хойно их орой ирнэ. Хайдаг ингэний чинэсэн хөх дундартал би мээмийнхээ дэргэд шөнийн тэнгэрийн од ширтэн зогсдог байлаа.

Тэрээр Дундговь аймгийн Цогтчандмань буюу одоогийн Сайхан-Овоо сумын нутаг Төгрөг гэдэг газар 1955 онд малчны гэр бүлд төрсөн. Мандалговийн 10 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотод Барилгын ТМС, МУИС-ийг дүүргэсэн. Сэтгүүлч мэргэжилтэй. Хугацаат цэргийн алба хаасан. Цагдаа, залуучуудын хэвлэлийн сурвалжлагч, утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, Монголын уран зохиол” хэвлэлийн газрын захирал, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал зэрэг албыг хашиж ирсэн. Багаасаа уран зохиол оролдож “Улаан жигүүр”, “Хүслийн тодотгол”, “Зүрхний цомнол”, “Зүрхэн тарн” яруу найргийн, “Хүн төрхийн унаган чанар”, “Сайхан төрөхийн зовлон” нийтлэлийн ном, “Могойн чуулган”, “Морин зэрэглээ”, “Хонин холбоо”, “Тэнгэрийн соёрхол” роман, “Харц хатан”, “Амьдралын улаан шугам”, “Дурлал загварын ордон”, “Ялагдаагүй ганцаардал” жүжиг, “Талын урсгал”, “Ирж яваа цаг”, “Тэнгэрийн сахил”, “Алт амилах цаг”, “Алиа салбадай”, “Бүсгүй завилгаа”, “Харанхуй засаг”, “Халаасны өрөө”, “Танихгүй сэтгэл”, “Шадар ван 1,2”, “Чин ван Хандддорж” 1,2,3, “Бурханы харьяат” кино зохиол туурвин тайз, дэлгэцээр олны хүртээл болгожээ. Мөн “Монголын уран зохиолын дээж 108 боть”-ийг эрхлэн гаргасан юм. Д.Төрбат шилдэг бүтээлээрээ 1991 онд МЗЭ-ийн, “Могойн чуулган” романаараа 1999 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэж, 1996 онд яруу найргийн “Болор цом” наадмын тэргүүн шагналыг хүртсэн. Бичиг бийрийн нэрт зүтгэлтэн тззнд 2007 онд төрийн шагнал, 2009 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол олгожээ.

-Та Багаяа гэдэг хүний тухай их халуунаар дурсаж “Ирж яваа цаг” кинонд хүртэл нэрээр нь мөнхөлсөн байх шүү?

-Багаяа маань маань ээжийн ах, лам байсан хүн. 1937 онд шоронд хоригдсон, Төгрөгийн хийдийн даа лам байсан юм билээ. Миний овоглодог Дамба гэж өвгөн чинь энэ шүү дээ. Багаяа минь хот их явна. Миний хүндэлж явдаг найруулагч Жамьянгийн Бунтар гуайн найруулсан “Ирж яваа цаг” кинонд Багаяагийн дүрийг гавьяат жүжигчин Лувсан гуай амилуулсан даа. Муу өвгөн буурлынхаа ачийг хариуллаа гэж баярлаж явдаг даа.

-Таны анхны шүлэг юун тухай сэдэвтэй байв?

-Анхны шүлэг гэвэл Гагарины тухай шүлэг байлаа. Тэр үед марк цуглуулдаг байсан юм. Одоогийнхоор бол хобби, тэр үеийнхээр бол хүсэл сонирхол өрнөж дээ. Жаран найман онд тавдугаар ангид байсан хэрэг. Ангийн багш маань одоогийн яруу найрагч Эрэнжидийн Хархүү. Хархүү багш маань Улсын багшийн дээд сургуулийг дөнгөж төгсчихсөн гялалзаж байсан цаг. Хүүхэд болгон маркны цомогтой. Тэр маркуудыг цуглуулж байгаад Гагарины тухай шүлэг бичмэгчээ болоо биз. Ямар шүлэг болсныг мэдэхгүй юм. Ямартаа ч ахдаа үзүүлсэн. Миний ах бол Дамбын Чойсамба гэж надаас хорь ах хүн байдаг юм. Би эжийнхээ дөчин есний жил төрсөн, ах надаас хорь, эгч надаас арван таван насаар эгч, би айлын отгон хүү. Муу эжий минь намайг их зовж төрүүлсэн шиг билээ, долоо хоног дуншиж байж төрсөн гэдэг. “Таньдаг байх юм уу, таньдаггүй нь байх юм уу, бүү мэд” гэж байгаад төрсөн юм гэсэн дээ. Ах маань тэр үед Дундговь аймгийн шүүгчээр ажиллаж байсан. Шүүгч хүн болохоор танил талтай байсан юм байлгүй, “Улаан туг” сонины сурвалжлагч бүдүүн Халтар гэдэг хүнд үзүүлэхээр явуулсан. Халтар гуайд үзүүлсэн чинь бараг бүтэн жилийн дараа дөрөвдүгээр сарын аравдаар сонины буланд хэвлэгдсэн. Энэ л миний анхны шүлэг байсан.

-Эрэнжидийн Хархүү зохиолч ч ирлэсэн тонгорог шиг галтай дөлтэй амьтан л байсан биз?

-Хүүе ээ, яриа юу байхав дээ. Багшийн дээд төгсчихсөн, жаахан мижигнүүр алхаатай, жигтэйхэн гоё залуу очсоон. Самбар дээр шууд л “Говийн өндөр” гэж бичээд л номыг нь харуулаад “С.Дашдооров гэж танай Дундговийн зохиолч шүү дээ. Та нар яагаад таньдаггүй юм. Би хотод нэг барааг нь харсан” гэж байгаа юм. Нөхөр Дооровтой уулзаж амжсангүй л дээ. (инээв. сур) Тэгээд “Говийн өндөр” романд байдаг “Өнөөдөр Дэлгэрхангай сумын уран сайханчдын концерт аймгийн Соёлын ордонд төдөн цагт болно” гэсэн зарлалыг тусад нь их гоё өрөөд хэвлэчихсэнийг үзүүлээд “Номыг ингэж их гоё хэвлэдэг байна. Та нар харав уу” гэж харуулна. Тэгээд биднийг дагуулаад Хөрхийн хадан дээр очно. Өөрөө хадан дээр гараад шүлэг уншина. Ийм л сайхан байж. Таваас зургадугаар ангиа Хархүү багштайгаа үдээд, долдугаар ангид Тунсаг багшийн удирдлагад очсон. Багш маань Өмнөговь руу шилжсэн. Хархүү багш маань намайг утга зохиолд дуртай болоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хөрхийн хаданд очихдоо гурван литрийн бедон хар цай, хэдэн боорцогтой очно. Тэр цайг уугаад багш маань хадан дээр шүлэг уншина гэдэг миний хувьд ертөнцийн нэг гайхамшиг байлаа даа.

-Анхны хайрын эзэн, хайрын шүлгийн эзэн гээд ярьдаг даа?

-Би тоонд их муу. Наймдугаар ангиа төгсөхдөө ер нь ном их уншина, Гитлерийг их зурна.

-Гитлер зурдаг нь ямар учиртай юм бэ?

-Үзэл суртлын үе байсан болохоор үзэн яддаг баахан дайснаа л зурдаг байхгүй юу. Хамгийн арын ширээнд сууна. Хичээлдээ идэвх их муутай. Ингээд Барилгын нэгдүгээр ТМС-д хуваариллаа. Хулигаан ихтэй сургууль шүү дээ. Багаяаг маань Гандангийн Мэргэн гүн Гомбожав гэдэг хүн өөрөө ачааны “ГАЗ-453” маркийн машин, суудлын тэрэгтэй очин урьж авчирсан. Мээм минь нутагтаа хэдэн малтайгаа үлдлээ. Багаяа бид хоёр Дарьгангын 18 гэдэг гудамжинд халзан Дондов гэдэг айлын үүдний амбаарт төвхнөсөн. Эх нялхсын хавийн л гудам л даа. Зун цаг байсан болохоор сахиус энэ тэрээ амбаарт тавилаа. Халзан Дондов гуай их сайхан даалуу тоглодог, жаалдаг хүн байлаа. Авгай нь Юмсрайжав гээд их сайхан налайсан хүн. Тэднийх гахай, тахиатай, их баян айл. Багаяа маань хуралд явахдаа орой нь нэг хэвийн боов, бэрээсий, хайлмагтай ирнэ. Хойтон нь мээм маань ирж, хотын айл болон төвхнөж байлаа. Дөрөв таван жил ингэж аж төрж байтал, Багаяа минь далан гурван онд өөд болсон. Яг үнэнийг хэлэхэд амьдралд мээм бид хоёрыг тэжээж тэтгэдэг хүн маань байхгүй боллоо. Мээм бид хоёрт үлдсэн юм гэвэл ердөө таван янчаан л байсан. Хоёр таягт, гурван ёншгойт байв. Тэрийгээ бид Ядамсүрэн гэж хүнд зарсан.

-Хот газар ч харж хандах хүнгүй, ажил төрөлгүй байна гэдэг ч бүтэхгүй зүйл шүү?

-Хожим тэр хүн уучлал гуйж ирсэн. Багаяаг лам байхад шавь гээд сүйд болж байсан хүн бурхан болуут нүүр буруулахгүй юу. Тэгтэл ах минь ашгүй хөдөөнөөс шилжин ирж, Сүхбаатар дүүргийн шүүгч боллоо. Мээм бид хоёрын амьдрал ингэж сүйрдгийн даваан дээр гайгүй сэгхийлээ.

-Нэгдүгээр ТМС-д баахан атамануудтай гар зөрүүлж байв уу?

-Би чинь салхивч-нимгэн төмрийн ангийн сурагч. Агааржуулагч хоолойнуудыг хийнэ. Манай багш Гончигбал, мастер багш нь Тогтох гэж хүн байх. Хөвгүүд ширүүн. Гуравхан охин, хорин хэдэн хүүтэй. Аз болоход манай сургуулийн Намын үүрийн дарга нь шүлэг бичдэг “Улаан бүчний намираа” гэдэг ном гаргачихсан, зохиолч П.Рэнжин гэж хүн байлаа. Бурхан миний хувь тавиланг хараад явсан юм шиг байна лээ. Рэнжин багш байсан тулдаа зодоон цохионоос хол хөндий явсан. Түүнээс зэрлэг байсан. “Од” кино театрт кино үзэхэд хооронд гар зөрүүлэх энүүхэнд. Манай захирал Гомбыг харахаар бүгд нам. Миний чацуутнууд гэхэд охид хүүхнүүдийн ертөнцийг үзчихсэн тийм л сүрхий газар байж.

-ТМС-иа төгсчихлөө. Яаж яваад цагдаа болсон гэдэг билээ?

-Сургуулиа далан гурван онд төгсөөд 18-тайдаа цэрэгт татагдлаа. Ах минь хөөцөлдөө биз дээ, Барилгын цэргийн 58дугаар ангид хуваарилагдлаа. Гэлэгрэнцэн гэж их сайхан хошууч байлаа. Штабын мэдэлд бичээчээр хэсэг ажиллалаа. Гэлэгрэнцэн гуайг халагдсаны дараа үхэр нүдэн Дагвадорж гэж ширүүн хурандаа ирлээ. Анги маань нимгэн төмрийн цехтэй. Би энд алба хааж байхдаа Архангай зэрэг хөдөө аймгуудын трактор засварын газрын дээвэр хийсэн. Эх орныхоо дархан хил дээр Байтаг богдоос Овоон энгэрийн ус хүртэл застав отрядын байрны дээврийг хийсэн. Гөлмөн төмрийг шувуун нуруунд дэвсчихээд тэр халуун наранд шарагдаад нэг үзээрэй. Пээ, ёстой нэг үйлээ үзсэн.

-Тийм ажил ч үзсээн үзсэн. Бас л чанга шүү?

-Амьдрал ямар хэцүү юм бэ гэж хэлмээр л болж байсан. Тэгэхдээ би ч бас гайгүй. Гурван цэрэг даргалчихна. Байтагаас Овоотын отряд дээр ирэхэд бүтэн жил хагасын хугацаа өнгөрсөн байсан даа. Дагвадорж хурандааг дуудсаны дагуу гурван цэргээ Овоотод үлдээгээд бүхээгтэй машинд суугаад хот руу гарлаа. Ирээд ёслоход Дагвадорж хурандаа “Ёсолж яах гэсэн юм бэ. Эр хүн нэг ийм юм үзэх ёстой” гээд дал мөрөөр тэврэхэд л нүдний нулимс асгарч байлаа. Нөхөрлөл гэдэг тийм сайхан юм даа. Эндээс халагдахад муу ах минь “Миний дүү чинь төгссөн сургууль байхгүй, яадаг шүү юм билээ” гэснээ нэг өдөр НАХЯ-нд яваад оч гэлээ.

-Шууд ч цагдаа болчихоогүй, бас эр цэргийн алба хаачихсан эрийн хугархай байж дээ?

-“Хамгийн цаад талын хаалганд Содномрагчаагийн Бүдрагчаа гэж генерал байгаа. Очоод уулз л” гэлээ. Тэнд хоёр гурван өдөр очлоо. Намайг тоодог амьтан байдаггүй. Нэг навсайсан л амьтан байгаад байгаа. Хоёр хонолоо. Тэгсэн гуравдахь өдөр генерал дуудлаа. Миний хөлс гоожоод, алчуур байдаггүй. Генерал “Шүлэг унш” л гэж байна. Барилга явахад чинь хичнээн ч шүлэг бичсэн юм. Тэрнээсээ л уншлаа даа. “Чи авьяастай хүү байна. Манай төв штабт ажиллана аа. Зарлага цагдаа болно” гэлээ. Ингэж бичиг тараадаг ажилтай боллоо, одоогоор бол интернэт юм аа даа. (инээв. сур) Цагдаагийн газраас гарсан бүх бичгийг тараана. Энэ ажлаа гурван жил хийгээд бага даргын албатай боллоо. Төлөвлөгөөний комиссын цагдаагаар ажиллана. Энд ажиллаж байхад Дамдинсүрэнгийн Урианхай ах Думаагийн Содном даргын нарийн бичгийн дарга байлаа. Урианхай ахын өрөөнд орж шүлгээ уншина. Жагдалын Лхагва ах “Технологи мэдээлэл” сэтгүүлийн эрхлэгч байсан. Лхагва ахтай буу халдаг, өгүүллэг ярьдаг боллоо.

-Утга зохиолын их ертөнцөд ч аргагүй л ороод эхэлж дээ?

-Их утга зохиол гэдэг чинь аяндаа авах хүнээ ингэж хүлээж авдаг байхгүй юу. Энд цагдаагаар ажиллаж байгаад нэг өдөр “Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно” гэсэн алдарт найрагч Ламжавын Лувсандорж багш маань “Энд цагдаа хийж суугаад яадаг юм, ер нь чамайг сургуульд явуулна” гэлээ. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд явуулах юм болж хөөцөлдлөө. Тэр жил Очирбатын Дашбалбар маань Горькийд явлаа. Бид хоёрын шүлэг “Залуучуудын үнэн” сонины майн нэгний дугаарт зурагтайгаа гарсан байсан юм. Миний таван шүлгийг С.Билэгсайхан багш “Утга зохиол” сонинд, Дэмбээгийн Мягмар багш “Цог” сэтгүүлд тавьчихсан, тухайн үедээ лухайсан яруу найрагч болчихсон гэж хөөрч яваа хүн шүү дээ. Лувсандорж багш маань “Горькийд болдоггүй юм бол Монгол Улсын их сургуульд орно оо хө” гээд ардын багш, яруу найрагч Сэндэнжавын багшид авчирч тушаасан юм. Дулам багш улбар ягаан царайтай, жигтэйхэн залуухан. Надаас хоёр дүү хүн шүү дээ. Лу багш “За, Дулам аа, чи энэ хүүхдийг сургуульд оруулахгүй бол тангараг тасрна шүү” гэж байсан юм даа. Ингэж их сургуульд элсэж соёлжихын замдаа орсон доо.

-Та чинь Шүр эхээсээ айгаад байна уу, дара эхээсээ эмээгээд байна уу, анхны хайрынхаа тухай тойрч гуядаад байна даа?

-Анхны хайр маань бүүр бага байхын л айл аймаг явсан даа. Миний олон бүтээлд Долгоо гэж бий. Тэрийг Шүрээ маань ч мэднэ. Сүүлд бид хамт очиж уулзаж ч байсан. Би бол аавгүй, нагацынхаа ивээлд ээжтэйгээ өссөн хүүхэд. Манайхтай айл аймаг явсан ажаа Цэдэнбат гэж мундаг өвгөн байлаа. Сүүлд Ерөнхий сайд Ж.Наранцацралт бид хоёр ч хамтдаа очиж золгож байсан. Тэр айлын Цогзолмаа, Долгор, Хархүү нарын хүүхдүүдээс Долгор нь надтай чацуу юм. Ажаа Цэдэнбат гуай надад их сайн. Арван найм есөн нас хүртлээ хамт явсан. Нэг очиход Эрдэнэбилэг гэсэн залуутай суусан байсан даа.

Үргэлжлэл бий


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *