Categories
мэдээ нийгэм

Оюутны сургалтын зээл хүүгүй боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Оюутны хөгжлийн зээл” олгох талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Боловсролын зээлийн санг” шинээр байгуулж, үндэсний тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжын үйлчилгээ үзүүлэх тогтолцоог ид тод болгож хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутан суралцагсдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох зорилго дэвшүүлж байгаа юм.

Оюутны хөгжлийн зээл нь таван хувийн хүүтэй байсныг тус журмын төсөлд хүүгүй байхаар тусгажээ.

2018 оны төсөвт тусгагдсан 75 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 35,0-37,0 мянган оюутан, суралцагч авах боломж бүрдэж байна. Оюутан суралцагчид төгсөөд ажилтай, орлоготой болох боломжийг бүрдүүлж байгаа юм. Зээлдэгч дундаж төлбөртэй сургуульд бакалаврын боловсролыг 10 сая төгрөгийн зээл авсан гэж үзвэл эргэн төлөлтийн хуваарийн дагуу зургаан жилийн туршид сард 139,000 төгрөг төлөх юм.

Энэ үеэр БСШУС-ын сайд Ц. Цогзолмаа “Бид энэ асуудлыг шийдвэрлэж чадсан. Монгол улсын хэмжээнд 97 их дээд сургуульд 190 гаруй мянган оюутнууд сурч байгаа. Өнгөрсөн жил оюутнуудын дунд хийсэн судалгааны дүнд 90 тэрбум төгрөг баталсан байсан. Гэтэл банкны шалгуурын улмаас таван тэрбумын зээл олгогдсон. Оюутны тоогоор үзэхэд 2115 оюутан хамрагдсан байгаа юм. Энэ зээлийг оюутанд ээлтэй, гэр бүлд эдийн засгийн дарамтгүй байхаар шийдвэрлэж өгч байгаа. Энэ жил 75 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор төсөвт тусгасан. Цаашлаад 90 тэрбум болгох бүрэн боломж бий. Оюутнуудын тоонд харьцуулсан байдлаар судалгаа хийсэн. Их дээд сургуулиудад шударгаар хуваарилалт хийж байгаа. Зээлийн ач холбогдол оюутанд ээлтэй байхаас гадна их дээд сургуулиуд маань судалгааны их сургууль болоход санхүүжилтын боломж олгож байгаагаараа нийгэмд тустай болж байна. Бид бодитой дэмжлэг үзүүлж байгаа юм. Өмнө нь ганцхан бакалаврт зээл олгодог байсан бол одоо магистр, докторт зээл олгохоор болсон. Оюутнууд маань сайн суралцах, сайн мэргэжилтэн болох хэрэгтэй. Эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах нь чухал. Залуучууд маань хөгжил дэвшилээ дагаад өөрчлөгдөж байгаа Дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэгдэн гарах шаардлагатай. Тийм учраас сонгосон мэргэжилээсээ гадна өргөн суралцах боломжыг ашиглах хэрэгтэй. Гадаад хэлийг өөртөө заавал эзэмшүүлэх ёстой. Залуу насныхаа эзэн нь байж, суралцах, мэдэх насандаа зөвхөн сурахыг эрхэм болгоосой хэмээн хүсэж байна” гэлээ.

Боловсрол зээлийн сангийн зээлийн албаны дарга Э.Батсэлэм “Энэ жил 33,0 мянган оюутанд 75 тэрбум төгрөгийн зээл олгохоор төсөвт тусгагдсан. Шинээр ерөнхий боловсролын 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд ерөнхий шалгалтын оноо 600 дээш байх ёстой. Бусад оюутны хувьд 2,8 -аас дээш голчтой байж зээл авна. Нэгдүгээр курст орж байгаа хүүхдүүдэд 10 жилийн хугацаатай зээл олгогдохоор байгаа. Сургуулиа төгсөөд зургаан жилийн хугацаанд зээлээ төлнө. Зээлийн хэмжээ бол тухайн семестрийн сургалтын төлбөр. Оюутан голч нь буураад эхлэвэл зээлээс хасагдана. Дахиж голч оноогоо өсгөж байж зээл авна. Ирээдүйн орлогот нь тулгуурлаж зээл олгож байгаа. Хэрвээ зээлээ төлөхгүй бол Монгол банкны зээлийн санд холбож байгаа учраас дахин зээл авах эрхгүй болж байгаа юм. Ганцхан онооныхоо шалгууруудыг хангасан байх ёстой. Бакалаврын ангид давтан суралцахад зээл олгохгүй. Төгсөөд магистр, докторт зээл авах боломжтой. Үргэлжлүүлэн сурч буй бол зээл авч болно. Оюутны хөгжлийн зээлийн давуу тал нь суралцаж байх хугацаандаа ямарч төлбөр төлөхгүй. Ажлын байр дээр гараад зээлээ төлнө. Энэ жил олон оюутнуудыг хамруулна. Хамтран зээлдэгч,барьцаа хөрөнгө шаардахгүй. Мөн хүүгүй, урт хугацаагаар зээл олгож байгаа нь давуу талтай. Оюутанд үндсэн гурван шалгуур тавьж байгаа. Нэгдүгээрт магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд сурсан байх ёстой. Хоёрдугаарт онооны шалгуур, мөн тухайн семестэрт арваас дээш кредит цуглуулсан байх ёстой гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *