“Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийг энэ сарын 19-ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уг тэмцээн нь сонирхогчийн болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр төрөл ангиллаар явагдах аж. Мөн сонирхогчийн төрөлд 5000м гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа бол 1500м гүйлтэд гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /тэргэнцэртэй, хараагүй/ хамран оролцох юм.
Тус тэмцээний бүртгэл Монголын Оюутны Холбооны байранд энэ сарын 14-ний өдрийг хүртэл явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 20 мянган хүн бүртгүүлсэн гэх мэдээлэл байна. Энэ жилийн хувьд бүртгэлийг 35 мянгад хүргээд зогсоох шийдвэртэй ажиллаж байгаа аж. Учир нь Улаанбаатарын хотын ачаалалыг харгалзан үзэж, энэ тоог өсгөхгүй байх санал иржээ. Бүртгүүлсэн иргэд онлайн бүртгэлд хамрагдсан бол заавал энгэрийн дугаараа авч баталгаажуулах ёстойг сануулаад байна. Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд 35 мянга 800 иргэн бүртгүүлж, оролцож байжээ.