Өнөөдөр Сүхбаатарын талбайд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос жагсаал хийлээ. Тэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон цалинг нэмэхийг Засгийн газраас шаардаж жагссан юм. Цуглаанд 1000 орчим хүн ирж өөрсдийн дуу хоолойг хүргэлээ.
Жагсаалын эхэнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар индэр дээрээс “Өнөөдөр та бидний өмнө, монголчууд бидний өмнө тулгамдсан маш олон асуудал байна. Энэ олон асуудлыг УИХ-ын 76 гишүүн, нийт ажил олгогчид хэрэгжүүлэх ёстой. Тэд ажлаа хийж чадахгүй байна. Бид тэвчээртэйгээр хүлээлээ. Сүүлийн гурван жил цалин, тэтгэвэр тэтгэмжийг огт нэмэгдүүлсэнгүй. Нэмэгдүүлнэ гэж удаа дараа амалсан. Бид удаа дараа шаардаж жагсаал цуглаан хийсэн. Бидний ард олон мянган үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон ажилгүй иргэд байгаа. Энэ УИХ-аас цөөхөн зүйлийг хүсч байна. Өнөөдөр цалин орлоготой болгоно. Өгч буй цалин нь амьдралд хүрэлцэхүйц байлгахыг л хүсч байна. Сонгуулийн өмнө маш сайхан амалдаг. Төрд гараад бүгд мартдаг. Бид ажил хаялтын шат руу шилжихээс өөр аргагүй болж байна” гэв.
-АЖИЛ ХАЯЛТАД БАГШ, СУВИЛАГЧ, УРЛАГИЙН САЛБАРЫНХАН НЭГДЭХЭЭ МЭДЭГДЖЭЭ-
Тус холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Цалин нэмэх асуудлыг сүүлийн гурван жилд царцааж байна. Үндсэн цалинг нэмэгдүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэх шаардлага тавиад хоёр жил боллоо. Өнгөрсөн жилийн хувьд төрийн албан хаагчдад урамшуулал олгосон ч тэр нь маргаантай байгаа. Монголчуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ БНСУ-аас 11.7 дахин бага. Монголд бүтэн нэг жил ажиллахад БНСУ-д нэг сар ажилласантай адил цалин авч байгаа. Үүнд олон мянган хүн бухимдалтай байна. Тиймээс төр нөөцөө бүрэн шавхан зарим бүтээн байгуулалт нэрийн дор идэж ууж байгаа тендерээ багасгаад цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх цаг нь болсон. Хөдөлмөрийн хууль, Татварын хуульд ажилтнууд үндэсний компаниуд, шударгаар татвар төлж буй газруудын татварыг хөнгөлөх хэрэгтэй байна. Монголд хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байна. Сувилагч, бага ангийн сайн багш олдохоо больж байна. Энэ нь сард 400-500 мянган төгрөгийн цалинтай байгаатай холбоотой. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмж, хөдөлмөрийн нэг цагийн хөлсийг нэг ам.долларт хүргэх хэрэгтэй байна. Олон улсад энэ хэмжээ 5-15 ам.доллар байдаг. Бид Засгийн газарт энэ талаар шаардлага хүргүүлээд хоёр жил болж байна. Энэ талаар улсын хэлэлцээрт суухгүй бол энэ сард багтан орон даяар ажил хаялт зарлана. Хүүхэд, өвчтөнүүдээ хохироолгүйгээр ҮЭ-ийн байгууллага тэмцлээ үргэлжлүүлнэ. Засгийн газраас хэлэлцээрийг үргэлжүүлэх санал ирүүлж байна. Гэхдээ бид үр дүнг харж байж шийдвэр гаргана” гэлээ.
Жагсагчид:
УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4,5,6 дахь заалтыг цуцлахыг
Цалин хөлсийг царцаахаа зогсоохыг
ҮЭ-ийн ажил хаях эрхийг баталгаажуулахыг
Цалин хөлсийг нэмэгдүүлэхийг
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг
Цалингийн нэмэлт хэлэлцээрийг яаралтай эхлүүлэх зэрэг асуудлыг Төр засгаас шаардаж жагслаа.
Б.АМАРТҮВШИН