Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Брэнд” хоньчин, Эрдэнэт и тд…

НАМАГ БА НАМАГТ УНАГСАД-2

Тийм ээ “…Социализм байгуулахдаа ганц булаалгасан юм нь үнэндээ мал байлаа. Малтай байсан, малаа өсгөж болдог байсныг мэдэх учраас л хувьчлалын дараа Монголын мал өссөн ажгуу.

Чөлөөт сонгууль, улс төрийн эрх чөлөө, үг хэлэх эрх, төр засгаа олон түмэн өөрсдөө байгуулах гэдэг бол хэзээ ч үзээгүй цоо шинэ зүйлс байжээ. Ноёноо сонгож байсан биш, Манжийн төрийн бодлогыг хэлэлцэж суусан биш, нам засгийн тогтоолыг өөрчлөх гэж явсан ч биш…”

Өнөөгийн монголчуудын “хувийн өмч”-ийн нийтлэг мэдрэмж зөвхөн “мал сүрэг”-ээр л илэрхийлэгдэх аж.

Жил бүр орон даяар мал тооллого “үзэл суртлын өндөр хэмжээнд” зохион байгуулагдана. Монгол Улс энэ жил хэдэн малтай болсныг бүгд сонирхож бахдан ярина. Харин автомашин, орон сууц зэрэг хувийн өмчийг тоолдог боловч хэн ч үл сонирхоно. Тааралдсан монгол хүнээс “танай улс хэдэн малтай вэ” гэхэд торохгүй хэлнэ. Уг нь улсынхаа эдийн засгийн чадамжийг хүн бүр л мэдэж байх гэж чармайж яваа нь тэр. Харин “Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ хэд вэ” гэж асуувал ном уншиж байгаа морь харсан аятай гайхан мэлийнэ дээ.

Жил бүрийн намрын сүүл сард мал сүргээ хэрхэн өвөлжүүлэх, энэ жил зуд болох эсэх талаар орон даяар өргөн хэлэлцүүлэг өрнөнө дөө. Засгийн газар нь энэ талаар маш их анхаарч сайд дарга нар байнга л мал өвөлжилтийн сэдвээр ярина. Уг нь өмчид санаа тавьж байгаа царай нь тэр шүү дээ.

Хавар болмогц манай улс хэдэн төл хүлээн авах бөөн яриа хөөрөө үүснэ. Тэгээд малчдыг төлөө хүлээн авахад нь тусалж, элгэвч нэмнээ, лаа чүдэнз явуулах хөдөлгөөн өрнөнө. Уул шугамандаа, хувийн өмчийг хамгаалах мэдрэмж нь ажиллаад байгаа хэрэг шүү дээ.

Зуданд малаа үхүүлсэн айлд мал олж өгөхөөс гадна ерөөсөө малгүй өрхийг малжуулах төсөл байнга хэрэгжиж нийтээрээ дэмжинэ. Ард нийтээрээ өмчтэй байх боломжийг л эрэлхийлээд, хувийн өмчийг дэмжээд байгаа царай нь тэр шүү дээ.

Харин, менежмэнт муутайгаасаа болоод авсан зээлээ төлж чадалгүй дампуурсан этгээдэд хандив өргөе, эсвэл дэлгүүрээ муу ажиллуулаад дампуурсан хүнд шинэ супермаркет босгож өгье гэвэл “хохь нь шүү дээ” гэж ам таглана. Учир нь тэд компаниа, дэлгүүрээ алдсанаас биш, малаа алдаагүй.

Монгол хүний өмчийн мэдрэмж, хувийн өмч, амьжиргааны эх үүсвэр, айл өрхийн оршин тогтнох тулгуурын тухай ойлголт нь зөвхөн малаа тойрон эргэлдэж байна. Мянга мянган жилийн өмнөх шигээ, нэгдэлжих хөдөлгөөний өмнөх шигээ. Бид “өмч хөрөнгө бол хүний эрх чөлөө аз жаргалын үндэс” гэдэг ойлголтыг “мал бол эрх чөлөө, оршин тогтнохын үндэс”, “хүнийг малаас нь салгавал эрх чөлөөгүй болно” гэж төсөөлсөөр. Уг нь оргүйд орвол охинтой л юм.

Танилын маань дүү хархүү нь хотын хүүхэд боловч мянгат малчны охинтой гэрлэжээ. Боломжийн амьдралтай гэр бүлийн залуу учраас хайр сэтгэлээ дагаад айл орон болсон бололтой. Залуу хос гэр орноо тохижуулах юм болж. Гэтэл эхнэр нь хөргөгч, зурагтаас эхлээд машин тэрэг авах гэхээр үнийг нь асуучихаад бодоод суучих юм гэнэ. Бодож, бодож нэг л үг хэлдэг нь “Өө үхсэн, төдөн хонь л юм байна” ажгуу. Тэгсэн мөртлөө авдаггүй.

Малчин хүн эд хөрөнгө шинээр авахдаа мянга мянган жил “хэдэн хонь болох вэ” л гэж бодож ирсэн. Гэхдээ малаас өөр хөрөнгө нэг их нэмж аваад байх сонирхолгүй. Учир нь малаас бусад хөрөнгө бол нүүдэлд нь түвэг учруулж эхэлдэг.

Бид цөмөөрөө л малчин хүн байгалийн эрс тэс үзэгдэл болох гангийн халуун, зудын хүйтнийг зохицон даваад, цор ганц өмчийн хэлбэр болох мал сүргээ аваад үлддэг шигээ эрин зууны шинэчлэлүүдэд өнгөө засан зохироод “малчин” сэтгэлгээгээ хадгалсаар явна.Өнөөгийн нийгэм улс төрийн хямралуудын үндсийн үндэс нь энд байгаа бололтой.

Хувийн өмчийн хэлбэр мал идээ байтугай үл хөдлөх хөрөнгө, цаасан мөнгө алт эрдэнэс төдий байхаа аль хэдийнээ больж, оюуны өмч, криптовалют, гарт үл баригдаж нүдэнд эс харагдах өмчийн эринд хорвоо дэлхий умбан оржээ. Харин монголчууд бид л өмч гэхээр хэдэн хонь санаанд ороод, ган зуд болохгүй л бол Монгол орон оршин тогтноод байх юм шиг сэтгэсээр.

…Зуны цагт айлссан хот айл байя гэж бодъё. Хоёр гэрийн мянгаад хонь тал дүүрэн бэлчинэ. Доржийнх 490 хоньтой, Батынх 510 хоньтой аж. Батын хүү Дугар морины наймаа хийдэг сүрхий амьжиргаатай нэгэн. Намар хот айл салж нүүхийн өмнө нэг сонин явдал болов. Батын Дугар наймаа хийж олсон мөнгөөрөө Доржийн 490 хонийг худалдаад авчихав. Батынхан бөөн баяр болж хүүгээ магтан, ойр хавийн айлууд “ийм хүүтэй айл сайн явалгүй яахав” хэмээн магтаж таарна.

Хэрвээ Бат гуай бөөн уур болж, хүүгээ алангаа алдан “Дугар хүүгийнхээ наймаа хийж олсон мөнгө шударга эсэхийг шалгана”, “Ер нь Доржийн малыг худалдаж авах ёсгүй байсан юм”, “Хүү Дугарын худалдаж авсан 490 хонийг хурааж нэгдэлд тушаана” гээд сүгсэлзвэл олноороо жигшиж “Сэнтэгтэй хөгшин”, “Хүүгийнх нь заяа гомдоно байх даа” гэж муулан цэрвээд, айл нутаглах амьтан ах дүүс олдохоо болино оо доо. Вооот, энэ бол өмчийн тухай, зах зээлийн тухай зөв бөгөөд шударга мэдрэмж.

Харин Дугар хүү малын хулгайч энэ тэр байсан бол хэсгийн төлөөлөгчийн асуудал болохоос эцэг Батынх нь санаачлах ажил лав биш.

Гэтэл малаас өөр зүйл дээр хөрвүүлэх гэхээр шал өөр болоод явчихна. Жишээлэхэд, Эрдэнэтийн 49 хувь бол дээрхтэй л адилхан жишээ шүү дээ. Хөршийнхөө 490 хонийг хүү нь худалдаж ирсэнтэй агаар нэг явдал. Мөн л хэсгийн төлөөлөгч оролцох асуудал гарсан байвал тэр нь тусдаа хэрэг.

Асуудлыг “ещё” илүү хоньлог болгоод төсөөлье. 1992 онд социалист өмчийг хувьчлах хүрээнд нэгдлийн малыг тухайн үеийн малчдад үнэгүй хувьчлан тараасан байдаг. Зөвхөн социалист өмчин дээр тулгуурласан БНМАУ-ын 24 сая мал бол бүх монголчуудад хамаарах өмч байсан юм. Малаа анх нийгэмчилсэн хүмүүсийн ихэнх нь бурхан болсон бөгөөд тэдний үр хойчис нь бөөн бөөнөөрөө хөдөөнөөс дайжиж сургууль соёлын мөр хөөн шинэ үеийн хотшилын суурийг тавьсан гэдэг утгаараа ч тэр. Гэтэл мал хувьчлалыг малаа хураалгаад хот нүүсэн хүмүүс ба тэдний үр удамд хүртээлгүйгээр шийдсэн юм.

Энэ асуудлыг өнөөдөр эргүүлэн сөхөж, тухайн үед нэг хүнд 12 толгой мал ногдож байсан сэдлээр зарга үүсгэж болно. 1990-ээд оны нийслэлийн хагас сая хүнд ногдох учиртай долоон сая гаруй малыг үр төлийнх нь хамтаар нэхэмжилж болно. Бас өнөөгийн Монголын 60 сая гаруй мал нь тухайн үед хувьчлагдсан малын үр төл. Энэ утгаар нь “Хот суурины иргэдээс нууж хувьчилсан малыг эргүүлэн улсад авах” буюу хувийн бүх малыг, луйврын аргаар малчдад очоод өсөж үржсэн 60 сая малыг хураах, дараа нь шударгаар дуудлага худалдаанд оруулах нэхэмжлэл гаргавал юу болох вэ?

Уншигчид энэ мөрүүдийг уншаад л зэвүүцэж, “Солиотой шаар вэ. Ийм тэнэг юм санаанд орж л байдаг. Май чи, ингээд малыг хурааж ав” гээд л хот хөдөөгүй оволзож гарна биз дээ. Бүүр мал хувьчлалаас өнчин ишиг ч үгүй хоцорсон хотынхон ч уурлана. Харууш, хороош…Өмчийг хамгаалах мэдрэмж, өмч хувьчлалын үл буцах байдал гэж энэ л шүү дээ.

Чухамхүү, өмч гэхээр л малаас өөр юм төсөөлөгдөггүй учраас л Монгол төр иргэдээ үнэгүй газар өмчлөөд аваач гэж 20 жил гуйгаад, хугацаа сунган хошуу цорвойн хормой дэвсээд ердөө 20 хүрэхгүй хувь нь л хашааны газраа авчээ. Хэрвээ, баахан мал тууж ирээд хүн бүр 70 хонь үнэгүй авах эрхтэй гэвэл орон сууцтай айлууд ч аваад л хөдөөний ах дүүсээрээ маллуулна л гэж үзнэ шүү дээ.

Эндээс харахад “малыг эргүүлж нийгэмчилнэ, улсын өмч болгоно” гэвэл ард нийтээрээ эсэргүүцэх нь байна. Тэр ч бүү хэл, зөвхөн үнэгүй хувьчилсан малыг л эргүүлж авна ч гэсэн ялгаагүй.Нийтээрээ “Авсан л бол авсан, өгсөн л бол өгсөн, найраа байхгүй” хэмээн малтай, малгүй нийлэн дүрэлзэн босч байгаа ч гэсэн харин хувьчилсан орон сууцыг эргүүлэн хураана гэвэл орон сууц аваагүй хэсэг нь дэмжих байх шүү. Во..воот…асуудал энд л байна даа…

Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-аас авсан учраас, Оростой хамтын ажиллагаагаа хадгалахын чухлыг бодсон учраас ч эсэргүүцээд байгаа юм биш. Жишээлэхэд, манай алдарт “морьчин”-гуудын нэг нь орос хүнтэй хамтран эзэмшдэг сайн үүлдрийн адуун сүргийнхээ нөгөө хэсгийг луйвардаад авчихсан байвал манайхан “Наймаа бол наймаа, битгий эргүүлж өг”, “ер нь тэр орос мориор яах гээд байгаа юм бэ” гээд л уухайлна. Учир нь мал бол хөрөнгө, харин уул уурхай бол хөрөнгө биш ажээ.

Зуун дамжин хотшиж, зах зээл ардчиллыг байгуулж яваа бидний брэнд госчоомыг тайлаад харахаа л шилбүүр барьсан хоньчин гарч ирчихээд болдоггүй ээ. Гэтэл дэлхий ертөнц биднийг орчин үеийн хувцсаар нь дүгнэж, харилцах гэтэл дотроос нь малчин авир гарч гайхшыг нь бараад байдаг.

Бидний зах зээл, ардчилал, бизнесийн ертөнц нь ердөө л гангараа, хүний нүдэнд аятайхан харагдуулдаг, орой тайлаад шкаав руугаа шидчихдэг брэнд хувцас л болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *