Монгол Улсад генерал цол бий болсны 74 жилийн ой, “Генералуудын өдөр” маргааш /2018.04.28/ тохионо. Энэхүү түүхт өдрийг угтан өнөөдөр ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн эрхэм хүндэт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генералууддаа хүндэтгэл үзүүллээ.
Анх 1944 онд манай улсад эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт генерал цолыг олгох журам гарч, үүний дагуу мөн оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарын 11 хүнд анх удаа генерал цол олгосноос хойш энэ эрхэм хүндтэй цолыг нийтдээ 184 хүн хүртээд байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас анх Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга, хурандаа Ц.Нансалжавт БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1961 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор хошууч генерал цол олгосноос хойш 1965 онд хошууч генерал Р.Гүнсэн, 1971 онд хошууч генерал С.Бүдрагчаа, 1978 онд хурандаа генерал Ж.Авхиа, 1978 онд хошууч генерал А.Думбурай, 1979 онд хошууч генерал О.Отгонжаргал, 1981 онд хошууч генерал С.Дамдинсүрэн, 1990 онд хошууч генерал Б.Пүрэв, 1996 онд хошууч генерал Ч.Амарболд, 2002 онд хошууч генерал Д.Сандаг-Очир, 2007 онд хошууч генерал М.Ганболд, 2010 онд бригадын генерал А.Дулаанжаргал, Т.Хүрэлбаатар, 2013 онд бригадын генерал Б.Билэгт нарын 12 хүн энэ эрхэм цолыг хүртжээ.
Цагдаа, дотоодын цэргээс төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм.Та бүхнийг минь Монгол цагдаагийн суу алдар, сүр хүч, сүлд хийморь мөнхөд ивээж, урт удаан наслах болтугай.