Зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх” роман одоогоос олон жилийн өмнө хэвлэгдэн гарахдаа уншигчдын анхаарлыг гойд татаж байсан билээ. Энэ ном нь Чингис хааныг хувь хүнийх нь хувьд хувьчлан амилуулж, тэрхүү хувь чанар нь түүхэн үйл явдлын дунд хэрхэн алдаж эндэж, унаж босч байгааг уран сайхны аргаар үзүүлсэн ном юм. Энэ номд тайлагдашгүй оньсого мэт гайхамшигт түүхийг бүтээсэн Чингис хааны амьдрал, тэмцлийг тун өөр, хурц, бахархмаар, заримдаа бүр зэвүүцэж, үзэн ядаж, дур гутмаар ч гэмээр өөр өнцгөөс харуулж чаджээ. Ингэхдээ уншихад тун амттай болгож Чингис хааныг магтан дуулахдаа биш, хувь хүнийх нь өөрийн давуу болон сул талууд, дотоод шунал тачаал, алдаа эндлийг нь нууж хаах зүйлгүйгээр энгийнээр гаргаж чадсан нь уншигч миний хувьд сонирхолтой санагдсан. Зөвхөн Чингис хааныг ч бус Хасар, Жамуха, Бөртэ, Өэлүн эх гээд бүх л дүрүүдийг “Монголын нууц товчоо”-нд дүрслэгдээгүй оньсого мэт үлдсэн бүхнийг нөхөн шаглаж, уран сайхны халилыг гамгүй хэрэглэж уншигчдад түүхийн туйлын үнэн мэт сэтгэгдэл төрүүлэхүйц бичжээ. Сэтгэл зүйн өнцгөөр бичигдсэн энэхүү роман нь “Бөртэ”, “Жамуха”, “Тэв тэнгэр”, “Өэлүн”, “Хасар”, “Хулан”, “Зүчи”, “Боорчи”, “Тэмүжин” гэсэн эрдэнийн есөн бүлэгтэй. “Монголын нууц товчоо”-ны гол дүр гэгдсэн эдгээр хүмүүсийн зан чанар, үйл хэрэг, үзэл бодол нь нэгдэн нийлж байж Эзэн богд Чингис хаан урган төлжсөнийг цогцлоон дүрсэлсэнд “Чингис хааны нууц түүх” романы гол ололт юм гэж романы өмнөтгөл үгийг бичсэн Утга зохиол судлаач, доктор Ү.Хүрэлбаатар бичжээ. Тус романд эр, эмийн ёсны харилцааны талаар ичгүүр сонжуургүйгээр гэмээр дүрслэл олонтаа гардаг. Тухайлбал, “Бөртэ хатныг дур ханахдаа ухаан алддаг гэж оношлон Бөртийн ийм тачаангуй ааш Тэмүжинд туйлын их таалагдаг бөгөөд түүнийг хүссэн үедээ чих, хүзүүг нь халуун амьсгалаараа сэрвэгнүүлэн “хоёулаа үхэж тоглох уу” гэж шивнэдэг болжээ. Дур ханаад ухаан алдан унасан үзэсгэлэнт залуу эхнэрээ ширтэн суух шиг аз жаргал Тэмүжинд байсангүй” гэх мэтээр өгүүлсэн нь бий. Тэмүжин нэг хатныхаа өвөрт нөгөөг хүсэмжлэн бодох болж, Есүгэн хатанд саатах байснаа Бөртэтэй хонох болсон, мөн гурван хүн цэнгэн жаргаж буй зэргээр ор хөнжлийн асуудлыг нь нүүр улайтал бичсэн нь романы тухай шүүмжийн гол байны нэг болдог гэдгийг нь бас дурдах нь зүйтэй болов уу. Уншигчдын хүртээл болоод арав гаруй жилийг үдэж буй ч өнөөдрийг хүртэл эрэлт ихтэй, үнэлгээ өндөртэй хэвээр байгаа “Чингис хааны нууц түүх” романаас уншигч та энэ үнэн болов уу гэх асуултыг өөртөө тавин байж шимтэн уншихаар дүрслэлийн хэтрүүлэг хийгээд хувь хүний дотоод зан төлөв, бодролыг яг дэргэдээс нь харж буй сэтгэгдэл төрөн байж нэг амьсгаагаар л уншчих биз ээ. Дашрамд дурдахад 2008 онд уг зохиолоор найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган “Үхэж үл болно Чингис хаан” уран сайхны киног олны хүртээл болгож байсныг нь дурдъя.