Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.03.30) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт”-ийн танилцуулгыг өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын 2016 оны 70 дугаар тогтоолоор “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл” батлагдсан бөгөөд Үндсэн чиглэлийн 2017 оны хэрэгжилтийг Засгийн газрын 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу яам, холбогдох агентлагуудаас авч нэгтгэн, үнэлгээ хийн ийнхүү танилцуулж байгаа аж.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 118 арга хэмжээнд давхардсан тоогоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримталаас 80.5 хувь буюу 95 арга хэмжээ, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 95.7 хувь буюу 113 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 8.5 хувь буюу 10 арга хэмжээ тусгагдсан бөгөөд нийт 5 бодлого, 17 зорилт, 118 арга хэмжээний биелэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт 79.3 хувьтай гарсан байна.
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн биелэлтийг бодлого тус бүрээр нь авч үзвэл:
Макро эдийн засгийн бодлого-90.0 хувь
Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого-66.8 хувь
Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого-77.0 хувь
Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого- 83.4 хувь
Засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого-86.5 хувьтай гарсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.