Categories
мэдээ нийгэм

Ирланд улстай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Ирланд улсын Их хурлын дарга Шон О’Фарел УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж, чиглэлийн талаар хөндөн ярилаа.

Ирланд улс нь боловсролын чанар, сургалтын хөтөлбөрөөрөө Европын орнууддаа сайшаагддаг өндөр эрэмбэтэй улсуудын нэг бөгөөд манай улсаас оюутан залуус хувийн журмаар тус улсад суралцдаг байна. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэхүү туршлагыг шат ахиулж, оюутан солилцооны чиглэлээр засгийн газрын түвшинд хамтарч ажиллах анхны санал тавьж дэмжлэг авснаар энэ ондоо багтаан оюутан солилцооны санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо. Мөн соёл, урлагийн салбарын хүрээнд Ирланд улсын соёлын агентлагаар дамжуулан соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулах боломж, шинжлэх ухаан ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр багш солилцох, сургалтын хөтөлбөрийн агуулгыг баяжуулах чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар дурдав.

Ирланд улс нь морин спортыг өндөр түвшинд хөгжүүлснээр улсынхаа аялал жуулчлалын томоохон хэсэг болгосон туршлагатай юм байна. Энэ хүрээнд сайн туршлага солилцон, морин спортын эрх зүйн орчныг сайжруулж, шинэ түвшинд гаргаж ажиллахыг УИХ-ын дарга М.Энхболд санал болгосны дагуу ажил хэрэг болгон ажиллах талаар хоёр тал санал солилцсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *