Categories
мэдээ нийгэм

УИХ дахь Ардчилсан намын бүлэг залуусаа хүлээн авч уулзлаа

“Ардчилсан Залуучуудын Холбоо”-ны гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан хүсэлтийн дагуу УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр тус холбооны Бодлогын зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат , УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын Дэд дарга Санжмятав, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Л.Болд, Б.Пүрэвдорж, М.Мурат болон АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд тэргүүтэй бодлогын хорооны дарга нар оролцов.

Уулзалтын эхэнд “Ардчилсан Залуучуудын Холбоо”-ны удирдлагын зүгээс эхний гурван сарын ажлын тайлангаа танилцуулж, УИХ дахь АН-ын бүлэгтэй хамтран ажиллах талаар тодорхой саналууд дэвшүүллээ.

С.Эрдэнэ: Залуучуудын манлайлал, оролцоо чухал байна

/УИХ-ын гишүүн, АН-ын дарга/

-Намын шинэчлэлд залуучуудын оролцоо маш өндөр байгаа. Тухайлбал, АН-ын бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг залуус гүйцэтгэж байна. Энэ бол маш том итгэл, хариуцлага. Залуус зөвхөн зар түгээдэг, уулзалт хурал зарладаг биш, бодлогын баримт бичгүүд рүү гүнзгий орж, УИХ дахь бүлэгтэйгээ илүү нягт хамтран ажиллах ёстой. АН-ын шинэчлэлийн нэг зорилт бол бодлого суурьтай нам болох. Энэ талбарт ҮБХ-ны бодлогын зөвлөлүүдийн идэвхтэй ажиллагаа маш чухал. Залуучууд маань санаачлагатай, хурдтай ажиллахын зэрэгцээ нийгэмд тулгараад буй шийдэл нэхсэн бодит ажлууд дээр төвлөрөх шаардлагатай байна. Бодлогын судалгаа, статистикт суурилсан ажлууд дээр төвлөрч ажиллах их орон зай байгааг анхаарах хэрэгтэй. Мөн эрх баригчдын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт бас ажил хэрэгч шүүмж өгөх шаардлагатай байгаа. Тиймээс ч залуусын манлайлал, оролцоо маш чухал байна.

Д.Эрдэнэбат: Улс төр бол санаачлага

/УИХ дахь АН-ын бүлгийн дарга/

-Өнөөдөр нэг зүйлийг тодорхой болгох зайлшгүй шаардлага үүссэн байна. Залуус маань яах гэж улс төрд хөл тавьж байна вэ. Зөвхөн сонгууль бодож уу, эсвэл үнэт зүйлийнхээ төлөө, чин шударгаар иргэд олон нийтийн төлөө ажиллах гэж үү. Үүнийг тодорхой болгохын тулд залуучуудын байгууллага маань манлайлж ажиллах хэрэгтэй байна. Бид үзэл баримтлал дээрээ л нэгдэх ёстой. Залуусын өмнө тулгамдсан асуудлыг өөрсдийнх нь оролцоотойгоор шийдвэрлэхийн тулд орон нутагт хүрч ажиллах ёстой. Өдийг хүртэл юуны төлөө, ямар итгэл үнэмшлийн төлөө явсан бэ гэдэг дээр анализ хийх учиртай. Та бүхэн маань өөрийн дуу хоолойгоо итгэл үнэмшилтэйгээр нийгэмд гаргахыг хичээгээрэй. Тодорхой санал, санаачлагуудаа нээлттэй бидэнд ирүүлж, хамтран ажиллаарай. Улстөр бол санаачлага.

Я.Санжмятав: Санаачлагатай ажиллаж байгаад талархаж байна

/УИХ-ын Дэд дарга/

– “Ардчилсан Залуучуудын Холбоо”-ны чадварлаг, эрч хүчтэй залуус маань анхан шатандаа илүү гүнзгий хүрч, эргэх холбоо сайтай ажиллаасай гэж хүсч байна. Намчирхахаас илүү нам бус олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхижүүлэх нь маш чухал.

Ж.Батзандан: Монгол бол залуусын орон

/УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга/

-АН-ын шинэчлэлийн хүрээнд нэг үеэ бодвол залуучуудын оролцоо намын шинэ өнгө төрх болсон байна. Монгол Улс бол нээлттэй орон. Залуучуудын орон. Тиймээс та бүхэн эрч хүчтэй, тэмүүлэлтэй ажиллаарай.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Залуус маань эрч хүчтэй байна

-Залуус маань ажлаа эрч хүчтэй өрнүүлж байгаад баяртай байна. Саяхан Залуучуудыг дэмжих хууль батлагдсан. Тус хуульд тодорхойгүй маш олон асуудлууд бий. Тэр чиглэлээр та бүхэн бодлогын судалгаа хийж, хэрэгжилтийг нь хангуулах тал дээр идэвхтэй ажиллах хэрэгтэй. Мөн 2012-2016 онд Ардчилсан намын тэргүүлсэн Засгийн бүтээн байгуулалтын ажлуудыг эрх баригчид маш ихээр үгүйсгэж байна. Тооцоо судалгаа, үндэслэлийг нь харахаар үр өгөөжтэй маш олон зүйл бий. Энэ тал дээр залуучууд маань анхаарлаа хандуулж, судалгаатай ажиллана гэж бодож байна. Эдийн засгийн өсөлт, статистик баримтууд дээр үндэслэж, ажиллаж байгаад баяртай байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Бид үнэт зүйл дээрээ анхаарах цаг болсон

-Залуусын төлөөлөл УИХ дахь бүлэгтэйгээ уулзаж байгаад баяртай байна. Цаашид бодлого, шийдлийн асуудлууд дээр албан бусаар ярилцаж, санал солилцож байхыг дэмжинэ. Та бүхний үйл ажиллагаа, олон нийт залуучуудад хүрч байна. Одоо АН-ын залуучууд бизнес эрхлэгч, баялаг бүтээгч залуусаа дэмжсэн ажлууд дээр төвлөрөх болов уу гэж бодож байна. Энэ чиглэлээр санаачлагууд явж байгааг харж байгаа. Гол асуудал бол үнэт зүйлийн ялгаатай байдал. Нийгэм маань үнэт зүйлгүй бол урагш алхахгүй. Тиймээс залуус маань үнэт зүйл дээрээ илүү анхаарах цаг болсон, үүнд та бүхэн манлайлан ажиллаарай.

Б.Пүрэвдорж: “Бодлого-зарчим” форум сайн зохион байгуулагдсан”

/УИХ-ын гишүүн/

-Залуучууд маань маш идэвхтэй байгаа. Саяхан зохион байгуулагдсан “Бодлого-Зарчим” форумын эхний хэлэлцүүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар амжилттай болсон бөгөөд миний бие оролцсон. ҮБХ-ны салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд та бүхэн маань сайн холбогч болж ажиллана гэдэгт итгэл төгс байна. Та бүхнийхээ үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллах болно.

УИХ-ын гишүүн Д.Мурат: Баялаг бүтээгчдээ дэмжээрэй

-Ардчилсан нам шинэ түүхийг бичилцэж ирсэн улс төрийн хат суусан хүчин. Гэхдээ МАН-ын дэргэд идэр залуу, нөөц бололцоо ихтэй. Одоо гоё ярихаас илүү бодит ажил дээр төвлөрсөн бодлого чухал. Нийгэмд тулгамдаж буй асуудлууддаа илүү анхаарч, ялангуяа баялаг бүтээгчид, эгэл жирийн иргэдээ дэмжсэн ажил дээр анхаараарай залуус аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *