Categories
мэдээ цаг-үе

Цахим сэтгүүлчид сэтгүүл зүйн IV хувьсгал, хариуцлага, ёс зүйд анхаарал хандууллаа

Цахим сэтгүүлзүйн II форум МУИС-ийн номын сангийн их танхимд боллоо. Ахмад, залуу сэтгүүлчид, дунд үеийнхэн, орон нутгийн сэтгүүлчид оролцсон уг форум илэн далангүй, өөртөө шүүмжлэлтэй, ирээдүйдээ анхаарал хандуулсан уур амьсгалд өрнөв. Албаны хүмүүс мөн оролцож, сонирхолтой статистик хэлцгээлээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат ярихдаа:

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Цахим бодлогын түр хороо байгуулахыг дэмжсэн. Дэлхий дахинд интернэтэд суурилсан цахим сэтгүүл зүй асар хурдтай хөгжиж байна. Манай Улс 1992 оноос цахилгаан холбооны салбарт технологийн шинэчлэл хийж, 1996 оноос 24 цагийн интернэтэд холбогдох болсноор цахим сэтгүүл зүй хөгжих үндэс тавигдсан. Өнөөдөр Монгол Улсад 350 хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдгаас 89 нь сонин, 80 гаруй нь сэтгүүл, эмхэтгэл, 100 орчим нь мэдээллийн сайт юм. Түүнчлэн Монгол Улс 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар нийгмийн мэдээллийн сүлжээнд бүртгэлтэй 2.1 сая хэрэглэгчтэй, идэвхтэй хэрэглэгч ойролцоогоор нэг саяд хүрч, тэд нь сард дунджаар зургаан коммент бичиж, 18 пост хийн, 11 сурталчилгааны мэдээлэлд хандалт хийдэг судалгаа бий гэв.

Харин Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адьяасүрэн мэдээлэхдээ:

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах газраас гаргадаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 2017 оны статистик мэдээллээс харахад 2011-2017 оны хооронд гар утас хэрэглэгчийн тоо 285 000- 2 сая 500 мянга орчим болж, 877 хувиар өссөн байна. Нийт интернэт хэрэглэгчийн тоо 2.9 саяд хүрч, 586 хувиар өссөн ба нийт дата хэрэглээ 26.5 терабайтад хүрчээ.

Интернэтэд суурилсан аливаа үйлчилгээг иргэдэд хүргэх үндэс суурь хангалттай бүрдсэн. Өнөөдрийн байдлаар нийт сум суурин газруудад өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулагдсан. Одоогоор 26 сум л үлдсэн. Орчин үед цахим орчин нь хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөг баталгаажуулах, ардчиллын ил тод тунгалаг байдлыг хангах, хүмүүс хоорондын холбоо харилцааг сайжруулах зэрэг давуу талуудыг агуулж байна. Гэвч сүүлийн үед цахим орчин дахь хүүхэд хамгаалал, цахим орчны гүтгэлэг доромжлол, нийгмийн сүлжээний худал мэдээлэл, хуурмаг хэрэглэгчийн талаар дэлхий нийтээр хэлэлцүүлэг өрнөж байна. Дэлхийн бусад улс орнуудын хувьд ч энэ асуудал зохицуулалтад байх ёстой талаар хэлэлцэж, тодорхой санал санаачилгууд гарсаар байна. Харилцаа холбооны зохицуулах хороонд дээрх асуудалтай холбоотой хувь хүн, албан байгууллагаас ихээхэн санал гомдол ирдэг. Энэ зохицуулалтын талаар холбогдох байгууллагуудтай хамтарч, судалгаа хийж байгаа гэлээ.

О.Ариунбилэг: Төлбөртэй мэдээлэл хүлээж авдаг уншигчдад бид илүү өндөр түвшинд бэлтгэсэн мэдээлэл хүргэнэ

Цахим сэтгүүлчдийг төлөөлж, Gogo сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг ярьсан юм.

-Манай сайт өдөрт 250 мянга хүртэл хандалт авдаг. Ёс зүйн код бидний бамбай. Барих зэвсэг маань баримт байх учиртай. Редакцитай, редакцигүй сайтууд гэж хувааж байна. Редакцитай сайтуудад ямар бэрхшээл тулгарч байна вэ?

Сэтгүүлчид маань туршлагагүй байна. Дандаа залуу сэтгүүлчид, охид ажиллаж байна. Мэргэжлээрээ ахиж дэвших боломжийг бид сэтгүүлчдэдээ өгөхгүй байна. Сэтгүүлчдээ бид цаг наргүй ажлаар дардаг. Жаахан цаг гарахаар сэтгүүлчид маань ном уншихгүй байна. Сэтгүүлчдийн суурь мэдлэг хангалтгүй. Сэтгүүлчээсээ ичих нөхцөл байдалд заримдаа ордог.

Удахгүй гал тогооны вэб сайтын үе дуусна. Яагаад гэвэл уншигчид хамгийн хатуу шүүгч. Үнэхээр даацтай чанартай мэдээлэл анализ хүргэдэг бол цаашдаа уншигчдаа хоёр хуваах болов уу. Төлбөртэй мэдээлэл хүлээж авдаг уншигчдад бид илүү өндөр түвшинд бэлтгэсэн мэдээлэл хүргэнэ. Төлбөргүй мэдээлэл хүлээн авагчдад төлбөртэй бэлтгэсэн мэдээллээсээ үнэртэх төдий өгдөг хэлбэрт гадны томоохон сайтууд орчихсон яваа. Ийшээ бид хүссэн хүсээгүй орох ёстой болно.Үүнд шилжихийн тулд биг дата ашигладаг систем рүү нэвтрэх байх л даа.

Бид яагаад олон эх сурвалжаас маш их судалгаа хийж бичсэн контентоо шар мэдээ хүсдэг уншигчдад яг адилхан түвшинд өгөх ёстой юм бэ. Бид ч бас ажлаа үнэлүүлэх ёстой. Сэтгүүл зүйн ирээдүй хамтын ажиллагаа. Цөөн боловсон хүчнээр том контент бүтээхийн тулд бид хамтарч ажиллах ёстой. Өнөөдөр, тав, арван сэтгүүлчтэй редакци сэтгүүлчдээ мэргэшүүлэх боломж гардаггүй юм бол мэргэшсэн хүмүүстэй хамтарч ажиллавал хүн хүчээ хэмнэх боломжтой гэв.

Ц.Чулуунзагд: Блокчейнд суурилсан сэтгүүлчдийн платформууд хийгдэж эхэлсэн

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Чулуунзагд “Дижитал шилжилт”-ийн тухай илтгэлээ. Цахим сэтгүүл зүйн хөгжилд дижитал шилжилт ямар нөлөө үзүүлж байгаа талаар ярья. Дэлхий өөрчлөгдөж байна. Дэлхийн топ таван компани бүгд мэдээлэл технологийнх байна. 2030 он гэхэд цахим шилжилтийн нөлөөгөөр 800 сая хүн ажилгүй болно гэсэн тооцоо бий. Энэ өөрчлөлтүүдэд юу нөлөөлж байна вэ?

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ид өрнөж байна. Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал механикжуулалт, уурын эрчим хүч, хоёрдугаар хувьсгалын үед масс үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч орж ирсэн. Гуравдугаар хувьсгалд электроник, мэдээллийн технологи, автоматжуулалт, дөрөвдүгээр хувьсгалын үед зүйлсийн интернэт, кибер физик систем байгаа юм.

Хэвлэл мэдээллийн салбар маань энэ дөрвөн том хувьсгалын хаагуур явсан бэ?

Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалын үед сонин гарчээ. Харин хоёрдугаар хувьсгалын үеэр телевиз нэвтэрсэн. Аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалын үеэр интернэт, вэб сайт газар авсан байна. Тэгэхээр аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед хэвлэл мэдээллийн салбарт ямар өөрчлөлт гарах вэ?

Cloud, IOT буюу зүйлсийн интернэт, блокчейн, хиймэл оюун ухаан, биг дата гээд маш олон зүйлс аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг бий болгож байна. ХХ зуунд эдийн засгийг хөдөлгөдөг гол хүч газрын тос байсан. XXI зуунд хамгийн үнэтэй баялаг өгөгдөл дата болсон. Энэ өгөгдөл, датаг сэтгүүл зүйн салбарынхан маань хамгийн их үйлдвэрлэдэг. Цахим шилжилт сэтгүүл зүйд эрсдэл бас боломж бий болгож байна. Уламжлалт хэвлэл сошиал медиад байр сууриа алдаж байна. Fake news буюу маш их хуурамч мэдээлэл бий боллоо. Сошиал медиад байр сууриа алдах, уншигчийн итгэлийг алдах тусам ашиг орлого нь багасах болсон. Эрсдлийг тойрох аргууд бий. Now this гээд мэдээллийн агентлаг нэг ч сайт, сонин, телевиз байхгүй. Зөвхөн сошиал медиа дээр үйл ажиллагаа явуулдаг. Эд “Бид хэдхэн секунд хэрэглэгчийн анхаарлыг татахын төлөө дээрээс доош гүйлгэсэн эдийн засгийн өрсөлдөөн дунд оршиж байна” гэж өөрсдийгөө тодорхойлсон. Гэсэн ч тэд уламжлалт медиагаас илүү орлого олдог. Эдний контентыг уламжлалт хэвлэлээс илүү олон хүн үздэг уншдаг болчихсон. Сошиал медиатай дайн зарлахаасаа илүү сайн ашиглах хэрэгтэй.

2020 онд хүмүүс мэдээллийг яаж авдаг болох вэ? Боломж байгаа тухай би түрүүн хэлсэн. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай зэрэгцээд сэтгүүл зүйн дөрөвдүгээр хувьсгалын тухай яригдаж эхэлсэн. Та бүхэн биткойн, криптовалют, блокчейний тухай сонссон. Дэлхийг өөрчилж байгаа энэ технологид суурилаад сэтгүүл зүй хөгжих ёстой. Сэтгүүлчдийн хариуцлагын асуудал яригддаг. Цөөхөн хэдэн сэтгүүлчийн хариуцлагагүй үйлдлээс болоод салбарын нэр хүнд унаж байна. Тэгвэл дэлхийд анх удаа блокчейнд суурилсан сэтгүүл зүйн бүртгэлийг хийж болж байна. Сэтгүүлчдээ хариуцлагын онооны системд оруулж, асуудал гарвал оноог нь хасч, ажиллах эрхийг нь түдгэлзүүлж болно. Төвлөрсөн бус мэдээллийн сүлжээ дэлхийд байгуулагдаж эхэллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжил арван жилээр ухарсан гэж үздэг. Засгийн газрын цензур, гэмт бүлэглэлийн хяналт, редакцийн эздийн хараа хяналт нь шударга бус мэдээ мэдээллийг дамжуулахад хамгийн том нөлөө үзүүлж байна гэж үзэх болсон.

Үүнд тулгуурлаад хараат бус санхүүгийн тогтолцоо бүрдэж эхэллээ. Блокчейнд суурилсан сэтгүүлчдийн платформууд хийгдэж эхэлсэн байна. joincivil.com гэж бий. Publicism.nl гэж бас байна. Pub­licism нь стартап компани. Аль хэдийнэ таван сая долларын хөрөнгө оруулалт босгочихсон. Энэ хавар үйл ажиллагаа эхлэх ажээ. Ингэж төвлөрсөн бус мэдээллийн сүлжээ бий болж байгаа юм. Энд зөвхөн сэтгүүлч нар мэдээллээ түгээж, буцааж орлого олж чаддаг. Блокчейний нэг давуу тал нь хэн ч устгаж, өөрчилж чаддаггүй. Сэтгүүл зүйн дөрөв дэх хувьсгал блокчейнд суурилж хөгжих юм. Энэ нь итгэл алдраад байгаа сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээнэ гэж үзэж байна хэмээв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *