Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс-Таван толгой” ХК Өмнөговь аймаг хоорондын хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ

“Эрдэнэс-Таван толгой” ХК Өмнөговь аймаг хоорондын хамтын ажиллагааны гэрээг байгуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн даваа гаригт Даланзадгад хотноо боллоо. Ёслолын ажиллагааг нээж Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар үг хэлэв. Тэрээр “Өнөөдөр Дэлхийд нүүрсний нөөцөөр тэргүүлдэг “Таван Толгой” орд газарт үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтын ажиллагааны гэрээг байгуулж байна. Тус гэрээ байгуулагдсанаар бүс нутагт тулгамдаж буй олон чухал асуудлыг шийдвэрлэж хэрэгжүүлэх болно” гэдгийг онцоллоо.

“Эрдэнэс-Таван толгой” ХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Мөн тус суманд “Энержи Ресурс”, “Таван толгой” компаниуд уул уурхайн олборлолт явуулдаг байна. Уг арга хэмжээний үеэр Цогтцэций сумын удирдлагууд “Манай сумын ард иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан “Эрдэнэc- Таван толгой” ХК Өмнөговь аймгийн хамтын ажиллагааны гэрээг үзэглэж байгаа нь бидний хувьд бахархалтай үйл явдал болж байна. Цогтцэций сумын хувьд тоосжилт нэн тулгамдсан асуудал. Тиймээс энэ онд эхлэх 13 километр авто зам тавих ажлыг ихээхэн талархан хүлээж авч байгаа. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах тухай асуудалд анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. “Эрдэнэс -Таван толгой” компанийн хамт олонд маш их баярлалаа” гэв.

Үүний дараа хамтын ажиллагаанд гарын үсэг зурах ёслол боллоо. Хамтын ажиллагааны гэрээнд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, тус аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, “Эрдэнэс-Таван толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг нар гарын үсэг зурж, тугаа солилцов.

“Эрдэнэс-Таван толгой” ХК гэрээний эхний ээлжид хэд хэдэн томоохон ажил хийхээр төлөвлөжээ. Дэд бүтцийн хувьд 8.5 километр хатуу хучилттай авто зам тавьж цаашдаа Цогтцэций сум хүртэл 13 километр автозам тавина гэв. Мөн Цогтцэций сумын Цагаан овоо багийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх юм. Тус багийн асуудал хүндрэлтэй байгаа бөгөөд тоосжилт ихтэй аж. Дэлхийн банкны судалгаа, Азийн хөгжлийн банк ч энэ талаар ярьж байгаа бөгөөд ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай гэв. Энэ хүрээнд Цагаан овоо багийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой үнэлгээ хийх ажлыг 2018 ондоо багтаан хийх аж. Өмнөговь аймгийн суурьшлын бүсэд дэд бүтцийн шугам татах, цахилгаан ус хангамжийн ажлуудад оролцох үүргийг “Эрдэнэс-Таван толгой” ХК хүлээж байгаа юм.

Тус компани нь Өмнөговь аймагтай Боловсрол, соёлын салбарт мөн хамтран ажиллах юм. Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 1500 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар хамтын ажиллагааны гэрээндээ тусгасан аж. Энэ нь хүүхдийн хөгжил, ирээдүйд болон боловсролын салбарт оруулж байгаа том хувь нэмэр болно гэдгийг тус компанийн удирдлагууд онцолж байлаа. Мөн соёлын салбарт аялал жуулчлалын томоохон цогцолбор баригдахаар төлөвлөгдөж байгаа гэв. “Эрдэнэс-Таван толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг “Боловсрол, соёлын салбарт хийх бүтээн байгуулалтад “Эрдэнэс-Таван толгой” ХК оролцох үүрэгтэй. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа. Гэрээнд Цогтцэций сумтай хамтран ажиллах төлөвлөгөө батлагдсан. Одоо бидэнд ажлаа эрчимжүүлэх үр дүнг нь үзэх л үлдлээ” гэв.

Гарын үсэг зурах ёслолын дараа “Эрдэнэс-Таван толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуягаас цөөн асуултад хариулт авлаа.


-Цагаан овоо багийг нүүлгэн шилжүүлэхэд хэр хугацаа шаардах вэ?

-Эхний ээлжинд Цагаан овоо багийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой үнэлгээний ажил хийгдэнэ. Мэргэжлийн үнэлгээний байгууллагуудаас ямар хэмжээний төсөв, хугацаа шаардагдахыг мэдээд ажлаа төлөвлөнө. Дараагийн ээлжинд суурьшлын бүсэд дэд бүтцийн ажлууд хийгдэнэ. 2018 онд багтаагаад үнэлгээний ажлууд дуусна.

-“Эрдэнэс-Тавантолгой” компани ус , байгаль орчны чиглэлээр хэр хариуцлагатай ажиллаж байгаа вэ?

-Бид усны хангамжид анхаарлаа хандуулж байгаа. Хэрэглээний усыг нэмэгдүүлэх хүрээнд худаг байгуулж байна. Улаан нуурыг нөхөн сэргээх , хамгаалах нь 2018 онд хийх томоохон ажил байх болно. Цаашдаа гүний усыг яаж нөхөн сэргээж ашиглах талаар Байгаль орчны яамаар үнэлгээ хийлгэн хамтарч ажиллах шаардлага байгаа тул мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулж байна. Өмнө нь ч гэсэн гедрогеологийн хүрээнд хийгдсэн ажлууд их бий. Сая бид гедрогеологийн 2500 тууш метр өрөмдлөгийн ажлыг зохион байгуулсан.

-Тоосжилтын асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Тоосжилтоос урьдчилан сэргийлэх ажлыг Цагаан овоо багийн нутаг дэвсгэрт хийнэ. Тоосжилтыг багасгахын тулд тус суманд үйл ажиллагаа явуулж буй гурван уурхай хамтран ажиллана. Зөвхөн “Эрдэнэс-Таван толгой” ХК дангаараа шийдвэрлэхгүй. “Энержи ресурс”, “Таван толгой” компаниуд ч үйл ажиллагаа явуулж байгаа. Гурван компанийн хувьд цаашид байгаль орчны нөхөн сэргээлт, тоосжилт гээд гэрээний хүрээнд хамтарч ажиллах шаардлага байгаа гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *