– ХЯТАДААС ИРҮҮЛСЭН ХИЛЭЭР НҮҮРС ГАРГАСАН ТОО МАНАЙ УЛСЫН ХИЛ ГААЛИЙНХНЫ ГААЛИЙН МЭДҮҮЛЭГТЭЙ ТААРЧЭЭ-
268 мянган тонн хулгайлж, хилээр давуулсан байж болзошгүй гэх асуудал нийгэм даяар шуугиан тариад байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын эхээр БНХАУ-д айчлал хийсэн. Тэрбээр айлчлал хийгээд буцахдаа Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтоор дайрч, Ханбогд, Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, нүүрс тээвэрлэлтийн компаниудын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Гашуунсухайт боомт дээр болсон уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд 268 мянган тонн нүүрс хулгайгаар хил гарсан талаар мэдээлсэн юм. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сангийн сайдыг хууль цагдаагийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахыг даалгаж “Монгол Улсын төсөвт төвлөрөх ёстой байсан өмч ямар хулгайчийнх нь гараар орж ингэж эзэнгүйдэж байгааг олох хэрэгтэй. Нүүрс хулгайлж зарж байгаа хүмүүсийг явах ёстой газар руу нь явуулах ёстой. Зарим нь ч явж байгаа” хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор 268 мянган тонн нүүрс төрийн өмчит ямар уурхайгаас алга болсон, 20 гаруй сая ам.долларын өртөг бүхий нүүрсийг ямар эрх дархтай албан тушаалтнууд хил давуулан зарсан, хил гаалийн бүрдүүлэлтийг хэрхэн хийсэн бэ, 268 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын ямар компанид өгсөн байж болох вэ, 20 сая ам.доллар хэн хэний халаасанд орсон бэ гээд хариулт нэхсэн олон асуулт хөврөх аж. Нүүрс алга болсон гэх асуудлыг АТГ, Эрүүгийн цагдаа, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдын хамтарсан баг шалгаж эхэлжээ. Албаны эх сурвалж ““Таван толгой” ХК-ийн 51 хувь нь төрийн мэдлийнх, 49 хувь нь орон нутгийн өмчид байдаг. “Таван толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” компани нэг дор үйл ажиллагаа явуулдаг компаниуд. Хоёр компанийн уурхай нэг мөргөцөг хэсгээр тусгаарласан байдаг юм байна. одоогоос хоёр жилийн өмнө хоёр уурхай хилийн цэгээ нарийн тогтоосон байдаг. “Таван толгой” компани хоёр уурхайг зааглаж байгаа нүүрстэй мөргөцөг цэгийг ухсан зүйл байгаа юм байна лээ. Гэхдээ хоёр компанийн хоорондын ажлыг хэсэг гарч шалгаад, уурхайн аюулгүй байдлыг хангах үүднээс мөргөцөг хэсгийг технологийн дагуу хийгдсэн ажил гэж тайлбарлаж байгаа” гэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛДОД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН БУРУУ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ҮҮ
УИХ-ын гишүүн Л.Энхболд төрийн өмчит Таван толгойтой холбоотой асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлсэн. Тэрбээр “Эрдэнэс Таван толгой компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар мэдээлэл байна. Мэргэжлийн хяналтын байцаагч хэмжилт хийгээд нүүрс алга болсныг тогтоочихсон. Энэ нь 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс юм. Уг асуудлыг гуравдугаар сарын 26-нд АТГ-т шалгуулахаар хандсан. 268 мянган тонн нүүрсийг хэдэн оны хэдэн сард тухайн мөргөцгөөс ямар компани авсан гэдгийг АТГ тогтоох хэрэгтэй. 2010-2011 онд гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүрс хилээр гарсан. Үүнийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдээгүй байна. 268 мянган тонн нүүрс энэ замаар алга болчихсон уу гэсэн хардлага байна. Дөрвөн сая хоёр зуун мянган тонн нүүрсийг мөн хулгайлсан байж болзошгүй мэдээлэл надад ирээд байна. Ард түмний баялгийг нийлж цөлмөдөг бүлэглэл бий болчихоод байна” хэмээсэн.
ХОЁР КОМПАНИЙН УУРХАЙГ ТУСГААРЛАЖ БАЙСАН МӨРГӨЦӨГ ХАНЫГ УХСАН НЬ ҮНЭН ГЭВ
“Таван толгой” компани, “Эрдэнэс-Таван толгой” ХК 268 мянган тонн нүүрсний асуудлаар албан ёсны тайлбар гаргасан. Компаниуд ““Эрдэнэс-Таван толгой” ХК албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж, нүүрс олборлож эхлэхээс өмнө тусгай зөвшөөрлийн хилийг нарийвчлан зааглаагүй байсан байдаг. Харин тус компани нүүрс олборлолт эхэлснээс хойш дундын хананы асуудал гарч ирсэн бөгөөд тавин жилийн турш нүүрсээ олборлож буй “Таван толгой” ХК олборлолт газрын гүн рүүгээ нэлээд явсан байсан нь хана үүсэх шалтгаан болсон юм. Гэвч уг асуудалд хоёр компанийн мэргэжлийн хүмүүсийн хамтарсан ажлын хэсэг гарч, нурах эрсдэл үүсээд байсан дундын ханыг буулгаж, аюулгүй болгосон. Мөргөцөг бүхий хана нь нуралт үүсэх эрсдэлтэй байсан учир хоёр компани хоорондоо ярилцаж байгаад хамтарч, хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Түүнээс бус хил давж, хөрс хуулан нүүрс олборлосон асуудал байхгүй гэнэ. “Таван толгой” ХК-ийн нүүрс олборлолтын талбай нь дөрвөн талаараа “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн эзэмшил талбайгаар хүрээлэгддэг учир өдөр бүр хамтарч ажиллах зайлшгүй шаардлага гардаг. Энэ бүхнийг гэрээгээрээ зохицуулж ажилладаг. Түүнээс бус хэн нэг нь илүү дутуу ашиглах, тэр тусмаа тонн тонноор нь нүүрс гаргах ямар ч боломжгүй. Хоёр уурхайг зааглаж байсан ханыг нураахад гарсан 268 мянган тонн нүүрс нь тэр чигээрээ цэвэр коксжсон нүүрс биш. Нүүрсний давхарга өөрөө олон давхаргатай. Өнгөн хөрс, саажсан нүүрс, исэлдсэн нүүрс гэх мэтчилэн чанарын шаардлага төдийлөн хангахгүй давхаргууд явж байгаад газрын гүн рүү нэлээд ухаж байж сайн чанарын коксжсон нүүрсийг олборлодог. Хэл ам болоод буй 268 мянган тонн нүүрс тэр чигээрээ коксжсон нүүрс байсан уу гэвэл үгүй. 200 мянган тонн нь саажсан, исэлдсэн, сул коксжих буюу чанарын шаардлага хангаагүй нүүрс болохыг тухайн үед хоёр компанийн маркшейдерийн баг гараад дүгнэсэн байдаг. Тэгэхээр 268 мянган тонн нүүрсийг хулгайгаар олборлосон гэх асуудал нь өрөөсгөл ойлголт” хэмээн мэдэгдсэн юм.
АТГ-ЫНХАН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАН ТООЦООГ ШАЛГАЖ БАЙНА
268 мянган тонн нүүрс хулгайлсан гэх хэргийг шалгаж байгаа АТГ-ын алба хаагчид хоёр уурхайг бүхэлд нь шалгаж эхэлжээ. Ашигт малтмалын газраас жил бүр батлуулдаг уулын ажлын төлөвлөгөөний дагуу ажиллаж байна уу, баталсан төлөвлөгөөний дагуу уурхайн ашиглалтын талбайн аль хэсгээс нүүрс олборлосон байна вэ, жилд хэдэн тонн нүүрс олборлосон, ямар компаниудад хэдэн сая тонн нүүрс нийлүүлээд байгаа, БНХАУ болон бусад гэрээтэй компаниас “Таван толгой” компани, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн дансанд орсон мөнгөн дүн зэргийг нарийвчлан шалгаж эхэлжээ. Мөн хоёр компанийн уурхайгаас гарч, хилээр давсан нүүрсний тайлан тооцоо Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын хилийн мэргэжлийн хяналт, Гаалийн байгууллагын тайлан тооцоотой тооны зөрүү гарч байгаа эсэхийг шалгаж байгаа гэнэ. Түүнчлэн үүнийг баталгаажуулахын тулд нүүрс тээврийн компаниудын нүүрс хилээр гаргасан тайланг хураан авсан байна. Өөрөөр хэлбэл, “Таван толгой” компани, “Эрдэнэс-Таван толгой” ХК, нүүрс тээврийн компаниуд, Гааль, Мэргэжлийн хяналт зэрэг таван байгууллагын тайлан тооцоог хянах, шалгах ажлыг эхлүүлжээ. одоогоор дээрх таван байгууллагын жилийн эцэс, сар бүрийн тайлан зэрэг тоо баримтууд хоорондоо мөргөлдөж байгаа гэнэ. Мөн БНХАУ-ын хил гаалийнхан ч компани тус бүр дээр нь хилээр гаргасан нүүрсний тайлан тооцоог гаргаж манай улсын хил гаалийнхантай тулгадаг байна. Хоёр улсын гаалийнхны нүүрс хилээр гаргасан тайлан тооцоо хоорондоо таарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, хил гаалийн бүрдүүлэлт огт хийлгүйгээр нүүрс хилээр гарсан асуудал огт байхгүй гэдэг нь тодорхой болжээ. Үүнээс гадна хоёр компанийн дансанд орсон мөнгө, зарлага, 2010 оноос хойш “Таван толгой” компани, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийг удирдаж байсан хүмүүсийн данс, холбоотой байж болзошгүй компаниудыг шалгах ажиллагаа хийгдэж байгаа гэнэ.