Categories
мэдээ цаг-үе

Т.Мандаа: Бид хоёр спортын талбарт багш шавь, талбайн гадна аав хүү байсан

Олон улсын хэмжээний мастер Алтангэрэл агсны аав спортын мастер Т.Мандаатай ярилцлаа. М.Алтангэрэл Монгол Улсын волейболын шигшээ багт 1991-2009 оны хооронд тоглож дээд лигийн тэмцээнд найман удаа түрүүлж байсан юм.


-Энэ өдөр таны хүү олон улсын хэмжээний мастер М.Алтангэрэл агсны нэрэмжит тэмцээнд болж байна. Тэмцээнд оролцохоор олон шилдэг мастерууд цугларчээ. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Миний хүү Алтангэрэлийн нэрэмжит тэмцээн өргөн дэлгэр сайхан болж байна. Монголын волейболын залуу, дунд, ахмад үеийн төлөөллүүд бүгд цугларчээ. Миний хүүтэй нэг үед өрсөлдөж байсан олон найз нь зорьж ирж, хүндэтгэж тэмцээнд оролцож байгаад нь их талархаж байна. Дан ганц тамирчид ч биш волейболд хайртай хөгжөөн дэмжигчид ч ордон дүүрэн ирсэн байна.

-Алтангэрэл агсан анх хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг байсан юм билээ. Аав ээж нь волейболчид байсан учраас энэ спортод орсон хэрэг үү?

-Хүү маань волейболчны гэр бүлд төрж өссөн ч хөнгөн атлетикаар спортын сууриа тавьж байсан. Хөнгөн чинь бүх спортын суурь техникийг хүнд суулгаж өгдөг давуу талтай л даа. Аав, ээж нь волейболын тамирчид байсан учраас тэмцээн уралдаанд оролцоход дагаад л явна. Тиймээс энэ спортод илүү татагдаж удам залгасан волейболын тамирчин болсон. Миний хань Н.Чимэдрэгзэн Монгол Улсын шигшээ багт 19761985 онуудад алба хашиж тэмцээн уралдаанд оролцож байсан. Би 1970-1980 онд шигшээ багт тоглож дасгалжуулагчаар олон жил ажилласан даа.

-Таны хүү анхны волейболын дасгалжуулагчдын нэг Ц.Дамба-Очир багшийн шавь гэж байсан. Энэ талаар ярихгүй юу?

-Миний хүү анхны волейболын багш нарын нэг Ц.ДамбаОчирын гурав дахь үеийн шавь болж Октябрийн районы идэрчүүдийн шигшээ багт тоглож тамирчныхаа замналыг эхлүүлсэн. Удалгүй 18-хан насандаа Улсын шигшээ багийн тамирчин болж, волейболын спортын мастер цол хүртсэн түүхтэй.

-Тамирчин болсон хойно нь хүүгээ дасгалжуулж олон тэмцээн уралдаанд өрсөлдүүлж байсан байх. Тэр дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?

-Би Монголын волейболын спортын төлөө тоглогч дасгалжуулагч хийж 30 гаруй жил хүчин зүтгэсэн. Гэсэн ч хүүтэйгээ хамт талбайд тоглож байсангүй. Харин багийн дасгалжуулагчаар нь хэдэн жил ажилласан. Олон тэмцээнд хамт оролцож ялж, ялагдаж байсан сайхан дурсамж бий. Дасгалжуулагчаар нь ажиллаж байхдаа багийн нөхөдтэй нь адилхан л хатуу шаардлага тавина. Волейболын талбайд гарахад нь багш шавь, энгийн үед аав хүү л байсан.

-Алтангэрэл агсан 17 настайдаа Монголын волейболын холбооны дээд лигт өрсөлдөж байсан юм билээ. Багийн дасгалжуулагчаар нь та ажиллаж байсан уу?

-Тийм, би багийн ахлах дасгалжуулагчаар нь ажиллаж байсан юм. Есдүгээр ангид байхдаа анх удаа дээд лигт орж тэр үеийн Монголын волейболын сор болсон тамирчидтай сайхан өрсөлдөж багаараа лигийн аварга болж байсан. Тэр үед нь хүү маань эрийн цээнд хүрлээ гэж дотроо хачин их баярлаж байсан минь өчигдөрхөн мэт л санагдаж байна. Тухайн үед улсын шигшээ багт дуудагдаж бэлтгэлд хамрагдаж том тамирчдаас их зүйл сурсан нь хожим сайн тамирчин болоход нөлөөлсөн.

-Таны хүүгийн тоглолтын арга барил онцлог нь юу байсан бэ?

-Алтангэрэл тал бүрийн ур чадвартай тэгшхэн тоглогч байсан. Талбайд гараад довтолно, хаалтанд үсэрнэ, хамгаалалтад ч их нэмэртэй тоглодог. Мөн давуулалтыг их сайн гүйцэтгэнэ. Багийн гол тоглогчийн үүргийг л гүйцэтгэдэг байсан даа. Энэ сайн чанаруудаараа багийнхаа сэтгэл зүйг өргөж амжилтад хөтөлдөг тамирчин байсан даа. Сэтгэл зүйн хувьд их тайван. Талбай дээр багийн нөхдөдөө уурлаж, загнана гэж байхгүй.

-Алтангэрэл агсан лигийн тэмцээнд найман удаа түрүүлж байсан шүү дээ. Хэзээ түрүүлэхэд нь хамгийн ихээр баярлаж байв?

-Олон тэмцээнд оролцож түрүү байр авч тэргүүн тоглогчийн шагнал гардаж байсан даа. Тэр дундаас хамгийн анхны түрүү нь сэтгэлд тод үлдсэн байдаг. 17 настай хүүхэд чинь аав ээждээ бол нялхаараа шүү дээ. Нялх хүү маань насанд хүрэгчдийн шигшээ багт дуудагдаж бэлтгэл хийгээд, лигийн аварга болоход магнайгаа хагартал баярласан. Сүүлд олон улсын хэмжээний мастер цолоор энгэрээ мялаахад нь их баяртайгаар хүлээж авсан. Амжилт үзүүлж одон медалиар шагнууллаа гээд хүү маань бэлтгэлээ цалгардуулж байсан удаа байхгүй. Энэ чанар нь лигийн тэмцээнд олон удаа түрүүлэхэд нөлөөлсөн шүү.

-Та хүүгийнхээ эсрэг баг дасгалжуулж өрсөлдөж байсан удаа байгаа юу. Алтангэрэл агсан шиг тамирчин эсрэг багт байх амаргүй биз?

-Хэд хэдэн удаа тоглож байсан. Багийнхандаа бол “Бэлтгэл дээр ярилцсан заавар зөвлөгөөгөөр тогло” гэж хэлнэ. Мэдээж эсрэг багт бүх талын тоглолттой тамирчин байхад амаргүй. Хэзээ ч, ямар ч довтолгоо ирж болох учраас тааварлахад хэцүү.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *