ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнод тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутневийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн “ОХУ-ын Алс Дорнод ба Монгол Улс: Хамтын ажиллагааны боломжууд” сэдэвт дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдлаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин уг уулзалтыг нээн, амжилт хүсэж хэлсэн үгэндээ “Миний бие Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд манай хоёр орны бүх түвшний байгууллагуудын дунд хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө та бүхнийг бүхий л талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн” хэмээн хоёр орны бизнес эрхлэгчдэд хандан хэлэв.
Бизнесийнхний уулзалтын үеэр ОХУ, тэр дундаа Алс Дорнодын зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй Монголын аж ахуйн нэгжүүдийн сонирхсон асуултад ОХУ-аас хүрэлцэн ирсэн албаны хүмүүс мэдээлэл өгч хариуллаа.
Монгол Улсын Шадар сайдын ивээл дор ирэх сард Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар, Хөгжлийн банк болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Монгол, Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл дэх хамтын ажиллагаа”, “Монгол, Оросын хил орчмын аймаг мужуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтуудыг зохион байгуулахаар ажиллаж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр улсын бизнесийнхэнд энэ үеэр мөн дуулгасан гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.