Categories
мэдээ нийгэм

Эцэг эхийн зөвлөл байгуулагдаж эхэллээ

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 4.5.8-д Гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллээс татгалзах хандлагыг олон нийтэд төлөвшүүлэх зорилгоор олон нийтэд чиглэсэн гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, тогтвортой гэр бүлийг дэмжих, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн 4.1.2-д Хүүхдийг аливаа эрсдэлд өртөх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр бүх яам агентлаг, харъяа байгууллага, орон нутгийн нэгжүүддээ эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллуулана гэсэн заалтыг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Би хариуцлагатай аав ээж” аяны зохион байгуулж байгаа билээ. Энэ аяны хүрээнд Нийслэлийн харьяа агентлагийн хүний нөөцийн мэргэжилтнүүдэд гэр бүлийн боловсрол олгох, эцэг эхийн зөвлөл байгуулах арга зүй өгөх сургалт тавдугаар сарын 2-нд зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа 32 агентлагийн Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд “Гэр бүлийн зөв харилцаа”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалт, мөн байгууллага дээрээ “Эцэг эхийн зөвлөл” байгуулах талаар арга зүй өгч, албан хаагчдынхаа хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулж хэвшүүлэн хамтран ажиллахаар болсон.

Байгууллагууд дэргэдээ “Эцэг эхийн зөвлөл”-тэй болсноор албан хаагчиддаа хувийн болон байгууллагын стресс менежментийг зөв зохицуулах, гэр бүлийн зөв харилцаа хандлага, хүүхдээ эерэг зөв аргаар хүмүүжүүлэх, гэр бүлдээ хүчирхийллийн аливаа үйлдэл хийхээс зайлсхийх, албан хаагчдын хүүхдүүдийн дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, хүүхдийнхээ оролцох хөгжих эрхийг нь хангах, хамт олон бие биенээ ойлгох, дэмжих байгууллагын эерэг дулаан уур амьсгал сайжрах, албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарах, ар гэртэй нь ойр эргэх холбоотой ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Сургалтад оролцогчдод “Эцэг эхийн зөвлөл”-ийн самбар гардуулан өгсөн ба хүний нөөцийн мэргэжилтнүүд байгууллага дээрээ зөвлөл байгуулан, албан хаагчдынхаа хүүхэд гэр бүл рүү чиглэсэн олон ажлуудыг санаачлан зохион байгуулж, самбартаа тогтмол мэдээлэн ажиллахаа илэрхийлсэн гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *