Categories
мэдээ цаг-үе

Д.Нямхүү: Спорт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өөртөө итгэх итгэл төрүүлж өгдөг

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын анхдугаар наадам ирэх сарын 2931ний өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулагдана. Анхдугаар спортын наадамд дифлимп, паралимп, тусгай олимпийн төрөлд 493 хүүхэд өөр, өөрсдийн ангиллын дагуу өрсөлдөх юм. Тэмцээний талаар Монголын үндэсний паралимпийн холбооны ерөнхийлөгч Д.Нямхүүтэй ярилцлаа.


-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын анхдугаар наадам найман төрлийн спортоор явагдах юм байна. Ямар ямар спортын төрлөөр зохиогдох вэ?

-Анхдугаар спортын наадмаар найман төрлийн тэмцээн уралдаан явагдана. Үүнд жүдо, хонхот бөмбөг, шатар, хөнгөн атлетик зэрэг төрлүүд багтаж байна. Анхдугаар спортын наадамд 493 хүүхэд оролцох болно. Энэ тэмцээнийг цаашид жил бүр зохион байгуулна. Эхний удаад төвлөрсөн тусгай сургуулийн хүүхдүүдийг түлхүү хамруулж байгаа.

-Монголд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэдэн хувь нь спортын арга хэмжээнд хамрагддаг вэ?

-Монголд хөгжлийн бэрхшээлтэй 20-30 мянган хүүхэд байдаг юм билээ. Үнэнийг хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандсан спортын арга хэмжээ зохиогдож байгаагүй. 2009 онд би энэ ажлыг авсан цагаас хойш хүүхдүүд рүү хандсан арга хэмжээ зохиох талаар ярилцдаггүй байсан. Олимпийн наадам, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн хооронд бага хугацаа байсан учраас амждаггүй байлаа. Одоо нэг талаасаа амьсгаа авч байна. Нөгөө талаасаа ирээдүйн тамирчдын эх суурийг тавихын тулд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг татан оролцуулж, дотроос нь шинэ залуу тамирчдыг бэлтгэх шаардлага гарч байгаа юм. Энэ тухай саналаа Биеийн тамир, спортын улсын газрын дарга Ц.Шаравжамцад хэлэхэд нааштай хүлээн авч “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын наадмыг зохион байгуулъя, наадмыг хийхэд БНХАУ-ын “Гранд Чайна спорт” групп дэмжиж ажиллах боломжтой” гэж хэлсэн. Үүнийг ч бид баяртайгаар хүлээн авч хамтарч зохион байгуулж байгаа. Цаашдаа энэ арга хэмжээ өдөрлөгүүдийг өргөжүүлж, цар хүрээг нь тэлж өгөхийг зорьж байна.

-Хөдөө орон нутагт аж төрж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд анхдугаар спортын наадамд оролцох боломжтой юу. Татан оролцуулахын тулд зохион байгуулагчид ямар ажил явуулж байгаа вэ?

-Анхдугаар наадамд хөдөө орон нутгаас цөөхөн хүүхэд оролцож байгаа. Дараагийн тэмцээнүүнэд илүү олон хүүхэд хамрагдах байх. Үүний тулд бид хөдөө орон нутагт салбар холбоодыг байгуулахаар ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү хандсан ажил хийхэд хэд хэдэн байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Халамжийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиуд ойр ажиллах хэрэгтэй. Мөн орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллах хэрэгтэй байна л даа. Гэтэл энэ тал дээр манайд санаачилга их муу байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэдийн нийгэмд амьдарч байгаа орчныг сайжруулахын тулд арга хэмжээ авч байгаа албан байгууллагууд гарын арван хуруунд багтахаар цөөн.

-Тэмцээд оролцсон хүүхдүүдийг цааш нь хөгжүүлэх талаар танай холбооноос ямар ажил явуулж байгаа вэ?

-Спортын шинжлэх ухааны эрдэм шинжилгээний төв шинээр байгуулагдсан байгаа. Анхдугаар спортын наадмаас шалгарсан хүүхдүүдийг тус төвтэй хамтарч ямар спортын төрлөөр илүү амжилт гаргах магадлалтайг нь тогтоож өгнө. Өмнө нь сагсны авьяастай хүүхэд хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан асуудал алга болно гэсэн үг. Амжилт гаргах хамгийн өндөр магадлалтай спортын төрөл рүү нь оруулаад хичээллүүлнэ. Ингэснээр илүү үр дүн гарч шинэ залуу тамирчид олноор төрөн гарах болно.

-Төрөөс ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

-Сая Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгайлсан агентлаг байгуулах шийдвэр гаргаж байна. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахад том түлхэц болно гэж би хувьдаа харж байгаа. Манай холбоо энэ байгууллагатай ойрхон хамтарч ажиллах болно. Мөн УИХ-ын гишүүн асан С.Оюун тусгай олимпийн ерөнхийлөгч хийж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжиж ажиллаж тэмцээнд оролцуулж байсан.

-Тусгай олимпт орсон хүүхдүүдийг хаанаас олж, хэрхэн бэлтгэсэн бэ?

-Монголын Үндэсний паралимпийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Оюунбат дауны хомсдолтой, аутизмтай хүүхдүүдийг гудамжнаас олж бэлтгэл сургуулилт хийлгэж тусгай олимпт оролцуулж байлаа. Ийм хүүхдүүдтэй эцэг, эх сэтгэл зүйн хувьд хамгийн хүнд зовлон бэрхшээлийг туулдаг юм билээ. Гэхдээ хүүхдийг нь ийм ажиллагаанд татаж оролцуулахад хандлага нь өөрчлөгдөж дэмжиж байсан. Тусгай олимп гарч ирсний дараагаар БНСУ-ын тусгай олимпийн хороотой хамтарч хэд хэдэн олон улсын тэмцээнд оролцож байсан шүү.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор хичээллүүлэхийн ач тус нь юу вэ?

-Олон сайн талтай. Жишээ нь, тэргэнцэртэй нэг хүүхэд байхад дэлхийн нийгмийн хандлага нь эрүүл хүүхдүүдтэй хамт сургадаг болсон. Анги хамт олон нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ад үзэхгүй байхаар хүмүүжсэн байдаг тул нөгөө хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдэхгүй өснө. Энэ ч утгаараа олон найз нөхөдтэй байдаг. Харин манайд тусгай сургуульд хашчихдаг. Нийгэм энэ хүүхдүүдийг ойлгохгүй учраас бусад нь хараад доог тохуу хийнэ. Ийм ч учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гутарч өөрийгөө дорд үзэх гээд байдаг талтай. Спорт бол тэр хүүхдүүдэд өөртөө итгэх итгэл төрүүлж, эрүүл хүүхдүүдээс зарим талаараа илүү гэх сэтгэхүйг суулгаж, нийгэмшүүлж өгдөг. Ер нь хүүхэд тоглож наадаад, спортоор хичээллэж эхлэх үедээ эрүүл ч бай, хөгжлийн бэршээлтэй ч бай сэтгэл ханамж авдаг. Энэ бол хүүхдүүдийг энэ нийгэмд сайн хүн болгохыг зорьж байгаа хэрэг.

-Өнөөдөр Монголын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид бэлтгэлээ яаж базааж байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан ордон байгуулагдах юм бол бидэнд том боломж нээгдэнэ. Өнөөдөр суугаа волейболын тамирчид энд тэндэхийн спорт заалуудыг шөнө нь угааж өгчихөөд, цалинд нь бэлтгэлээ хийж байгаа. Жүдо бөхийн тамирчид стандарт бус зааланд эрүүл тамирчидтай хамт бэлтгэлээ базаадаг. Стандарт зааланд бэлтгэл хийх боломж нөхцөл хомс байгаа учраас тамирчдаа БНХАУ, БНСУ, Япон зэрэг орнууд руу аваачиж хамтарсан бэлтгэл хийлгэж олон улсын тэмцээнд бэлддэг.

-Монголын паралимпийн үндэсний холбоо цаашид ямар зорилго тавьж ажиллаж байна вэ?

-Бид 2012 оны Лондонгийн олимпийн дараагаас 2016 оны олимпийн наадамд бэлтгэж медаль авах зорилго тавьж ажилласан. Үүний үр дүнд хоёр хүрэл медаль авсан. Одоо ирэх олимпийн наадамд алтан медаль авахаар төлөвлөөд явж байна. Мөн залуу үеийн тамирчдыг бэлтгэхээр ажиллаж байгаа.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *