Зүүн хязгаарын газрын тосыг олборлож буй “Петрочайна дачин тамсаг” ХХК дотоодын аж ахуйн нэгжүүдэд ажил олгохгүй байгаа талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Тус компани дотоодын аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг хэдий ч Хятад компаниудаар ажлаа гүйцэтгүүлдэг гомдол ч яригдаж байна. Тэдний нэг болох тендерт шалгарсан ч гэлээ өнөөг хүртэл ажлаа гүйцэтгэж чадахгүй байгаа “Ти Би Эн Си Транс” ХХК- ийн гүйцэтгэх захирал Б.Маргад-Эрдэнэтэй ярилцлаа.
-“Петрочайна дачин тамсаг” ХХК-иас зарласан тендерт танай компани оролцоод шалгарсан гэсэн. Гэтэл өнөөг хүртэл ажлаа гүйцэтгэж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-Зүүн бүсэд буюу Дорнодын их талд газрын тос олборлож байгаатай холбогдуулаад тээвэрлэлтийн асуудлыг ярих ёстой. Өнөөдрийн байдлаар тэнд 400 гаруй машин газрын тосны олон улсын тээвэр хийж байна. Гэвч тэдэн дунд дотоодын аж ахуйн нэгжийн эзэмшилд буй нэг ширхэг ч автомашин тээвэр хийж чадахгүй байгаа. Дээрх 400 машин гэдэг бол Хятадын хөрөнгө оруулалттай компанийнх. Тэд 2006 оноос хойш тээвэр хийж байна. Харин өнгөрсөн онд Газрын тосны газраас олон улсын тээвэр хийхдээ тендер зарладаг болох шаардлага тавьсан. Шаардлагын гол утга нь дотоодын компаниудаа оролцуулахад чиглэсэн юм. Ингэхдээ бас “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж санал солилцож байж дээрх шаардлагыг тавьсан байдаг. Үүний дагуу өнгөрсөн онд Монгол Улсын Тамсаг дахь 19 дүгээр талбайгаас “Түүхий газрын тосыг хил дамжуулан тээвэрлэх” А2017F4001 тоот дугаартай сонгон шалгаруулалт хийсэн. Тендер анхнаасаа явцуу хүрээтэй, ямар шатанд яаж явагдах нь тодорхойгүй байлаа. Мөн маш утгагүй заалтууд оруулж ирсэн. Тэр нь юу вэ гэвэл тендерт оролцогч тухайн компани 60 хүртэлх машинтай бол нэг оноо, 99 хүртэл бол хоёр оноо, 100-гаас дээш бол гурван оноо өгнө гэсэн байсан. Гэтэл өнөөдөр Монголд жаран машинтай газрын тосны тээвэр хийдэг компани гэж нэг ч байхгүй. Монголоос оролцсон ганцхан компани болох манайх гэхэд тэдний шалгуурт заасан хамгийн бага буюу 18 машинтай. Оролцоод шалгуурыг нь хангасан боловч дээрх онооноос нэг оноог л авч чадсан.
-Танайхаас бусад нь дандаа Хятадын компаниуд байсан юм уу?
-Тэгэлгүй яахав. Хамгийн багадаа 30 машинтай компани орж байна лээ. Ер нь дээрх сонгон шалгаруулалтыг газрын тосны 19, 20 дугаар талбайд тус тусад нь зохион байгуулсан. Нийт есөн компани тендерт оролцсон. Үндэсний компани гэвэл манайх ганцаараа. Бас нэг Монголд бүртгэлтэй компани бий. Тэр нь Ван гэж өвөр монгол эзэнтэй “Дорнын хөгжил транспорт” гэж компани.
-Танайх уг нь шалгуурыг хангасан гэсэн. Гэтэл яагаад тээврээ хийж болохгүй байна вэ?
-Яг одоогоор манай компани хүлээлгэнд гэсэн байдалтай байна. Нэгэнт сонгон шалгаруулалтын шаардлагыг хангасан тул арай ч хасагдчихаагүй. Тэгсэн мөртлөө хүлээлгэнд буюу нөөцөнд орчихоод ажил гүйцэтгэж чадахгүй байна. Манай урд байгаа 160 машин эвдэрч хэмхрээд хасагдсаар байгаад сая нэг манайд боломж олдож магадгүй. Гэхдээ тэр 160 машин бүгд эвдрээд тээвэр хийж чадахаа болино гэж байхгүй. Ганц нэг машин эвдэрлээ гэхэд дараагийн машинаа гаргаад явуулчихна. Тэр хооронд засвар үйлчилгээ хийгээд өнөөх машинаа буцаагаад оруулаад ирнэ. Ингэхээр нэг ёсондоо манай компани тэнцсэн гэдэг нэртэй ч тээвэр хийж чадахгүй гэсэн үг. Бас нэг асуудал бий. Хууль, эрхзүйн талаасаа олон улсын аюултай ачаа тээврийн “F” зөвшөөрөл гэж байдаг. Тэр зөвшөөрлийг авах гэхээр газрын тос маань өөрөө аюултай ачаа гэсэн ангилалд ордоггүй. Өөрөөр хэлбэл, хуулиар үүнийг зохицуулж өгөөгүй гэсэн үг. Тиймээс дурын гадны компани манай улсын нутаг дэвсгэр дээр тээвэр хийгээд байна.
-Нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх зөвшөөрөл гэж байдаг биз дээ. Тэр ангилалдаа ордоггүй юм уу?
-Орохгүй. Нефтийн бүтээгдэхүүн гэхээр түлш, шатахуун, моторын тос гэхчлэн ороод явчихдаг. Тэр дунд газрын тос гэсэн нэг ч үг алга. Хэрэв газрын тос тээвэрлэх тусгай зөвшөөрөл гэж олгодог болчихвол дотоодын компаниудад хамаагүй давуу талтай болно. Хуулиндаа л багахан нэмэлт өөрчлөлт оруулчихад болох гээд байгаа юм. -Энэ асуудлаар хууль тогтоогч нарт хандаж үзсэн үү? -Ерөнхийдөө энэ талаар яриад нэлээн хэдэн жил явлаа. Даанч улс төр тогтворгүй болохоор тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Тээвэр хийнэ гэж зориод тэрбум гаруй төгрөгөөр компанийн дотоод хүчин чадлаа сайжруулчихсан байдаг. Гэтэл өнөөг хүртэл түүнийхээ үр шимийг гаргаж чадахгүй байгаа нь туйлын харамсалтай. Зүгээр л банкинд хадгалчихсан бол ядаж л овоо хэдэн төгрөгийн хүү аваад явчихна. Гэхдээ дотоодын компаниудад боломж олдоно, төр засаг үүнд анхаарал хандуулж зохих шийдвэр гаргаж өгнө гэж найдаж байгаа.
-Уг нь Монгол Улсад зарлаж буй дийлэнх тендерүүд дотоодын давуу эрх тооцно гэж заасан байдаг. Энэ заалт яагаад танайд давуу эрх үүсгэж чадсангүй вэ?
-Уг нь тендерт оролцохдоо үндэсний компанийн хувьд манайх дотоодын давуу эрхээ ашиглах юм байна гэсэн итгэлтэй байлаа. Гэвч үнэн хэрэгтээ дээрх заалтыг авч хэлэлцээгүй. Дотоодын давуу эрхтэй гэх заалтаар монгол компаниудыг тендерт оролцуулах эрх л олгосон. Түүнээс биш давуу эрх гэж тооцоогүй. Ер нь бол манай хоёр улс газрын тосны олборлолтын асуудлаар бүтээгдэхүүн хуваах гэрээтэй байдаг. Энэ гэрээнийхээ дагуу тээвэрлэлтийн тавин хувийг нь Монголын компаниуд авъя л даа. Нийт тээвэрлэлтийн тавин хувийг нь үндэсний компаниудын дунд зарлаад өг. Тэгвэл шударга болно. Тэгэхгүй бол зуу гаруй машинтай, аль хэдийнэ хөл дээрээ зогсчихсон хятад компанитай өрсөлдөнө гэдэг худлаа болоод байгаа юм. Ингээд зогсохгүй бид тендерт оролцсон болохоор 70 мянган ам.доллар дэнчин гээд тавьчихсан байгаа. Бас нэг машиныг хоёр мянган ам.доллараар баталгаажуулалт хийгээд банкинд байршуулчихсан байна. Одоо 100 гаруй мянган ам.доллар хөдөлгөж ч болохгүй банкинд байлгаад л байна.
-Түрүүн та бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлэх талаар ярьсан. Өнөөдөр тэнд бодит байдал дээр дотоодын компаниуд ажилтай байж чадаж байгаа юу?
-Хэцүү дээ, маш цөөхөн компани бий. Туслан гүйцэтгэх ажлын үйлчилгээний ажлын гучин хувийг хийж байж магадгүй. Нийт ажлын гээд яривал арван хувьд ч хүрэхгүй. Уг нь бол гадаадаас ажиллах хүчин авах тухай хууль гэж бий. Тэр хуулиар арван хятад хүн ажиллаж байгаа бол гучин монгол хүн байх ёстой гээд заачихсан. Энэ хуулийг тэнд мөрдөхгүй байна. Дээрх асуудлуудыг төр засгийн зүгээс шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Мөн тэнд тулгарч буй нэг асуудал бий. Тэр нь ажиллах хүчнийг дотоодоос авахгүй байгаа. Үндэсний компаниудын оролцоог нэмэгдүүлээд өгчих юм бол нутгийн иргэдийг ажлын байраар хангаад явчих бүрэн боломж бий.
А.ДЭЛГЭР