Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн нисэх онгоцны загвар, автомашины загвар зохион бүтээх дугуйлангийн сурагчдын үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Техник технологийн эрин зуунд хүүхдийн бүтээлч сэтгэлгээг дэмжих, автомашин, нисэх загвар, техник технологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, инженерийн анхан шатны мэдлэг чадвар олгох зорилготой юм. Үзэсгэлэнд нисэх онгоцны загвар зохион бүтээх дугуйлангаас 14 сурагч, автомашины загвар зохион бүтээх дугуйлангаас 40 сурагчдын нийт 54 бүтээл дэлгэгджээ. Тус үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх юм байна.
Энэ талаар Нисэх загварын багш Д.Лхагваа “Би нисэх пуужин загвараа хариуцаж ажилладаг. Манай дугуйланд гурваас 12 дугаар ангийн хүүхдүүд хичээллэдэг. Бид хүүхдэд ямар нэгэн шалгуур тавьж авдаггүй. Тухайн хүүхдийн сонирхолд тулгуурлаж авдаг. Анхан шатнаас нь эхлэн бүгдийг заадаг. Суралцагч хүүхдүүд шугам зургийн анхны мэдэгдэхүүнтэй болох ёстой. Шугам зургаас бүх юм эхэлнэ. Энэ үзэсгэлэнд манайх 30 гаруй бүтээл гаргасан. Хүүхэд бүхэн харилцан адилгүй. Одооны хүүхдүүд гар утас, компьютертэй ноцолддог болсон. Энэхүү сургалтанд хамрагдсанаар чөлөөтэй шугам зураг зурдаг болдог. Шугам зураг гэдэг бол техникийн цагаан толгой. Хүүхдүүд маань төгсөж гараад техникийн анхны мэдэгдэхүүнтэй болдог” гэлээ.
Авто загварын дугуйлангийн багш Н.Хэнмэдэх “Бид хүүхдийг техник сэтгэлгээтэй болгох, ирээдүйн зохион бүтээгч инженерүүдийг бэлдэх, багаас нь төлөвшүүлэх гэх зэрэгт анхаарч ажилладаг. Манай дугуйланд 70 гаруй хүүхэд явдаг. Өглөө орой хоёр хичээллэдэг. Автозагварын дугуйланд ихэнх хүүхэд сонирхолтой байдаг. Юм хийх хүсэл сонирхолтой хүүхдүүд их байна. Гараараа тодорхой юм хийж сурдаг байх хэрэгтэй гэж боддог. Ирээдүйн мундаг инженерүүд болоход асуудалгүй. Сайн хүүхдүүд олон бий. Манайд техник технологийн үзэсгэлэн ховор гардаг. Хүүхдийг бага наснаас нь өөрийн хүсэл мөрөөдөлд тулгуурлаж хичээллүүлэх нь чухал” гэв.
Б.НОМИН-ЭРДЭНЭ
Гэрэл зургуудийг Г.БАЗАРРАГЧАА