Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелыг өнөөдөр (2018.04.30) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үүний дараа Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нарын уулзалт эхэлсэн.
Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел нар албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн хоёр улсын парламентын тэргүүн нар Монгол Улсын Их Хурал, Ирланд Улсын Парламентын Доод танхим хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурна.
Монгол Улс Ирланд Улстай 1998 оны 12 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.