Өнөөдөр Төрийн ордны “Монгол төрийн түүхийн музей”-д Р.Отгонбаатарын “Монгол ном бичгийн Эрдэнэс” цуглуулгын үзэсгэлэнгийн нээлт боллоо. Тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Үндэсний номын сан ажилласан байна.
Энэхүү үзэсгэлэн нь нэг хүний дагнан судалж, эрэл хайгуул хийж, эрдэм шинжилгээний тодорхой зорилготойгоор эмхлэн төрөлжүүлсэн бүтээлүүд багтжээ. Тэрбээр хувийн ховор нандин цуглуулгаа гадаад дотоодын жуулчид, эх түүхээ сонирхогчид, оюутан судлаачид, олон нийтэд нэн ялангуяа Монголын өсвөр залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилготой аж.
Үзэсгэлэнд 700 орчим жилийн өмнөх дөрвөлжин үсэгтэй цаасан мөнгө, “Чагтан шахлага” буюу тамгыг тэгш зөв дарж хэрэглэдэг мод, гарын тэмдэг, номын тамга, чулуун болон төмөрлөг халзууд, бар сийлбэрийн багжууд зэрэг ховор нандин цуглуулга багтжээ.