Categories
мэдээ нийгэм

Таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Энэ долоо хоногт буюу дөрөв дүгээр 30-наас тавдугаар сарын 4-ний хооронд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1204 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 834 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнд осол хэргийн улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 16 нь бага насны хүүхэд тэр дундаа 13 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ. Нэгдүгээрт эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, насанд хүрээгүй хүнд даатгадаг,хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, түүнчлэн жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй зэрэг томчууд бидний буруутай үйлдлээс шалтгаалан осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байгаа талаар албаныхан дуулгалаа.

Тухайлбал, өчигдөр 5 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг “Да хүрээ” гудамж, Эрдэнэ толгойн замд “Grace” маркийн автомашин явган хүний гарцаар гарч байсан 6 ангийн сурагч 12 настай Б-г мөргөж гэмтээсэн. Хан-Ууул дүүргийн нутаг 75-р сургуулийн баруун замд “Harrier” маркийн автомашин 6 настай, 9 настай 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.

Дорнод аймгийн “Хавирга өртөө” гэх газар шороон замд “Libero” маркийн автомашины жолооч 2 настай Т-г мөргөж амь насыг нь хохироосон байна. Урин дулааны цаг эхэлж найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ амралт зугаалгаар явах, төгсөлтийн баяраа тэмдэглэх зэргээр хөдөө, орон нутгийн замд зорчихдоо гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, хурд хэтрүүлсний улмаас зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг байдлаас шалтгаалан мөргөлдөх, онхолдох хэлбэрээр дийлэнх осол бүртгэгджээ.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 155 жолоочийг илрүүлэн саатуулж, 20 жолоочид шүүхээр баривчлах шийтгэл ногдуулан ажиллалаа.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 23 осол, мөргөлдөх хэлбэрээр 19 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 3 осол, хэрэг тус тусбүртгэгдсэн нь өнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10 хувиар, гэмтсэн хүний тоо 14 хувиар, орон нутагт амь нас нь хохирсон хүний тоо 1,5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн Замын цагдаагийн албанаас замын хяналтын төхөөрөмж ашиглан хянаж, зохицуулах боломжтой уулзваруудад биет зохицуулалт хийж хөдөлгөөн зохицуулахгүй байгаа бөгөөд харин уулзварт дэглэм тогтоох, хяналт шалгалт хийх чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *