Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 10-13-нд болно. Узбекистаны нийслэл Ташкент хотноо Хөвгүүдийн 20, охидын 17 дахь удаагийн тэмцээн болох юм. Монголын баг тамирчид бүтэн багаараа оролцохоор Өнөөдөр Чулуун хотыг (Ташкент гэдэг нь ийм утгатай) зорьж байна. Энэ удаагийн Азийн АШТ-ий хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жинд хүч үзнэ. Аравдугаар сарын 6-18-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болох Дэлхийн өсвөр үеийн зуны III олимпийн их наадмын эрхийг олгох юм. ДБНХ (UWW)-ноос гаргасан журмын дагуу сонгомол, чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилалд тус бүр 30, охидын ангилалд 50, нийт 110 тамирчин Аргентинд өрсөлдөнө. Тиймээс энэ жилийн Азийн АШТ-ий хөвгүүдийн ангилалд зөвхөн түрүүлсэн, охидын ангилалд эхний хоёр байрт орсон тамирчдад эрх олгох юм.